8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхчүүд нийт барилдааны 50-70 хувьд оролцож байж наадмаар зодоглоно

2017-10-03 12:47:00

Есдүгээр сарын 27-нд хуралдсан Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийг журамлах, шагнаж урамшуулах шинэ журам баталжээ. Энэ сарын 8-наас дагаж мөрдөх уг шинэ журмаар бол улсын цолтой бөхчүүд МҮБХ-ноос зохион байгуулдаг нэгэн жилийн нийт барилдааны 50-70 хувьд оролцоогүй бол Цагаан сарын барилдаан болон Улсын наадамд зодоглох эрхгүй болох юм байна. 

Энэ тухай Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт, сэтгүүлч Э.Мөнхтүвшинд өгсөн ярилцлагадаа “35-аас дээш настай бөхчүүд барилдаануудад тааллаараа оролцоно, харин 30-34 настай бөхчүүд нийт барилдааны 50 хувьд, 29-өөс доош настай бөхчүүд 70 хувьд оролцож байж Цагаан сарын барилдаан, төрийн наадамд зодоглох эрхтэй болно” гэжээ. МҮБХ-ноос жилдээ 20 барилдаан зохион байгуулдаг бөгөөд ингэж журамласнаар улсын цолтой бөхчүүд ард түмнээ хүндлэх, цолныхоо нэр хүндийг хадгалах үүрэг хүлээх болов.

Нэгэнт барилдах эрхэнд нь халдаж, үүрэгжүүлэхийн зэрэгцээ бөхчүүдээ урамшуулах механизмыг энэхүү журамд бас тусгажээ. Тухайлбал, аварга, арслан, гарьд цолтнууд дундаас жилийн хугацаанд барилдах болзлоо гүйцээж нийлбэр дүнгээр хамгийн өндөр амжилт гаргасан нэг бөхийг “Үзэгчээ дээдлэгч бөх”-өөр өргөмжилж, 10 сая, мөн улсын заан, харцага, начин цолтой нэг бөхийг таван сая төгрөгөөр урамшуулах болжээ. Үүнээс гадна МҮБХ-ноос зохион байгуулдаг барилдаануудад оролцсоных нь төлөө улсын цолтой бөхчүүдэд бай дээр нь нэмээд 110-330 мянган төгрөгийн нэмэлт урамшууллыг барилдаан бүрт олгож байхаар болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment