Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын дэмжлэгтэйгээр “Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017” эдийн засгийн чуулга уулзалт энэ сарын 2-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдах юм.
Өнөөдөр уг чуулга уулзалтыг зохион байгуулах Оросын талын ажлын хэсгийн дарга, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга, Олон улсын хамтын ажиллагааны ассоциацийн ерөнхийлөгч ноён Калашников С.В. Монголд хүрэлцэн ирлээ. Хүндэт сенаторыг Монгол улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, чуулга уулзалтыг зохион байгуулах Монголын талын ажлын хэсгийн ахлагч Б.Энх-Амгалан тэргүүтэй албаны төлөөлөгчид“Чингис Хаан” олон улсын нисэх буудалд угтан авлаа.
“Монгол, Оросын хамтын ажиллагаа-2017”эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд:
- “Орос нутгийн аялгуу” урлагийн тоглолт болон “Вернисаж”фото зургийн үзэсгэлэн 10-р сарын 02-нд Соёлын төв өргөөнд
- “Алтан хальс” Оросын кино өдрүүд10-р сарын 01-нээс 08-ны өдрүүдэд Монголын үндэсний олон нийтийн телевизээр
- Эдийн засгийн чуулга уулзалт 10-р сарын 03,04-нд “Blue Sky”зочид буудалд
- “Найрамдлын цом” Монгол, Оросын өсвөрийн тамирчдын гимнастикийн тэмцээн 10-р сарын 04-нд Спортын төв ордонд
- “Орост үйлдвэрлэв” бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 10-р сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд тус тус зохион байгуулагдах юм байна.