8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Намрын чуулган нээлтээ хийж, НИТХ-ын даргыг сонгох хурал хойшилсон өдөр

2017-10-02 18:40:00

Эрхэм уншигч та бүхэнд оройн мэнд х үргэе. Өнөөдөр төлөвлөсөн ажил нь бүтэмжтэй байж, амжилт дүүрэн байхыг хүсье. Өнөөдрийн амжилтыг бүтээнэ гэдэг таны маргаашийн өнгө юм. Тиймээс өдөр бүрийг сайхнаас угтаж өнөөдрөөс илүү маргааш биднийг хүлээж байгаа гэдгийг энд онцолмоор байна. Өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм булангаа хүргэхэд бэлэн боллооТоймоо хүлээн авна уу. Энэ 7 хоногт санаа бодол нь цоо шинэ, сайн үйлс өөдрөг, баяр хөөр, амжилт дагуулсан, бахархмаар өдрүүдийг бүтээгээрэй.

Ж.Мөнхбатын "ховор" зан

Өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хурлын үеэр УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тэднээс хамгийн уур бухимдалтайгаар, заналхийлсэн байдалтай байр сууриа илэрхийлсэн хүн бол ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат.

Тэрбээр  “Бид нарыг шоронд хиймээр байвал хийгээрэй. Шоронгоос чинь гарч ирээд үзэлцэнэ шүү, та нартай. Хайрцаглаад оршуулчихаж чадахгүй байлгүй дээ. Та нарын зөв зүйлийг дэмжинэ. Харин буруу зүйлийг шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана. Монгол Улсын Ерөнхий сайд байна гэдэг хүссэн хүн бүхний хийдэг ажил биш шүү, амаргүй ажил шүү” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Түүний хэлснээр бол Ж.Мөнхбат болон түүний эргэн тойрны хүмүүсийг хэн нэгэн шоронд хийх гээд байгаа бололттой. Ж.Мөнхбат “биднийг“ гэж хэн хэнийг онцолж хэлсэн юм бол. МАНАН-гийн бүлгийг үү, 60 тэрбумынханыг уу. Түүнчлэн “ буруу зүйлийг шүүмжилнэ, хазаарлана, ташуурдана” гэх юм. Энэ юу гэсэн үг бэ. Юуг хазаарлаж, ташуурдаж, шүүмжлэх гэв. Ж.Мөнхбатын ил, далд гээд хийсэн муу, буруу зүйл харин ч олонХамгийн сүүлийн жишээ гэхэд Засгийн газар  сайд нартаа 807,8 тэрбум төгрөгийн концессын гэрээг зүгээр л “бэлэглэчихсэн. Энэ бэлэгнээс ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өөрөө ч "хүртсэн". 

Тодруулбал  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын эхнэрийн ахын хамаарал бүхий Засагт чандмань майнз ХХК-тай байгуулсан 162.869.200.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Дорноговь аймгийн Сайншанд сум болон Дэлгэрэх сумдыг холбосон 130 км хатуу хучилттай авто зам”-ын төсөл.

Энэ төсөл нь эдийн засгийн хувьд улсад үр ашгаа өгөх нь тодорхойгүй, стратегийн хувьд төдийлөн ач холбогдолгүй төсөл бөгөөд эргэн төлөлтийг концесс эзэмшигчийн 2020-2026 онд улсын төсөвт төлөх татвараас суутгахаар гэрээнд тусгасан байна. Гэтэл Ж.Мөнхбат үүнийг мартсан бололтой. "Өөрийн толгой дээрх бухал өвсийг хараагүй байж. Хүний толгой дээрх ширхэг өвсийг харна" гэгч л болж байна. 

Ж.Эрдэнэбатын тэргүүлдэг Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар огцорсон. Энэ нь “МАНАН”-гийн бүлэгт болон 60 тэрбумын авлигалчиддад том цохилт болсон гэхэд буруудахгүй. Энэ хэрээр тэдний дунд гомдол тээх, бухимдаж, уурлах хүн олон бий. Гэхдээ ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат шиг ингэж эрээ цээргүй аашилсан нь бараг үгүй. Засгийн газар хамтын хариуцлага хүлээж, танхимын зарчмаар ажилладаг. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гэдэг нь хамтын хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлвэл эрхэлсэн ажилдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тэнцэхгүй учраас огцруулсан. 

Ж.Мөнхбатын байр сууриа илэрхийлсэн байдал заналхийж байгаад хариуцлага хүлээхгүй, идэж ууснаа зүгээр өнгөрүүлэх гээд байна уу гэсэн хардлагыг ч олны дурд төрүүлэв. Оргүй биш ортой л таамаг. Мөн “шоронд суучаад гараад ирнэ” гэхээр тэр яалт ч үгүй гэмт хэрэг хийснээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Өөрөө олны нүдэн дээр хэргээ хүлээнэ гэдэг  "ховор" зан шүү. Тэгэхээр одоо түүнийг шалгах үлдэх шив.

Төрийн ордонд дарга нь ингэж ёс зүйгүй зан авир гаргаж, омгорхож, заналхийлнэ,  гудамжинд “хурган дарганцар” нь согтуурч төрийн цагдааг доромжилж салаавч "шидлэнэ". Төрийн албан хаагчийн ёс зүй гэдэг зүйл хаачив. Ажил авч өгч сураагүй, албан тушаалын амтыг мэдэрсэн, бие хүн болж төлөвшөөгүй, уур бухимдалдаа удирдагдаж яваа энэ хүмүүс  60 тэрбумын “шахааныхан” гэхэд хол зөрөхгүй болов уу.

Оффшороос 4 сая 370 мянган ам.доллароо оруулж ирсэн Ч.Давааням гэж хэн бэ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж ирcэн гэсэн мэдээлэл өнгөрсөн баасан гарагт гарсан. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм. Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа аж. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар дөрвөн сая 370 мянган ам.доллароо Монголд оруулж ирсэн хүн нь иргэн Ч.Давааням гэнэ. Монгол Улсын 49 иргэн данстай болохыг Олон улсан эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумынхан мэдээлсэн билээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь өнөөгийн эрх барьж байгаа буюу МАН-ын улстөрчид, бизнесмэнүүд багтаж байгаа. Түүний дотор Ч.Давааням гэх нууцлаг эрхэмийн нэр орсон. 

ОФФШОРООС 4 САЯ 370 МЯНГАН АМ.ДОЛЛАРОО ОРУУЛЖ ИРСЭН   Ч.ДАВААНЯМ ГЭЖ ХЭН БЭ 

НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням оффшорт хоёр данстай нэгэн.  Ч.Давааням бол 1996 онд Т.Энхжаргал болон Ж.Оюунгэрэл нарын хамт Петровис компаныг үүсгэн байгуулсан бизесмэн.  Анх 1996 онд Ардчилсан нам ялж, Ж.Оюунгэрэл намын нөлөөгөөр НИК-ын захирал гэх ажлаас халагдаад, гэртээ байж байтал Ш.Оюунбилэг агсан түүнийг шатахууны бизнес хийхийг зөвлөн, өөрийн багын найз Ч.Даваанямтай холбож өгсөн хэмээн улс төрчид ярьдаг.   Ман Петровисын захирал Д.Энхчимэг хатагтай түүний том охин ажээ. Гэхдээ түүний анхны эхнэрээс гарсан охин нь. Тиймдээ ч тэрбээр өөрийн охиндоо шатахууны бизнесээ залгамжлуулан үлдээсэн гэсэн мэдээлэл байдаг. 

Мөн үүнээс гадна Ч.Давааням одоогоор Шагдарсүрэн гэх хоёр дахь эхнэртэйгээ АНУ-д амьдардаг. Түүний хувьд Ерөнхий сайд асан С.Баярын охиноос АНУ-д үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан гэсэн мэдээлэл өмнө гарч байсан. Ерөнхий сайд асан С.Баяртай нэлээд дотно. Ч.Давааням  анх 2011 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оффшор данс нээсэн. Тэрбээр оффшор данс нээлгэхдээ Moon land investmens limited компани дээр давхар бүртгэл хийлгэсэн байна. Үүнээс гадна тэрбээр хоёр компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд тэдгээрийг нэг нь татан буугдсан нэгэнд нь Самбалхүндэв гэдэг иргэнтэй хамт хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн байдаг.  

Америк эмэгтэй олон жил Монгол охиныг гэртээ хорьж байсан нь илэрчээ

АНУ-ын Индиана мужийн оршин суугч Мэри Хеллэр гэх эмэгтэй гэртээ өсвөр насны хоёр охиныг олон жилийн турш хорьж байсаныг цагдаагийнхан илрүүлжээ. Мэри Хеллэр хэмээх энэ эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна. Сэжигтэний гэрт өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэж цагдаагийн газраас мэдэгдэв. 
Сэжигтэн  19 ба 15 настай охидыг багад нь сургуулиас гарган гэртээ байлгаж, өөрөө дөрвөн аргын тоо, бичиг үсэг заах гэж оролдож байсан ч сүүлдээ больж, зөвхөн хорьж цагддаг болсон тухай охид мэдүүлсэн байна. Охид маш их турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд ороод байжээ. Одоо тэднийг Хүүхэд Хамгаалах Төвд байрлуулж, анхан шатны боловсрол олгож байгаа гэнэ.
Тэдний ойролцоо амьдарч байсан нэгэн эмэгтэй анх охидын талаар дуудлага өгчээ. Охидын амьдардаг өрөөний цонхыг цаасаар хаасан байсан бөгөөд нэг өдөр Мэри Хеллэр охидыг түргэн хоолны газар дагуулан орсон аж. Охид түргэн хоолны газар орохдоо хоол хэрхэн захиалахаа мэдэхгүй байхаас гадна маш бага идэж байсан нь эмэгтэйд сэжигтэй санагдаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Wane TV, Fox59

Л.Цандэлэг: Би Цогоог хүчиндэнэ

Олон нийтийн сүлжээнд Л.Цандэлэгийг залуу охин өдсөн гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдөр гарсан. Тодруулбал, Монголын морин спорт уяачдын холбооны 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо үзэсгэлэнд оролцохоор өнгөрсөн бямба гаригийн шөнө (2017.09.30-10.01) Замын-Үүдээс Сайншандын чиглэлд зорчихдоо цагдаагийн байгууллагад байцаагдсан байна. Тухайн үед Монголын морин спорт уяачдын холбооны хүмүүстэй хамт Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Д.Батбаярын  охин дайгджээ. Сайншанд руу хөдлөх замд охин аав Д.Батбаяр руугаа утасдаж, Уяачдын холбооныхон шоглож, хоргоож, өдөөд амар тайван явуулахгүй байсан талаар хэлсэн гэнэ.

Тухайн өдрийнхөө шөнө Сайншандын зам дээр гурав, дөрвөн  жийптэй, Зам, тээврийн хөгжлийн яамны Б.Цоггэрэлийн хүмүүс ирж, цагдаагийн  байгууллагад тухайн хүмүүсийг шалгуулах хүсэлт тавьж, тухайн хүмүүсээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан байна. Энэ талаар алдарт уяач Л.Цандэлэг хэлэхдээ “Хэргийг хууль хяналтын байгууллагад шалгуулж буруугүй гэдгээ нотолсныхоо дараа Цогоог  зодно. Цогоог хүчинднэ” хэмээн хэлсэн байна. 

Х.Баттулга: Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд хийдэгийг хориглох хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгнээс онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

60 ТЭРБУМЫН” ХЭРГИЙН ГЭРЧ НЬ ТОДОРХОЙ, ҮЙЛДЭЛ НЬ ТОДОРХОЙ БАЙХАД ЯАГААД ЭЗЭНГҮЙ МЭТ СУУЖ БАЙГАА ЮМ БЭ?

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна.  
  2. Хэдийгээр 2017 онд эдийн засаг  5.3 хувийн өсөлттэй гарахаар таамаглал байгаа ч улс орны эдийн засаг, санхүүгийн төлөв муу байна.
  3.  Монголын улстөрчдийн гаргаж ирсэн гол алдаа нь гадныхны дэмжлэг, тусламж, зөвлөгөөг үндэсний онцлогт тохируулалгүй сохроор хуулбарлах, үг дуугүй даган биелүүлэхдээ үндэснийхээ язгуур эрх ашигт яв цав тохируулалгүй явж ирсэнд л байгааг энд сануулж хэлмээр байна.
  4. ОУВС-гийн тулгасан болзлуудаас жишээ нь, малыг барьцаа хөрөнгөд тооцохгүй гэдэг бол Монголын онцлогийг яавч тусгаагүй, тооцоогүй зүйл мөн.
  5. ОУВС-гийн болзол дунд бодох зүйл цөөнгүй харагдсаныг УИХ хэлэлцэн шийдвэрлэхдээ Монголын эрх ашгийг тэргүүнд нь эрэмбэлээрэй.   
  6. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан.
  7.  Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё. 
  8. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй.  Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна.
  9. Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай.
  10. Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараачаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дамжиггүй.
  11. Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.
  12. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй.
  13. Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа.
  14. Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш!
  15. Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм.
  16.  Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй.
  17. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ.
  18. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.
  19. Хуулийн байгууллагын ажилтнууд улс төржиж, хэн нэг улс төрчийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл нь болон хувирсан байна.
  20.  Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр зах дээр бараа зардаг шиг арилжсан гэх “60 тэрбумын”, Монголын баялгийг гадагш нь гаргаад мөнгийг нь оруулж ирээгүй “Оффшорчдын” гэх мэт гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгон аргацаах, шалгаж байна хэмээн цаг авч байна.
  21.  УИХ, шинээр байгуулагдах Засгийн газар эдгээр олон нийтэд илэрхий болсон дуулиант хэргүүдийг хурдан шуурхай шийдэхэд анхаарлаа хандуулах цаг болжээ.
  22. “60 тэрбумын” хэргийн гэрч нь тодорхой, үйлдэл нь тодорхой байхад яагаад эзэнгүй мэт сууж байгаа юм бэ? Багш, эмч  нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага.
  23. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий. Б
  24. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.
  25.  Арьс, нэхий зарагдахгүй байна, хямд байна гэж бачимдах шаардлага малчдад алга болно. Саяхан та бүхэн нэхийний үнэ хэд болсныг мэдэж байгаа. 500 төгрөг болсон.
  26. Хэрэв бид боловсруулах үйлдвэр барих юм бол ширхэг арьс тутам нь 300 ам.доллартай тэнцэх нэмүү өртөг бүтээх салбар байгаа юм.
  27. Хонины нэхий 500 төгрөг байхад гаднаас бид 1500 төгрөгөөр түргэн гоймон авч хэрэглэж байгаатай харьцуулах ёстой.    
  28. Ирэх оны төсвийг УИХ-ын намрын чуулганаар маш бодитой, ажил хэрэгчээр хэлэлцэж эдийн засагт эерэг дохио өгөхөөр алдагдалгүй, чамбай төсөв батлахыг цаг хугацаа биднээс шаардаж байна.

УИХ-ын намрын чуулганы нээлтэд ТАВАН гишүүн оролцсонгүй

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээлтэй хийлээ. УИХ-ын намрын чуулганы нээлтэд 76 гишүүн оролцох ёстойгоос 71 нь хүрэлцэн ирлээ.УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ё.Баатарбилэг, Б.Наранхүү, Я.Содбаатар, О.Содбилэг нарын таван гишүүн чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсонгүй. УИХ-ын гишүүдээс хэн нь цагтаа ирсэн талаар мэдээллийг хүргэж байна. Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. 

Төр захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08.30 цагт эхэлнэ

Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08.30 цагаас эхэлнэ. Улаанбаатархотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл төр захиргааны байгууллагуудын  ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, ажлын цагийг 08.00 цаг болгосон байсан юм.

НИТХ-ын даргыг сонгох хурал дахин хойшиллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох байсан. Гэвч НИТХ дахь МАН-ын бүлэг аравдугаар сарын 09-ний өдөр хүртэл завсарлага авлаа. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшиж байгаа билээ. 

Шуурхай: "Ид шидийн орон" хүүхдийн төвд гал тавиад зугтжээ

"Лантуун дохио" ТББ-ын санаачлага, гүйцэтгэлээр "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төв хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн.  Харин төслийн гүйцэтгэгчээр "Лантуун дохио" ТББ-ын үндсэн 30 гаруй гишүүн, 150 гаруй сайн дурын залуучууд ажиллаж, нээлтээ хийсэн. Нээлтээ хийгээд удаагүй байсан  "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд нэгэн этгээд гар тавиад зугтаажээ. Энэ талаар "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан цахим хуудаснаа "Залуусын сайхан арга хэмжээнд очин “Ид шидийн орон”-хоо талаар сайхан яриа хийгээд гарч ирэх хооронд манай хүүхдийн төвд гал тавьж, хорлон сүйтгэх халдлага явуулжээ. Ядаж хүүхдийн юмыг зүгээр орхиж болоогүй юм байх даа. Яаралтай гэрээлэн ажиллах хамгаалалтын алба хайж байна. Азаар хурдан зогсоож нэг сандлаас илүү хохирол амсаагүй болно. Цагдаад мэдэгдэн шалгаж эхлээд байна" хэмээн бичсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment