-Н.Энхболдын ар хударгаар М.Энхболд ажилласан уу-
Ярьж, дуулгах сонин ихтэй МАН-ын IX Бага хурал энэ сарын 25-ны өдөр болж өдөржин, шөнөжин хуралдаж Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаа тодрууллаа. Бага хуралд 200 гаруй гишүүн оролцсон тус хурлаас нэр дэвшигч У.Хүрэлсүх 63.9 хувь буюу 188 хүний санал авсан. Харин Ө.Энхтүвшин 34.4 хувь буюу 101 хүний санал, Н.Энхболд 1.7 хувь ба таван хүний санал тус тус авсан юм. Ингэснээр дараагийн Ерөнхий сайд болох вэ гэсэн асуултын хариулт тодорхой болсон.
Дээрх гурван нэр дэвшигч өөрийн гэсэн байр сууриа илэрхийлж Ерөнхий сайдад нэр дэвших шалтгаанаа тайлбарласан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд энэ сарын 22-ны өдөр Ерөнхий сайдад нэр дэвшихээд мэдэгдэж захидал хүргүүлсэн. Тэрээр захидалдаа “Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, Бага хурлын төвшинд өрсөлдөхөө журмын нөхөддөө мэдэгдэж байна” гэсэн. Бас л байж болох шалтгаан.
У.Хүрэлсүхийн хувьд “Эмх замбараагүй, сахилга хариуцлагагүй байдал газар авсаар одоо бүр төр мафижиж, нам компаничлагдаж дууслаа. Би эх орноосоо урвахгүй, элссэн намаасаа гарахгүй, авсан эхнэрэ эсолихгүй, анд нөхдөөсөө шарвахгүй. Энэ үгийг би одоогоос 20 жилийн өмнө журмын нөхдөдөө хэлж байсан. Энэ бол миний амьдралын философи. Намайг алчихдаггүй юм бол би авлигалчидтай ясаа цайтал тэмцэнэ” хэмээн байр сууриа зоримог илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд түүнийг намын дарга М.Энхболд ямар нэгэн тайлбаргүйгээр шууд нэр дэвшүүлсэн. М.Энхболд энэ удаа, багын найз, олон сонгуульд биесээ түшиж, тулж хамт явж ирсэн журмын нөхрөө Ерөнхий сайдад “зүтгүүлэв". Үүнд шалтгаан бий.
Шалтгаан нь Н.Энхболд түүний үгнээс хэзээ ч зөрж байгаагүй, өөрийнх нь хүн юм. Тэрбээр Ерөнхий сайд болох гэж улаарахаасаа илүүтэй намын дарга М.Энхболдынхоо үгийг тушаал мэт хүлээж авсан гэхэд болно.
Нэр дэвшигч Ө.Энхтүвшингийн хэлсэн шиг МАН-ын уламжлалыг өөрчилж, өрсөлдөөнтэй Бага хурал болсон. У.Хүрэлсүхийн хэлсэн шиг тэр авлигалчидттай тэмцэж олонхийн саналыг авсан.
Харин УИХ-ын Н.Энхболдын хувьд “Мэсгүй тулалдаж цусгүй үхнэ”, Улс төрд найз гэж байдаггүй ашиг сонирхол гэж байдаг” гэдэг үгийн тод баталгаа болсон юм. Учир нь түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн намын дарга М.Энхболд ар хударгаар нь ажиллаж байсныг Н.Энхболд яаж мэдэх билээ.
Тодруулбал, МАН-ын Бага хурал болдог өдрийн өглөө М.Энхболд өөрийг нь бус Ө.Энхтүвшинг дэмжихийг үүрэгдсэн команд өгсөн аж. Энэ талаар эх сурвалж мэдээллэв. Үүнийг Н.Энхболд ойлголгүй Бага хурлын гишүүдэд “өөрийгөө дэмжихийг санал болгож, ярьж” байсан нь харамсалтай.
УИХ-д хэдэнтээ сонгогдож, Сайд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хийж байсан Н.Энхболдын хувьд тавхан хүний санал авна гэдэг эмгэнэл. Энэ ялагдал, М.Энхболдыг өөрөөс нь гэнэт урваж ар хударгаар нь өөр зүйл хийж Бага хурлын үеэр өөрийнх нь эсрэг ажиллана гэж төсөөлөө ч үгүй явсан биз. Товчхондоо М.Энхболд өөрийнхөө эрх ашгийн төлөө Н.Энхболдыг "далаар" нь тавьж орхив.