Төрийн цагдаа руу "Салаавч" гаргасан түрэмгий зантай нэгэн этгээдийн бичлэг интернэт орчиноор түгээд байна. Албан үүргээ гүйцэтгэж явсан төрийн цагдааг доромжилж,"салаавч" өгч байгаа мөн машины улсын дугаар нь тус бичлэг дээр бичигдэн үлдсэн байна. Тус бичлэгийг үзсэн Хуульзүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Төрийн цагдааг ингэж доромжлуулахгүй шүү. Хуулийн дагуу арга хэмжээ авч та бүхэнд мэдээлнэ" гэсэн байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр мөн тус бичлэгийг шэйрлэж "даварсан гарт,,," хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Сошиал ертөнцөд явж байгаа мэдээллээр тус залууг УИХ-ын Д.Сарангэрэлийн төрсөн хүү мөн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын төрсөн дүү гэсэн янз бүрийн мэдээлэл гарч байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тус танхай үйлдэл гаргасан жолооч УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын охинтой нь сууж байгаад салсан нэгэн бөгөөд "Экокапитал" ББСБ-ын эзэн Б.Баяртогтох гэх эрхэм юм байна. Тэрбээр "Эрдэнэс таван толгой" ХХК-д ажиллаж байгаад ажлаас халагдсан нэгэн аж.
Тус танхай үйлдэл гаргасан жолооч Б.Баярцогтоос Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар мэдүүлэг авсан байна. Тэрбээр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг хэмээн хэлжээ. Замын цагдаагийн газраас тус зөрчил гаргасан жолоочийг зөрчлийн тухай хуулийн 14.5-д заасан заалтаар зөрчлийн 3 оноог хасч, 80 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн Б.Баяртогтох гэх этгээд нь замын цагдаа саатуулах үед төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд ашигладаг хөх өнгийн дохиог ажиллуулан явсан аж. Цагдаагийн байгууллага шалгаж, хөх өнгийн дохиог ашиглах эрхийг хассан байна. Мөн Б.Баяртогтох нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт залилангийн хэргээр шалгагдаж, 10 дугаар сарын 02-нд шүүхэд дуудагдсан байна.
Хуульзүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт болон Дэд сайд Б.Энхбаяр нар "зөрчил гаргаж, төрийн цагдааг доромжилсон тус этгээдэд хариуцлага хүлээлгэнэ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгвэл "том" артай гэх "Экокапитал" ББСБ-ын эзэн Б.Баяртогтох гэх эрхэмд хариуцлага тооцож чадах уу. Өвлийн хүйтэн, зуны халуунд ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг төрийн цагдааг ингэж доромжилж, басамжилсаар байх уу.