Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирcэн гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь иргэн Ч.Давааням гэнэ. Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлсэн билээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөгийн эрх барьж байгаа буюу МАН-ын улстөрчид, бизнесмэнүүд багтаж байгаа. Түүний дотор Ч.Давааням гэх нууцлаг эрхэмийн нэр орсон.
Оффшороос 4 сая 370 мянган ам.доллароо оруулж ирсэн Ч.Давааням гэж хэн бэ
НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай нэгэн. Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизесмэн. Анх 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ын захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн хэмээн улс төрчид ярьдаг.
Ман Петровисын захирал Д.Энхчимэг хатагтай түүний том охин ажээ. Гэхдээ түүний анхны эхнэрээс гарсан охин нь. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн гэсэн мэдээлэл байдаг.
Мөн үүнээс гадна Ч.Давааням одоогоор Шагдарсүрэн гэх хоёр дахь эхнэртэйгээ АНУ-д амьдардаг. Түүний хувьд Ерөнхий сайд асан С.Баярын охиноос АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэсэн мэдээлэл өмнө гарч байсан. Ерөнхий сайд асан С.Баяртай нэлээд дотно. Ч.Давааням анх 2011 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оффшор данс нээсэн. Тэрбээр оффшор данс нээлгэхдээ Moon land investmens limited компани дээр давхар бүртгэл хийлгэсэн байна. Үүнээс гадна тэрбээр хоёр компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд тэдгээрийг нэг нь татан буугдсан нэгэнд нь Самбалхүндэв гэдэг иргэнтэй хамт хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг.