8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Баатархүү: Эрх баригчид албан тушаалынхаа асуудлыг шийдэж чадахгүй байна

2017-09-29 10:53:00

НИТХ-ын дарга асан Ц.Сандуйг өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр албан ёсоор ажлаас нь чөлөөлсөн. Үргэлжлүүлэн НИТХ-ын даргыг сонгох санал хураалт явагдсан боловч НИТХ-ын даргад нэр дэвшсэн төлөөлөгч Д.Баярсайхан болон С.Амарсайхан нарын санал тэнцсэн. Улмаар Нийслэлийн МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм. Тус хугацаа өнөөдөр дуусгавар болж, НИТХ-ын даргын санал хураалтыг өнөөдөр явуулах ёстой байсан. Гэтэл өчигдөр Нийслэлийн МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун энэ талаар “НИТХ-ын Ажлын албанаас бидэнд танай намын бүлэг өөрсдөө дотооддоо завсарлага дууслаа гэж үзвэл маргааш /2017.09.28/ хуралдахад бэлэн гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байдаг. Манай бүлэг өнгөрсөн баасан гаригийн 17:05 цагт завсарлага авсан. Ингээд хуулийн дагуу тооцож үзэхээр ирэх даваа гаригийн өглөө буюу аравдугаар сарын 2-нд тав хоногийн хугацаа дуусна. Манай намын хоёр төлөөлөгч чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөж, санал тэнцсэн болохоор нам дотроо асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр сууринд хүрэх хэрэгтэй гэж бид үзэж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн. 


Тэгвэл энэ талаар Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Ц:Баатархүүгээс бүлгийн байр суурийг тодрууллаа. Нийслэлийн АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хэлэхдээ “Өнөөдөр НИТХ-ын даргын санал хураалтыг явуулах ёстой. Гэтэл Нийслэлийн МАН-ын бүлгийн зүгээс ирэх даваа гаригт хэлэлцэнэ гэж байна. МАН-ын бүлэг өнөөдөр албан ёсоор хуралдаанаа эхлүүлсэний дараагаар завсарлага авах ёстой. Өнөөдөр хуралдаан үргэлжлэх ёстой. 10 дугаар сарын 05-ны дотор ирэх оны Нийслэлийн үндсэн чиглэлийг өргөн барьдаг. Нийслэлийн 2018 оны төсөв, утаа агаарын бохирдол, өвөлжилтөө ярих ёстой. Гэтэл эрх баригчид албан тушаалынхаа асуудлыг шийдэж чадахгүй байна. Өнөөдөр нийслэлд бүтээн байгуулалт, хөрөнгө мөнгө гацчихаад байна” хэмээн хэллээ. 


Нэмэлт мэдээлэл дуулгахад өнгөрсөн долоо хоногт НИТХ-ын даргад нэр дэвшсэн Д.Баярсайхан болон С.Амарсайхан нар дахин нэр дэвшиж өрсөлдөнө. Ирэх нэг дэх өдөр НИТХ-ын даргын саналт хураалтад дахин тэнцэх юм бол дахин санал хураалтад заалнаас хэн ч нэр дэвшиж болох хуулийн заалттай юм байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment