Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тэднээс хамгийн уур бухимдалтайгаар, заналхийлсэн байдалтай байр сууриа илэрхийлсэн хүн бол ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат.
Тэрбээр “Бид нарыг шоронд хиймээр байвал хийгээрэй. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ шүү, та нартай. Хайрцаглаад оршуулчихаж чадахгүй байлгүй дээ. Та нарын зөв зүйлийг дэмжинэ. Харин буруу зүйлийг шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана. Монгол Улсын Ерөнхий сайд байна гэдэг хүссэн хүн бүхний хийдэг ажил биш шүү, амаргүй ажил шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Түүний хэлснээр бол Ж.Мөнхбат болон түүний эргэн тойрны хүмүүсийг хэн нэгэн шоронд хийх гээд байгаа бололттой. Ж.Мөнхбат “биднийг“ гэж хэн хэнийг онцолж хэлсэн юм бол. МАНАН-гийн бүлгийг үү, 60 тэрбумынханыг уу. Түүнчлэн “ буруу зүйлийг шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана” гэх юм. Энэ юу гэсэн үг бэ. Юуг хазаарлаж, ташуурдаж, шүүмжлэх гэв. Ж.Мөнхбатын ил, далд гээд хийсэн муу, буруу зүйл харин ч олон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Засгийн газар сайд нартаа 807,8 тэрбум төгрөгийн концессын гэрээг зүгээр л “бэлэглэчихсэн”. Энэ бэлэгнээс ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өөрөө ч "хүртсэн".
Тодруулбал ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын хамаарал бүхий Засагт чандмань майнз ХХК-тай байгуулсан 162.869.200.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл.
Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд төдийлөн ач холбогдолгүй төсөл бөгөөд эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээнд тусгасан байна. Гэтэл Ж.Мөнхбат үүнийг мартсан бололтой. "Өөрийн толгой дээрх бухал өвсийг хараагүй байж. Хүний толгой дээрх ширхэг өвсийг харна" гэгч л болж байна.
Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорсон. Энэ нь “МАНАН”-гийн бүлэгт болон 60 тэрбумын авлигалчиддад том цохилт болсон гэхэд буруудахгүй. Энэ хэрээр тэдний дунд гомдол тээх, бухимдаж, уурлах хүн олон бий. Гэхдээ ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат шиг ингэж эрээ цээргүй аашилсан нь бараг үгүй. Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй учраас огцруулсан.
Ж.Мөнхбатын байр сууриа илэрхийлсэн байдал заналхийж байгаад хариуцлага хүлээхгүй, идэж ууснаа зүгээр өнгөрүүлэх гээд байна уу гэсэн хардлагыг ч олны дурд төрүүлэв. Оргүй биш ортой л таамаг. Мөн “шоронд суучаад гараад ирнэ” гэхээр тэр яалт ч үгүй гэмт хэрэг хийснээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Өөрөө олны нүдэн дээр хэргээ хүлээнэ гэдэг "ховор" зан шүү. Тэгэхээр одоо түүнийг шалгах үлдэх шив.
Төрийн ордонд дарга нь ингэж ёс зүйгүй зан авир гаргаж, омгорхож, заналхийлнэ, гудамжинд “хурган дарганцар” нь согтуурч төрийн цагдааг доромжилж салаавч "шидлэнэ". Төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг зүйл хаачив. Ажил авч өгч сураагүй, албан тушаалын амтыг мэдэрсэн, бие хүн болж төлөвшөөгүй, уур бухимдалдаа удирдагдаж яваа энэ хүмүүс 60 тэрбумын “шахааныхан” гэхэд хол зөрөхгүй болов уу.
Д.Болор.