8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм:МУ өрсөлдөх чадвараар бүс нутагтаа "СҮҮЛ" мушгиж, Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлсэн өдөр

2017-09-28 18:45:00

“Эрсдэлийг боломж болго энэ өнөөдөр сонссон хамгийн сайхан үг. Эрсдэлгүй зүйл гэж үгүй. Аливаа зүйлээс гарч болох эрсдэлийг урьдчилан тооцоолсноор түүнийг боломж болгож чадвал эрсдэл нь боломж болох аж. Өнөөдөр магадгүй маргааш гарч болох эрсдэлийг та боломж болгож чадвал амжилт руу хүрэхэд нэг шат ахиж байгаагийн илэрхийлэл юм. Үдэш бүрийн энэ цаг мөчид улс оронд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу.

Монгол улс өрсөлдөх чадвараар бүс нутагтаа "СҮҮЛ" мушгилаа

Швейцарийн Женевт төвтэй World Economic Forum байгууллага Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2017-2018 гаргасан байна. Дэлхийн эдийн засгийн хямралаас хойшхи 10 жилийн хугацаанд дэлхийн улс орнууд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шаардагдах шинэчлэлийг хийж байгаа боловч, эдийн засгийн тогтвортой сэргэлт нь эрсдэлтэй хэвээр байгааг энэ жилийн тайлан харууллаа гэсэн байна. Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд нийт 137 орныг 12 шалгуур үзүүлэлтээр үнэлснээс Монгол улс 101 дүгээрт жагссан байна.  
Өнгөрсөн жил Дэлхийн өрсөлдөх чадварын 2016-2017 оны тайлангаар манай улс 138 орноос 102-т жагсаж байсан билээ. Харин өнгөрсөн жил тэргүүлсэн улс орны тоонд Швейцарь, Сингапур, АНУ, Голланд, ХБНГУ, Швед, Их Британи, Япон, Хонг Конг, Финланд гэсэн арван улс тэргүүн байранд жагсаж байсан билээ. 

Харин энэ жилийн тухайд  өрсөлдөх чадвараар тэргүүлэгч орнуудад

1.    Швейцарь
2.    АНУ
3.    Сингапур
4.    Нидерланд
5.    Герман
6.    Хонг Конг
7.    Швед
8.    Британи
9.    Япон
10.    Финланд орлоо. 

Харин сүүлийн арван байранд голдуу Африкийн орнууд орсон байна. 

1.Венесуэл
2. Гайти
3. Бурунди
4.Серра Леон
5. Лесото
6. Малави
7.Мавритани
8.Либери
9. Чад
10.Мозамбик гэсэн орнууд сүүл мушгисан байна. 

Одоогийн байдлаар манай орон тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаар 2030 он гэхэд эхний 70 орны тоонд орно гэсэн зорилтыг тавиад байгаа талаар эдийн засагчид өнгөрсөн жил мэдээлэл хийж байсан. Гэхдээ эхний 70 орны тоонд ороход манай улсад маш их хугацаа орно гэдгийг та дээрх мэдээллээс анзаарсан болов уу. Яагаад гэхээр манай улс 2016 онд 102 дугаар байранд орж байсан бол 2017 он буюу энэ жил дөнгөж нэг байраар урагшилж 101 дүгээр байранд орсон байх жишээтэй. Энэ нь өрсөлдөх чадвараар бүс нутагтаа сүүл мушгисан гэсэн үг. Ази, Номхон Далайн бүс нутагтаа хамгийн сүүлд орсон байна. Дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг улсуудын тоонд Швейцарь, Сингапур, Америк гэх мэт улс багтдаг. Эдгээр орнуудтай харьцуулахад манай улс тун хангалтгүй үзүүлэлтэй байна. Сүүлийн жилүүдэд манай улсад нүүрлэсэн эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдал мөн энэхүү үзүүлэлтэнд нөлөөлсөн байх магадлалтай. 
Улс орны өсөлтийг тодорхойлдог 12 үзүүлэлтээс манай орны хувьд хэдхэн үзүүлэлт дээр өнгөрсөн жил  бага зэргийн ахиц гарсан байсан. Тухайлбал макро эдийн засгийн орчин гэдэг үзүүлэлтээр 0,4 хувиар, дээд боловсрол мэргэжлийн сургууль, технологийн бэлэн байдал гэсэн үзүүлэлтээр 0,1 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан нь бусад оронтой харьцуулахад үлэмж хэмжээний ахиц гарсан байна гэсэн үг.

Харин энэ жилийн тухайд манай улс дэд бүтцээрээ 137 орноос 108 жагссаж байна. Харин Макро эдийн засгийн орчин 138 орноос  89-д 4.37, эрүүл мэнд ба анхан шатны боловсролоороо 138 орноос  85-д 5.59 жагсаж 1 байраар урагшилсан байна. 

ИНЕГ-т 469 албан хаагчийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилсон нь илэрлээ

Авлигатай тэмцэх газраас яам, агентлагууд дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан дүнгээ энэ сарын 25-наас эхлэн хэлэлцүүлж эхэлсэн. Өнөөдөр Зам тээврийн хөгжлийн яаманд ажилласан тайлангаа хэлэлцүүлжээ. Тайланг хэлэлцүүлэхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо, Улсын ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат болон Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцсон байна.

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Зам тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа агентлагуудын 2015 оноос хойшхи үйл ажиллагаатай танилцсан юм.

Тус яаманд төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилсон байх бөгөөд эдгээр 9 албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд буюу тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор гаргаагүй хугацаа хоцроосон байна. Мөн салбарын хэмжээнд таван хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй албан тушаалд томилсон, яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон байна. 

Мөн тус яам, агентлагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, ил тод болгох, ялангуяа тусгай зөвшөөрөл болон улс хооронд ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах нэн шаардлагатай бөгөөд зарим ажил, үйлчилгээг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар судалгаа хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг танилцуулжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Энэ мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг залруулах ёстой. Төрийн захиргааны албан тушаалд 9 хүн гэрээгээр ажиллаж байгаа нь төрийн албаны сонгон шалгаруулалтын зарчмыг зөрчсөн үйлдэл. Ийм явдал байж болохгүй. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүдээс гаргасан санал, зөвлөмж, шийдвэрийг Төрийн албаны зөвлөл цаашид өөрийн хамаарах ажил үүргийн хүрээнд анхаарч, хамтран хэрэгжүүлэх болно. Төрийн албаны зөвлөл Авлигатай тэмцэх газар шиг ингэж төрийн бүх байгууллагууд руу орж ажиллахаар төлөвлөж байгаа. Энэ ажлыг эсэргүүцэж болохгүй. Энэ бол та нөхдийг хууль зөрчиж гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж байгаа арга хэмжээ шүү” гэж хэллээ.

Ерөнхий аудиторын зөвлөх А.Энхбат Зам тээврийн салбарт хуулиас давсан журам үйлчлээд байна. Яам болон агентлагийн 2015, 2016 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн.Төсөв хэтэрсэн, хэтрүүлсэн асуудал байгаа. Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Энэ мэт зөрчил олон байгаа учраас танай салбарт тусгайлан санхүүгийн болон эрсдлийн аудит хийх болно” гэлээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болсон. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол гээд хүлээлгэх ял шийтгэлийг заагаад өгчихсөн. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэдэг нь заавал тодорхой хохирол шаардахгүй гэсэн үг. Тэгэхээр төрийн албан хаагчид аа, та бүхнийг авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд бид энэ ажлыг зохион байгуулж байгаа юм. УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсаныг та бүхэн мэднэ. Энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд ямар түвшинд байгааг үзэж харах нь бидний хоёр дахь зорилго. Бид та нарын мууг үзэх гэж, эсвэл ажил хийсэн болж нийгэмд харагдах гэсэндээ энд суугаагүй юм шүү. Шинээр гарсан хууль тогтоомжтой танилц, сургалт ав. Бид авлигатай тэмцэх ажлыг иргэд, олон нийтийн хяналтад өгөх бодлого хэрэгжүүлж байгаа. Танай салбарт 3 иргэн та нарын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Тэр хүмүүс бол Олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн гишүүд юм шүү” гэж хэлэв.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд яам, агентлагт ажилласан тайлан, дүн мэдээндээ үндэслэн Засгийн газарт зөвлөмж өгөхөөр бэлтгэж байгаа юм. Зам тээврийн салбарын хэмжээнд дараах хэд хэдэн чиглэлээр зөвлөмж хүргүүлэхээр хэлэлцүүлгийн төгсгөлд шийдвэрлэлээ. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын одоогийн статусыг өөрчлөх, навигацийн орлогыг хянах, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагаанд санхүүгийн байгууллагаар мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт гаргуулах, хууль тогтоомжийн хүрээнд ил тод байдлыг хангуулах,  гэрээт ажилтнууд олноор ажиллуулж байгааг хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах, Засгийн газраас баталсан бүтэц, орон тооны тогтоолыг зөрчиж газар, хэлтсийн дор “Алба” гэсэн нэгж ажиллуулж удирдах албан тушаалтны орон тоог нэмж байгаа зөрчлийг арилгуулах зэрэг зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд томилгоо хийх эрх зүйн чадамжтай юу

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон байна. Ж.Болормаа нь Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр зэрэгтэй гэнэ.  Томилогдохоосоо өмнө Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан юм. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар тамга тэмдэгээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө БСШУЯ-д чухал хариуцлагатай албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргыг томилсон нь олны анхаарлыг татаж байна. 2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Б.Баярсайханыг ажлаас нь халах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа. Шүүхийн шийдвэр гараагүй байхад дараагийн ТНБД-ыг томиллоо. Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд томилгоо хийж болох уу. 

Зарим нэг улс төр судлаачид үүрэг гүйцэтгэгч Засгийн газар ямар томилгоо хийх, Эдийн засаг, улс төрийн чухал хариуцлагатай шийдвэр гаргах эрхзүйн чадамжгүй хэмээн дүгнэж байгаа. 

Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үедээ "бүтэц биш бүрэлдэхүүнд нь өөрчлөлт хийнэ" хэмээн хэлсэн. Тэгэхээр яамдуудын сайд, дэд сайд, яамны ТНБД-ыг халж, шинээр томилно гэсэн үг. Гэтэл шинэ Засгийн газар бүрдэх нь тодорхой болчихсон, долоо хоног хүрэхгүй хугацаа үлдсэн байхад эрх зүйн чадамжгүй үүрэг гүйцэтгэгч Засгийн Газар томилгоо хийх шаардлага байсан уу. БСШУЯ ТНБД-гүй бүтэн хоёр сар болж байхад тэр үед томилгоо хийгээгүй  мөртлөө, ингэж яаран томилгоо хийж байгаа нь ямар учиртай вэ. 

Шинээр томилогдсон Ж.Болормаа Дорнод аймгийн харъяат. Физик математикийн багш мэргэжилтэй нэгэн. Харин одоо та бүхэн БСШУЯ ТНБД Ж.Болормаагийн боловсролын байдал, ажлын туршлагатай танилцна уу. 

Төгссөн сургууль, мэргэжил

1. 1972-1982 онд Дорнод аймгийн 1-р арван жил

2. 1982-1986 онд Улсын багшийн дээд сургуулийн Физик математикийн багш мэргэжлээр төгссөн.

3. 1994-1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтэд Төрийн удирдлагын менежер

4. 2001-2003 онд МУБИС-ийн Боловсрол судлалын шинжлэх ухааны магистр хамгаалсан.

Мэргэшлийн бэлтгэл:

1. 2005-2006 онд БНХАУ-ын Хөх хотын багшийн сургуульд

2. 2008-2009 онд БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуульд удирдах ажилтны курс

3. 2009-2010 онд БНСУ-д мэргэжил дээшлүүлэх курс

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

1. 1986-1995 онд Дорнод аймгийн 1-р арван жилийн сургуулийн Физик математикийн багш

2. 1995-1996 онд МАН-ын удирдах төв аппаратийн Улс төрийн ажилтан

3. 1996-1997 онд УИХ дахь МАН бүлгийн Боловсролын асуудал хариуцсан референт 

4. 1997-2000 онд УИХ-ын хурлын гишүүний орон тооны ажилтан

5. 1997-2000 онд НАМЭХ-ны Гүйцэтгэх захирал

6. 2000-2012 онд Нийслэлийн боловсролын газрын Дэд даргаар тус тус ажилласан.

2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирлаар томилогдон ажилласан. 

МАН-ын бүлэг маргааш хуралдана

Маргааш  УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах тов гарсан байна. Ирэх даваа гаригт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ.  Бүлгийн хурлаар  намрын чуулганы нээлт, тухайн өдөр хэлэлцэх Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар  ярилцах бололтой.  Намын бүлгийн хуралдааныг  маргааш 11:00 цагаас Төрийн ордонд хийхээр төлөвлөж байна. 

Д.Оюунхорол: Төрийн ажил нэг ч хором зогсох учиргүй

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын бага хурал болж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Засгийн газрын гишүүн байсны хувьд Засгийн газраа огцруулж, шинэ Ерөнхий сайдыг тодруулж байгаа энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-МАН дүрмийнхээ дагуу Намын бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодрууллаа. Манай нам ардчилалтай нам. Олонхийн шийдвэрээ хүлээн зөвшөөрөөд хамтран ажилладаг. Би 20 гаруй жил улс төрийн халуун тогоонд чанагдахдаа Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж байсан хүний хувьд түүнийг улстөрчийнх нь хувиар сайн мэднэ. Тиймээс төрийн ажлын залгамж чанарыг хадгалж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд Засгийн газрын сайд нар үүрэг гүйцэтгэгч болчихлоо. Танай яамны ажил хэвийн явагдаж байгаа юу?

-Төрийн ажил залгамж шинж чанараараа үргэлжлээд л явж байна. Засгийн газрыг огцруулсан ч үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүд төрийн ажлыг тасалдуулахгүй хийх үүрэгтэй. Угаасаа төрийн ажилд хоёргүй сэтгэлээр хандаж  сурсан бидний суурь хүмүүжил  юм даа. Энэ засгийн газар өнгөрсөн 1.2 жилийн хугацаанд сайн ажилласан гэж боддог. Мэдээж алдаж оносон зүйл байгаа байх. Гэхдээ алд дэлэм алдаа байгаагүй гэж бодож байна. Цаг хугацааны шалгуураар аяндаа юу болсон бэ гэдэг нь дүгнэгдэнэ биз дээ.  Хэдийгээр үүрэг гүйцэтгэгч болсон ч гэсэн манай яамны ажил хэвийн явагдаж байгаа. Төрийн нэг хором ч зогсох учиргүй.

Засгийн газарт ажиллаж байгаа хүн бүр л сайн ажилласан гэж байхад огцруулах кноп дарсан нөхөд муу дүн тавьсан шүү дээ?

-Өр зээлээ төлж чадахгүй улмаас дампуурлаа  зарлахад тулаад байсан эдийн засагтай, албан ба албан бус хэд хэдэн төсөвтэйн улмаас санхүүгийн хариуцлага сахилга бат алдагдсан, төр засагтаа итгэх иргэдийн сэтгэл санаа алдагдсан, гадаадын хөрөнгө оруулалт зогссон ийм л  Засгийн газрыг бид хүлээн авсан шүү дээ. Энэ болгоныг засахын тулд улсын нэгдсэн нэг төсвийн бодлого хэрэгжүүлэх, төсөв санхүүгийн хариуцлага сахилга батыг чангатгах, Олон улсын валютын сантай хамтран ажиллах гэрээ байгуулах гээд олон арга хэмжээг хэрэгжүүлснийг та бүхэн мэдэх байх аа. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж өсөлт гарч, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл ч нэмэгдсэн. Монгол улсын нэр хүндийг ч олон улсад өсгөж чадлаа. Хасах 1.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт өнөөдөр 5.6 хувь болсон нь ажил гайгүй явсны үр гэж бодож байна.

Энэ бүх ажлыг хийхэд эдийн засгийн хувьд ч улс төрийн нөхцөл байдлын хувьд ч амаргүй үе байсан. Олон улсын байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гэх мэт улс төрийн шийдвэрүүд ч ажлын явцад бэрхшээл учруулж байсныг хэлэх нь зөв гэж үзэж байна.

-Танай яамны гол анхаарал хандуулсан чиглэл юу байв?

-Монгол орны байгаль экологийн тэнцвэр алдагдаж байна, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нэлээн хүчтэй явагдаж байна. Үүний нэг илрэл нь  олон гол горхи мөрөн хатаж ширгэж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна, мөн хотын хөрсний бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар хотын усан хангамжийн асуудал, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил, үүнийг тойрсон олон асуудлууд байна. Үүнээс гадна Тусгай хамгаалалтай газар нутгаа бэхжүүлэх, хөрөнгө мөнгө татах, Олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийхэд төсөв санхүү хүнд байгаа учраас  олон улсын байгууллагууд руу хандах, гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хөрөнгө мөнгө татаж төлөвлөсөн ажлуудаа  хэрэгжүүлэхийг зорьсон.

Тарвага агнахыг хориглосон тухай мэдээлэл гараад байгаа. Ямар хугацаанд хориглох шийдвэр гарав?

-Тарвагатай аймгуудад тарваганы тооллого хийж, ашиглалт явуулах эсэхийг шийдвэрлэх чиглэлийг аймгийн Засаг дарга, Байгаль орчны газрын дарга нарт өгч, Засаг дарга нартай байгуулдаг гэрээнд тусгасны дагуу эхнээсээ аймгууд судалгаагаа хийж мэдээ, тайлангаа ирүүлж байгаа. Хууль бус анг таслан зогсоох, нөөцийн ашиглалтыг хариуцлагатай болгох үүднээс агнуурын бүс нутгууд байгуулан, зөвхөн агнуурын бүс нутагт ан агнах бодлогын арга хэжмээг авч байна. Энэ хүрээнд тарвага агнахыг 3 жилээр хориглосон шийдвэрийг гаргасан. Мөн түймрээс сэргийлэх зорилгоор хавар намрын хуурайшилттай үед бугын ясан эврийг ойгоос түүж бэлтгэхийг хориглосон байгаа. Манай яамны зүгээс Шинжлэх ухааны академи болон иргэний нийгмийн байгууллагуудтай ан амьтан ургамлын судалгаа шинжилгээ хийж, байнга хамтран ажилладаг. Амьтныг хамгаалах, ашигт шинж чанар бүхий амьтны нөөцийг тогтоох, зохистой тогтвортой ашиглалтыг явуулах мэдээлэлтэй болох чухал байгаа. 2017 оноос эхлэн ашигт чанар бүхий амьтнаас аргаль хонь, янгир ямааны тоо толгой, ашиглах нөөцийн судалгааг монгол орны хэмжээнд явуулах ажлыг эхлүүлсэн.

Дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортод гаргахыг хориглосон. Өмнө нь хориглох шийдвэртэй байсныг та зөвшөөрлийг эргээд олгосон гэх мэдээллүүд гарч байна?

-Иргэдийн яриад байгаа шиг нэг сайд тушаал гаргаад нэн ховордсон ургамлыг түүх, экспортлохыг зөвшөөрчихдөг юм биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тухайлбал, орон нутгийн удирдлагууд манай яаманд тухайн орон нутагт ургаж буй ховор ургамлын нөөцийн талаарх мэдээллийг ирүүлж, эрдэмтэд судлаачдын судалгаан дээр үндэслэн сайдын зөвлөлийн хурлаар цаашид хэрхэх вэ гэдэг шийдвэрийг гаргадаг. Сайдын зөвлөлийн хуралд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүс багтдаг юм. Дэрэвгэр жиргэрүүгийн хувьд асуудал яг л дээрх шат дамжлагаар орсон. Хуульд нэн ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглосон байдаг. Иймд яамны зүгээс нэн ховор, ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, гадаад улсад гаргахыг дэмжихгүй, харин тарималжуулан гадаадад гаргах бодлогыг дэмжих бодлого баримталсан. Гэсэн ч энэ асуудлаар иргэдийн зүгээс маш их гомдол ирүүлж байгаатай холбоотойгоор сайдын зөвлөлийн хурлыг өнгөрсөн долоо хоногт хуралдуулж, ирэх оноос эхлэн дэрэвгэр, жиргэрүүг түүх, экспортлохыг хориглох шийдвэрийг гаргасан. Нөгөөтэйгүүр, сайдын албыг авсныхаа дараа Алтайн барагшуны тархац нөөц багасаж байгаатай холбоотойгоор түүнийг гадаадад гаргах зориулалтаар түүж бэлтгэх, түүж бэлтгэсэн барагшуныг гадаадад гаргахыг 2016 оны 04 дүгээр сараас түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргасан.

Соёмботой уулыг ухахыг хориглох шийдвэр гарсан гэгдээд байсан ч дахиад ухаад эхэллээ. Таны эрх ашиг байна, таныг тэнд хаус авсан гэх мэдээллүүд тархаад байгаа нь ямар учиртай юм бэ?

Өмнөх сайд нарын үед тусгай хамгаалалттай газар нутагт олгосон зөвшөөрөлтэй холбоотой маргаантай асуудлууд их байсан. Хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас эхлээд боломжтой бүхий л арга хэмжээг авч байгаа. Энэ нь томоохон компаниудын эрх мэдэлтэй захирлуудад таалагдахгүй байгаагаас болж бишгүй л дайралт ирж байгаа нь ихэвчлэн нийгмийн сүлжээгээр илэрч байгааг та бүхэн мэдэж байгаа байх аа. Соёмботой уулыг ухсан асуудлын тухайд миний өмнө  сайдаар ажиллаж байсан хүний зөвшөөрлөөр олгосон газрын асуудал байсан юм билээ. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан энэ газрыг иргэн н.Төгсжаргал ухаж, барилгын суурь тавих ажлыг эхлүүлсэн ч тухайн үед нь тушаал гарган газар ашиглах эрхийн гэрчилгээг нь цуцалсан. Цаашлаад тухайн компани нь ухсан газраа нөхөн сэргээх ёстой гэдэг шийдвэрийг хүргүүлж, зөвшөөрлүүлсэн. Энэ асуудалд Богдхан уулын дархан цаазат газрын захиргааныхан хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Одоогийн байдлаар яаманд тус газраас ямар нэгэн зөрчил гаргасан асуудлыг ирүүлээгүй байна.

-Бүх сумдад алтны уурхай нээгдсэн тухай мэдээлэл гараад байна. Сумын Засаг дарга нь зөвшөөрөл олгож аман шийдвэрээр ийм байдал үүсээд байна гэх нь бий. Энэ тухай та юу хэлэх вэ?

Ашигт малтмалын тухай хуульд тухайн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах гэж байгаа уул уурхайн компани баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас зөвшөөрөл авах ёстой тухай заалт бий. Сум, аймгийн Засаг даргаас эхлээд дур зоргоороо зөвшөөрөл олгочихдог асуудал байна. Нөгөөтэйгүүр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашиг малтмал, газрын тосны газар ашигт малтмалын зөвшөөрөл олгохдоо манай яамнаас санал авдаг баймаар байна.  БОАЖЯ-ны зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих бодлогыг баримталж байгаа. Тэр ч утгаараа аялал жуулчлалын чиглэлийг хөгжүүлэх томоохон ажлыг эхлүүлээд байгаа. 2012 оноос хойш 10 гаруй хувиар буурч байсан гадаадын жуулчдын тоо 2017 оны эхний хагас жилийн байдлаар 182 мянгад хүрсэн нь 2016 оны мөн үетэй харьцуулахад 19,5 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 32,6 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Бид энэ амжилтандаа урамшиж аялал жуулчлалын тухай хуулийг шинэчилэн боловсруулж салбарын нийгэм-эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахаар ажиллаж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалыг Баруун, Зүүн, Хангайн, Төвийн, Говийн бүсүүдэд бүсчлэн хөгжүүлэхээр заасны дагуу холбогдох судалгааны ажлыг эхлүүлсэн. Мянганы суут хүн эзэн Чингис хааны нутагт аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулах зураг төслийн ажил эхэлсэн. Үүнд архитектурын 12 баг хамтран оролцож байгаа.

-Танай яаманд холбогддог нэг том асуудал бол яах аргагүй уул уурхайгаас үүдэлтэй гол мөрний бохирдол. Уг нь та нэлээн ширүүн шийдвэрүүд гаргаад тэмцээд л байх шиг. Гэтэл шүүмжлэл тасрахгүй юм. Шийдвэр  хэрэгжихгүй байна уу, эсвэл салбар хоорондын бодлогын уялдаа муугаас болоод байна уу?

-Уул уурхайн салбар эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа ч БОАЖЯ-ны зүгээс хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлж, экосистемийг хамгаалах, олборлолтод өртсөн газрыг тухайн аж ахуйн нэгжээр бүрэн нөхөн сэргээлгэж, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ авах шаардлагыг хатуу тавьж ажиллах зарчим баримталж байна. Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, орон нутгийн засаг захиргаатай хамтран хатуу тэмцэл өрнүүлсээр байгаа. Ялангуяа, Архангайн Цэнхэр суманд Орхон голын эхэн дээр үйл ажиллагаа явуулж байсан компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд зогсоосны үр дүнд одоо Орхон голын урсгал хэвийн байдалд орсон байна. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газарт нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Туулын бургасыг их хэмжээгээр сүйтгэсэн “Зүүн баян рефайнери” компанийг байгалийн унаган төрхийг алдагдуулсан учир газар ашиглах эрхийг нь мөн цуцалсан. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 4 нь зөвшөөрөлтэй, 15 нь бичиг баримт дутуу байсныг илрүүлж, “Рич Мөнх” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Дээрхээс гадна Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулж буй ААН-д шалгалт хийж, дүгнэлтээ Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох арга хэмжээг авч байна. Таван аймгийн 10 гаруй сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 30 аж ахуйн нэгж, 20 бичил уурхай эрхлэгч, 80 гаруй хууль бусаар ашигт малтмал ашиглагчдыг хамруулан шалгалт хийж дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулж зөрчлийг таслан зогсоосон.

НОГООН ЗЭЭЛИЙН САНГААР ДАМЖУУЛЖ МОНГОЛ УЛС 60 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТСАН.

-Танай яам гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэлээд татах шиг боллоо. Энэ талаарх мэдээллийг өгнө үү?

-Сайд, яамны мэргэжилтнүүд гэдэг байгаль орчны салбарын бодлогыг тодорхойлж, дотоод гадаадад ажлаа танилцуулах замаар байгаль хамгаалах үйл ажиллагаандаа дэмжлэг авах учиртай. Бид гадаад хамтын ажиллагаандаа нэлээд анхаарал хандуулж ажилласны үр дүн эхнээсээ гарч байна. Одоогийн байдлаар манай яам гадаад санхүүжилттэй 32 төсөл хөтөлбөрийг 16 аймагт хэрэгжүүлж байна. Эдгээрийн нийт санхүүжилт нь 128 сая орчим ам. доллар болж байгаа бөгөөд зөвхөн 2017 он гэхэд бид 26 сая долларын санхүүжилттэй 5 төсөл эхлүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалт татахад олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны томоохон байгууллагуудтай хариуцлагатай хамтран ажиллаж, тэдний найдвартай түнш болох хэрэгтэй байдаг. Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Эрик Солхейм Монгол Улсад айлчилж, миний бие болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаад буцсаныг та мэдэж байгаа байх. Айлчлалын гол үр дүн нь  Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилсан “Цэвэр агаар амьдралын үндэс” олон улсын аянд нэгдэж буй анхны улс болсон явдал юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах олон улсын уулзалтыг энэ онд багтаан НҮБ-ын дэмжлэгтэйгээр Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар тохиролцсон. Эдгээр хамтын ажиллагаа нь санхүүжилт татахад чухал ач холбогдолтой байдаг.

-Иймэрхүү гадаадын хөрөнгө оруулалтын хүрээнд хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломж бололцоо ямар байдаг вэ?

-Манай яам хувийн хэвшлийнхнийг ногоон хөгжлийн ажилд оролцуулах тал дээр маш амжилттай ажиллаж байгаа. Бидний санаачлагаар Монголын банкуудын холбоотой хамтран Ногоон зээлийн сан байгуулах бэлтгэл ажлыг хийж, нийт 60 сая ам.долларын санхүүжилттэй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг дэмжих зээлийн хөтөлбөрийг эхлүүлээд байна. Үүнд бид Дэлхийн уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалт авч байгаа. Энэхүү зээлийн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэх ажлыг Хас банк хийхээр шалгарч бид нээлтийн ажиллагааг хийгээд удаагүй байна. Энэ зээлийн хөтөлбөрт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талын бизнесийн үйл ажиллагаанд зээл олгох тул ногоон чиг хандлагатай хувийн хэвшлийн байгууллагууд оролцох бүрэн боломжтой.

Хөрөнгө оруулалтын бас нэг чухал төсөл бол Мянганы сорилтын корпорацийн II компакт гэрээний хүрээнд 350 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлээр төв цэвэрлэх байгууламжийн бохир усыг цэвэршүүлж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх, Улаанбаатарын усыг хэмнэх ажил юм. Харамсалтай нь Засгийн газрыг огцруулснаас үүдэн төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг гүйцэтгэхээр шалгараад байсан Хятадын компанийн гэрээ цуцлагдаж, дээрх төсөл гацахад хүрээд байна. Энэ асуудлаар хэдхэн хоногийн өмнө Мянганы сорилтын корпорацийн төлөөлөлтэй уулзаж, төслөө үр дүнтэй болгохын тулд төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийг шийдэх санал тавьсан.

-Ногоон зээлийн сангийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Ямар шалгуураар хэнд, ямар хугацаатай олгох зээл вэ. Хэн хэрэгжүүлэх вэ?

-Монгол улс  уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт 2016 онд нэгдэн орж, уг хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй санхүүжүүлэгч байгууллагуудтай түншлэх талаар нэлээд хүчин чармайлт гарган ажилласан. БОАЖЯам нь НҮБ-ын Уур амьсгалын Ногоон сантай Монгол улсыг төлөөлөн хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч,  хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон  хөгжил болон уур амьсгальд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр  хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна. Эдгээр төслүүд эхнээсээ хэрэгжиж буй нэг хэлбэр бол Ногоон зээлийн сан  юм. Дээр хэлсэнчлэн Сан ажиллагаанд орсноор байгальд орчинд ээлтэй ногоон бизнес болон агаарын бохирдлыг бууруулах тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэх ажлыг итгэмжлэгдсэн Хас банкаар дамжуулан урт хугацаатай, хүү багатай зээлээр авах боломж бүрдэж байгаа юм. Зээлийн нөхцлийн талаар нарийвчилсан мэдээллийг иргэд ААН-үүд Хас банкнаас авах боломжтой.

-Агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч чадвал ногоон хөгжлийг цогцлооход томоохон түлхэц өгөх нь гарцаагүй. Улаанбаатарын утааны асуудлыг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар гардан хариуцаж байгаа ч танай яамны зүгээс бодлогын ямар ажил хийсэн талаар асуухгүй өнгөрч болохгүй нь?

-Энэ чиглэлийн гол ажил бол 3-р сард Засгийн газраас баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд бид байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий дэд бүтэц, байгууламжийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, агаар, хөрс, усыг бохирдуулж байгаа яндангууд, нүхэн 00-ийн тоог бууруулах, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зэрэг нэн яаралтай ажлуудаас гадна орон нутгийг хөгжүүлж хотын төвлөрлийг аажмаар сааруулах, байгаль орчны хуулийн хэрэгжилт, үүрэг хариуцлагыг чангатгах, стандартуудыг мөрдүүлэх зэрэг цогцоор нь гүйцэтгэх арга хэмжээнүүдийг ч тусгасан. Ингэж чадвал 2025 он гэхэд бид агаар, орчны бохирдлыг 80 хувиар бууруулах тооцоотой байгаа. Нөгөөтэйгүүр агаарын бохирдлыг бууруулах ажлыг санхүүжүүлэх механизмгүйгээр амжилтад хүрэх боломжгүй юм. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар бохирдлын 4 төрлийн төлбөр улсын төсөвд ордог. 2015 онд энэ хуульд өөрчлөлт орж орлогыг зориулалтаар нь ашиглахаа больсон байсан. Иймд яамнаас хуулийн дагуу төвлөрсөн орлогыг зориулалтаар нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах эрхзүйн зохицуулалтыг бий болгохын тулд “Агаарын бохирдлын эсрэг сан”-г байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихад бэлэн болгоод байна.

-Агаарын бохирдлыг ярихаар дагаад хөрсний бохирдол, хог хаягдал заавал хөндөгддөг. Танай яам Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан байх аа?

-Хог хаягдлын хуулийг шинэчилэн найруулж батлуулсан явдал бол олон мэргэжилтний хүч хөдөлмөр шингэсэн үнэхээр том ажил болсон. Гол нь тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн бодлоготой сайн уяж, олон улсад тавьдаг стандарт шаардлагад нийцүүлсэн сайн хууль болсон. Тухайлбал, олон улсад баримталж байгаа “Үүсгэгч нь хариуцах”, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг нэвтрүүлж байгаа. Харин энэ зарчмыг хэрэгжүүлэх нарийн журам, заавар, жагсаалтыг боловсруулж батлуулах ажлыг одоо хийж байна. Шинэ хуулийг орон нутаг, олон нийт, иргэдэд сурталчилж, наадмын өмнө хоггүй цэмцгэр орчин бүрдүүлэх зорилгоор “Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг 6-р сарын 1-нээс орон даяар зарлаж, 3945 гаруй га талбайн хогийг цэвэрлэн, 164 хогийн цэгийг бүрэн устгаж, 21.148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт бөөгнөрүүлж чадлаа.

Хог хаягдлын шинэчилсэн найруулгын бас нэг чухал ач холбогдол бол аюултай хог хаягдлыг хадгалах, тээвэрлэх, устгах зохицуулалт хийж эдгээрээс үүдсэн эрсдлийг бууруулсан явдал юм. Тухайлбал, аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг барих ТЭЗҮ хийж, төслийг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулаад байна. Яам уг байгууламжийг байгуулах 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолыг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газраар хэлэлцүүлнэ.

Яам Мянганы сорилтын корпорацитай хамтран Улаанбаатарын усны хангамжийн асуудлаар ажиллаж байгаа гэсэн. Усны чиглэлээр өөр ямар ажлыг танай яам хийж байгаа вэ?

– АНУ-ын Мянганы сорилтын сангийн 2 дахь компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хаягдал усыг цэвэрлэж үйлдвэрлэлд дахин ашиглах дэд бүтцийг бий болгох чиглэлээр төсөл боловсруулах, холбогдох судалгаа хийх талд хамтран ажиллаж байгаа. Дэлхийн дахинд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас үүдэн усны эх үүсвэрийг хамгаалах, усыг хэмнэх ажил улс бүрийн Засгийн газрын зорилго болоод байна. Манай яам Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийг эцэслэн боловсруулж дуусч байна. Эдгээр хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж батлуулах төлөвлөгөөтэй.

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүллээ

Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгч ажиллажээ.

Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн ирэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилсан байна.

Шүдний эмнэлгээс шар өвчин гарчээ

Нийслэлд рентген оношилгооны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 58 эрүүл мэндийн байгууллага, эмнэлэгт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гэнэтийн шалгалт явуулжээ.Шалгалтаар их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 байгууллага үнэлэгдэж, давхардсан тоогоор нийт 737 зөрчил илэрсэн байна.

Зөрчил илэрсэн 28 эмнэлэг болоод бусад газарт улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлжээ. Тодруулбал,тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан ”Оксман”, “Хашталст”, “Бестдент”, “Эн Си Эм Би”, “Шударга гарц”, “Эдэндент”, “Би Си медикал”, “Имелагүн”, “Пасификдент”,” Кутикул”, “Эм Жи Коллейкшн”, “Одуванчик”, “Шинэ шидэт-Од”,” Энхномин-Эрдэнэ”, “Налайх урангар”, “Цэцэн сар”, “Жи И Би Эс”, “Энхийг цацруулагч”, “Амартүвшинмэнд”, “Энхцөгц”, “Фиссурит”, “Ци Ци”, “Огиноо”, “Смарт интеншион” гэсэн эмнэлгүүдийн рентген аппаратын ашиглалтыг улсын байцаагчийн актаар түр зогсоосныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

Мөн зөрчил гаргасан 18 эмч, ажилтанд нийт 15 сая 840 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох, хууль бус худалдааг хориглох, гаалийн зарим хяналтын бүсээр тамхи импортлох, экспортлохыг хориглох зэрэг асуудлыг тусгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment