Сонгуулийн уур амьсгал орж, иргэд сонголтынхоо талаар дүгнэлт хийж байх үетэй зэрэгцээд АН-ын эмэгтэйчүүд тэргүүнээ сонгохоор ханцуй шамалж эхэллээ. Тодруулбал Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 18-ны өдөр Төрийн ордонд болох гэж байна. Ардчилсан намын эмэгтэйчүүдийн ганц том байгууллагын тэргүүнийг сонгох хариуцлагатай сонгууль УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед болж байгаагаараа ихээхэн анхаарал татаж байгаа юм. Учир нь тус холбоо Ардчилсан намын дэргэд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас голлох анхаарлын төвд байдаг субъект. Сонгуулийн тухай хуульд УИХ-д нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байхаар квот тогтоож өгсөн нь эмэгтэйчүүдийн лобби ямар хэмжээнд хийгддэг болохыг харуулж байгаа хэрэг. Ажиглагч судлаачдын үзэж байгаагаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны энэ удаагийн сонгууль нэлээд өрсөлдөөнтэй өрнөх прогноз ажиглагдаж байна. Учир нь тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон эмэгтэйд “жагсаалтын” эхний аравт эрэмбэлэгдэх боломж гарах магадлалтай тун өндөр аж.
Төрийн ордонд болох уг чуулганд орон нутгаас 700, Нийслэлээс 100 орчим, нийт 800 төлөөлөгч сонгогдон оролцох бөгөөд эмэгтэйчүүд тус холбооны шинэ тэргүүнд нэлээд олон бүсгүй өрсөлдөхөөр батламжаа гарджээ. Ингээд уг албан тушаалд нэр дэвшиж байгаа 11 эмэгтэй нэр дэвшигчдээс хамгийн магадлал өндөр таван хүнийг хэвлэлүүд хэрхэн онцолж байв.
“Шонхор”-ын, С.Эрдэнийн С.Одонтуяа
Нэр дэвшигчдийн сунгаа явагдаж эхэлсэнээс хойш улс төрийн бүлэглэлүүд өөрсдийн эмэгтэйчүүдийг сонгогдох магадлал өндөр хэмээн уралдан бичүүлсээр байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн З.Одонтуяа. Баянгол дүүргээс сонгогдсон, С.Эрдэнийн хүн гэгддэг С.Одонтуяа гишүүн эмэгтэйчүүдийн холбоог удирдах магадлал өндөртэй байгаа гэх. С.Одонтуяа Шонхор фракц, Ардчилсан хүчний холбооны гишүүн, АН-ын бүлгийн дэд даргаар ажилладаг. Намын даргынхаа үүсгэн байгуулсан фракц, холбоонд харьяалагддаг утгаараа С.Одонтуяа хүчтэй дэмжлэг авч мэдэх. С.Одонтуяагийн хувьд 2008 онд Баянгол дүүрэгт багагүй мөнгө зарцуулан ч өвдөг шороодсон. Гэвч “Сентоза”-гийн захирал тэрбээр үүнд гудайсангүй. Харин ч шархаа нөхөхөөр зүтгэсээр 2012 онд ялалт байгуулж УИХ-д орж ирсэн билээ. С.Эрдэнэ хаана л явна тэнд С.Одонтуяа явж харагддаг хэмээн ёжлодог түүний талаар өнгөрсөн дөрвөн жилд хийгээд гавьсан ажил байхгүй ч хэл аманд орооцолдсон нь цөөн хэмээн дүгнэдэг.
“Зодоонч” Б.Ургамалцэцэг
УИХ-ын гишүүн З.Одонтуяагийн гол өрсөлдөгч нь БСШУ-ны дэд сайдаар асан, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх хийдэг Б.Ургамалцэцэг гэх. Ардчилсан намын Алтангадас фракцийнх. Харамсалтай нь Б.Ургамалцэцэг нийгэмд таагүй байдлаар танигдсан хүн. Хоёр жилийн өмнө буюу түүнийг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байх үед Б.Ургамалцэцэг өөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэтэйгээ нийлэн бусдыг зодож, гэмтээсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан билээ. Дэд сайд бүсгүйд зодуулсан БШУ-ны газрын дарга Л-ын үүдэн хоёр шүд нь унаж, элэг болон дотор эрхтэнд нь доргилт өгсөн гэх. Хэдийгээр тухай үед Б.Ургамалцэцэг энэ талаар үгүйсгэсэн хариулт өгч “Тийм зүйл болоогүй шүү дээ. Би дөнгөж сая тийм мэдээлэл гарсан талаар дуулаад гайхаад л байж байна. Энэ мэдээллийг хаанаас гарсан болохыг тодруулж, тийм зүйл болоогүй гэдэг албан ёсны мэдээллийг өгөхийг холбогдох албаны хүмүүст даалгасан. Газрын даргыгаа зодоогүй. Юун мэдээлэл гараад байгааг ойлгохгүй юм. Тийм зүйл болоогүй гэдгийг дахин хэлье” хэмээж байсан ч нэр хугарахаар яс хугар гэдэг дээ.
Туулайн анчин, Бенз, Бүжигчин Л.Эрдэнэчимэг
Харин МоАХ эмэгтэйчүүдийн холбоог өөрийн болгохоор УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон, дэд сайд асан Г.Байгалмааг сойж байжээ. Л.Эрдэнэчимэгийн тухайд 2012 онд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж ялалт байгуулсан. АН-ын нэг фракци болох МоАХ-ны дэд даргаар ажилладаг. Шинэ оны өмнөхөн Байгаль орчин, хүнд хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсон. Гэвч Ардчилсан намд төдийгүй УИХ-д суугаа эмэгтэйчүүдээс хамгийн их нэр хоч зүүсэн нь Л.Эрдэнэчимэг билээ. Туулайн анчин, бенз, бүжигчин гээд тэрбээр гаргасан үйлдэл, хэлсэн үгнээсээ болоод “намбагүй” гэсэн сөрөг үнэлэмжтэй болчихоод байгаа тэрбээр Тавантолгойг гацаахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүний нэг бол. Үүнийг З.Энхболд, Х.Баттулгын үүрэг даалгавраар гүйцэтгэж, оронд нь байнгын хорооны даргаар шагнуулсан гэсэн хов жив ч байсаар л байна. Өөрийн бодлогогүй үг, үйлдэлээсээ болж байнга шоглуулдаг түүнийг АН-ын эмэгтэйчүүдийг толгойлж чадах хүн гэдэгт олон эргэлзэж байгаа гэнэ лээ.
Х.Баттулгын гарын хүн
Монголын улсын хамгийн чухал салбаруудын нэг болох Барилга хот байгуулалтын яамыг Шийдлийн Засгийн газарт хоёр эмэгтэй барилцаж явсаны нэг нь Г.Байгалмаа. Олон нийтэд төдийлөн танигдаагүй ч түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын гарын хүн гэдэг. Тиймдээ ч МоАХ-ыг удирдалцаж, улмаар Дэд сайд болж чадсан ч Дэд сайдуудын цомхотголоор чөлөөлөгдсөн нэгэн. Гэвч түүний карьер үүгээр дуусаагүй. Өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргын зөвлөхөөр томилогдсон юм.
"Хүүхэд хамгааллын мөнгөөр хувцаслагч И.Нарантуяа"
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга гэсэн албан тушаалтай И.Нарантуяа шинэ оны өмнөхөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэрбээр УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан гэдэг. Тэрбээр өмнөх сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшээд ялагдаж, улмаар намынхан нь түүнд албан тушаал хайрласан. Гэвч тэрбээр томилогдсон даруйдаа төрийн жинхэнэ 15 алба хаагчаа ажлаас нь үндэслэлгүйгээр халсан гэдэг. Халагдсан алба хаагчид төрийн албанд зургаан сараас есөн жил хүртэл хугацаанд ажилласан байжээ. З.Энхболдын буюу “Шонхор” фракцийн хүн гэгддэг. Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байхдаа “С.Эрдэнийн хүүг ажилд авсан, тэр нь ажилдаа ирдэггүй” гэсэн шүүмжлэлд өртөж явсан. Түүгээр ч барахгүй “Хүүхэд хамгааллын мөнгөөр хувцаслагч И.Нарантуяа” хэмээн хэлүүлж явсан. Учир нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяаг АТГ-аас шалгахад хатагтай И.Нарантуяа удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авч байсан нь тогтоогдсон байдаг. Бүр ичгэвтэр нь “Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн зардлаас 13.5 сая төгрөгийг ажилчдынхаа хувцасны жигдрэлтэд зарцуулсан олон нийтийн дургүйцлийг хүргэж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “И.Нарантуяагийн цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ” авсан удаатай. Түүнээс гадна Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байх үед дуулиан тарьсан олон хэрэг мандсан. Хойд аавдаа зодуулсан, төрсөн эцэгтээ заазуурдуулсан, хазуулсан гээд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд тасраагүй. Тиймээс олон нийт “Хүүхдийн төлөө юм хийж чадаагүй” хэмээн тодотгодог юм билээ.