8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Салаавч гаргасан Ц.Баярцогтыг 250.000₮-өөр торгосныг хүчингүй болгож, АНУ-д хоригдож хүүхэд монгол биш болох нь тогтоогджээ

2017-10-03 18:40:00

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь. Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрт Монголын нэг өдөр тоймоо хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Нийслэлээ бус, эрх ашгаа бодсон НИТХ-ын завсарлага

НИТХ-ын арваннэгдүгээр хуралдааныг өчигдөр буюу энэ сарын 2-ны өдөр хуралдаж даргаа сонгох товтой байсан. НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшиж байгаа.

Гэтэл хуралдаан эхэлмэгц НИТХ дахь МАН-ын бүлгээс долоо хоногийн завсарлага авч хуралдааныг дахин хойшлуулав. Ингэснээр хурал хойшлогдож ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 9-нд 10:00 цагаас хуралдахаар боллоо.

МАН-ын бүлэг “дотоод асуудлаа шийдвэрлэж чадаагүй учир дахин завсарлага авах болсон” гэв. Уг нь НИТХ-ын даргыг сонгох тус хуралдаан есдүгээр сарын 22-нд эхэлсэн. Тухайн үед санал хураах хурал хаалттай горимд шилжиж, нууц санал хураалт явуулснаар НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн Д.Баярсайхан, С.Амарсайхан нарын санал тэнцсэн.  Тиймээс МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан бөгөөд өчигдөр завсарлагын хугацаа дуусан хуралдаан эхэлсэн ч дахин долоо хоногоор хойшлууллаа. Хэрвээ завсарлагыг сунгах шаардлага байгаа бол НИТХ дахь МАН-ын бүлэг одоогийн дэгт заасны дагуу хууль, дэгээ мөрдөөд завсарлагыг сунгах хүсэлтэй байгаагаа хуралдааныг эхлүүлсний дараа мэдэгдэх ёстой аж. Гэтэл завсарлага сунгах, нэмж авах талаар ямар нэгэн зүйлийг илэрхийлэхгүйгээр өчигдрийн хуралдааныг хойшлуулсан байна.

Дүрмээрээ бол 2018 оны Нийслэлийн үндсэн чиглэлийг аравдугаар сарын 5-ны дотор өргөн барих учиртай. Ирэх 2018 онд хийгдэх гол ажлыг НИТХ хийх ёстой.  Нийслэлийн төсөв, агаарын бохирдол, өвөлжилтийн бэлтгэл ажил гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байтал ийнхүү хурлыг хойшлуулсан нь шалтгаантай гэх мэдээлэл гарч байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр НИТХ дахь МАН-ын бүлэг тохиолцоонд хүрээгүй байгаа аж. Мөн 60 тэрбумынхан, Ц.Сандуйгийн багийнханд шинэ, эрч хүч бус харин өөрсдийнх нь гарын аясаар хөдөлж байх дуулгавартай нэгэн л хэрэгтэй гэнэ. Тиймээс л дахин санал хураалтын хугацааг хойшлуулж, завсарлага авч цаг хожих оролдлого, арга ч байж болохыг үгүйсгэхгүй.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Засгийн газар "Оффшор бүс"-ийн жагсаалтыг баталлаа

Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанаар баталсан. Жагсаалтыг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан үнэлгээнд тулгуурлан шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчилж байхаар тогтсон. Жагсаалтад Бахамын болон Маршаллын арлууд, Бүгд Найрамдах Панам Улс, Пуэрто-Рико, Микронезийн Холбооны Улс зэрэг 50 гаруй улсын нутаг дэвсгэрийг багтаасан байна. Үүнд:

Ингэснээр хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр, удирдах албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд албан тушаал хаших хугацаандаа дээрх оффшор бүсэд банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмч

ГХЯ: АНУ-д болсон халдлагад Монгол иргэд өртөөгүй

АНУ-ын Лас Вегас хотод 10 дугаар сарын 1-ний өдөр “Route 91 Harvest Festival” хөгжмийн  наадмын үеэр зэвсэгт халдлага болж, 58 хүн нас барж, 500 гаруй иргэн шархдан эмнэлэгт хүргэгдсэн. Зэвсэгт халдлагыг үйлдсэн хэрэгт АНУ-ын иргэн 64 настай Стэпэн Паддокийг сэжиглэж байгаа бөгөөд цагдаагийн ажилтнууд сэжигтний байрлаж байсан “Mandala Bay” зочид буудлын өрөөнд нэвтрэхэд амиа хорлосон байдалтай олджээ. Халдлагад Монгол Улсын иргэн өртсөн гэсэн мэдээлэл байхгүй гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өглөө. 

Бөхчүүд нийт барилдааны 50-70 хувьд оролцож байж наадмаар зодоглоно

Есдүгээр сарын 27-нд хуралдсан Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид бөхчүүдийг журамлах, шагнаж урамшуулах шинэ журам баталжээ. Энэ сарын 8-наас дагаж мөрдөх уг шинэ журмаар бол улсын цолтой бөхчүүд МҮБХ-ноос зохион байгуулдаг нэгэн жилийн нийт барилдааны 50-70 хувьд оролцоогүй бол Цагаан сарын барилдаан болон Улсын наадамд зодоглох эрхгүй болох юм байна. 

Энэ тухай Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт, сэтгүүлч Э.Мөнхтүвшинд өгсөн ярилцлагадаа “35-аас дээш настай бөхчүүд барилдаануудад тааллаараа оролцоно, харин 30-34 настай бөхчүүд нийт барилдааны 50 хувьд, 29-өөс доош настай бөхчүүд 70 хувьд оролцож байж Цагаан сарын барилдаан, төрийн наадамд зодоглох эрхтэй болно” гэжээ. МҮБХ-ноос жилдээ 20 барилдаан зохион байгуулдаг бөгөөд ингэж журамласнаар улсын цолтой бөхчүүд ард түмнээ хүндлэх, цолныхоо нэр хүндийг хадгалах үүрэг хүлээх болов.

Нэгэнт барилдах эрхэнд нь халдаж, үүрэгжүүлэхийн зэрэгцээ бөхчүүдээ урамшуулах механизмыг энэхүү журамд бас тусгажээ. Тухайлбал, аварга, арслан, гарьд цолтнууд дундаас жилийн хугацаанд барилдах болзлоо гүйцээж нийлбэр дүнгээр хамгийн өндөр амжилт гаргасан нэг бөхийг “Үзэгчээ дээдлэгч бөх”-өөр өргөмжилж, 10 сая, мөн улсын заан, харцага, начин цолтой нэг бөхийг таван сая төгрөгөөр урамшуулах болжээ. Үүнээс гадна МҮБХ-ноос зохион байгуулдаг барилдаануудад оролцсоных нь төлөө улсын цолтой бөхчүүдэд бай дээр нь нэмээд 110-330 мянган төгрөгийн нэмэлт урамшууллыг барилдаан бүрт олгож байхаар болсон байна.

Салаавч гаргасан Ц.Баярцогтыг 250.000₮-өөр торгосныг хүчингүй болголоо
 

Замын цагдаа руу салаавч гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг шүүх хурал  өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. 
Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл хүндэтгэж хэл амаар доромжилсон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж түүнийг шалгаж байгаа бөгөөд хуулиараа бол 2.7 саяас 14 сая төгрөгөөр торгох эсвэл гурван сараас зургаан сар хүртэлх хугацаатайгаар хорих шийтгэлтэй ажээ. Гэтэл Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчил гаргагч Ц.Баярцогтод авсан эрх бүхий албан хаагч буюу цагдаагийн шийдвэрийг шүүхээс хүчингүй болгожээ. Тодруулбал, Ц.Баярцогтод оногдуулсан 250.000 төгрөгний торгуулийг хүчингүй болгож байгаа аж. 
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн тухай мэдээлэл өмнө гарсан. Үдээс хойш шүүх хурал үргэлжлэх юм байна. 
 

Шаардлага хангаагүй 54 байгууллагад тусгай дуут дохио олгосонгүй

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, албан тушаалтны 1819 тээврийн хэрэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзан шийдвэрлэсэн байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзснээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон байна. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.

Тусгай дуут болон гэрлэн дохио ашиглаж байсан тээврийн хэрэгслийн тоо жилийн дотор 2 дахин буурчээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 сарын 07-ны А/62 тушаалаар Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх" журмыг шинэчлэн баталсан нь ийнхүү үр дүнгээ өгч байна.

АНУ-д хорионд байсан охин монгол хүүхэд биш болох нь тогтоогджээ

АНУ-ын Индиана мужийн оршин суугч Мэри Хеллэр гэх эмэгтэй гэртээ өсвөр насны хоёр охиныг олон жилийн турш хорьж байсаныг цагдаагийнхан илрүүлсэн талаар мэдээлэл өчигдөр гарсан. Мэри Хеллэр хэмээх энэ эмэгтэйг баривчлан шалгаж, шоронд хориод байгаа юм байна. Сэжигтэний гэрт өсвөр насны хоёр охин байсны том нь Хятадаас, бага нь Монголоос ирсэн хүүхдүүд байсан гэж цагдаагийн газраас мэдэгдсэн. Тус хоригдож байсан гэх монгол охины асуудлыг ГХЯ, Гадаадын иргэн харьяатын газар хамтран судалсан байна. Манай хүүхдийн эрхийн байгууллага болон Гадаадын иргэн харьяатын газраас  Вашингтон хот дахь Элчин сайдын яамтай холбогдон хүүхдийн асуудлыг тодруулах ажиллагаа явуулсан байна. Вашингтон хот дахь Элчин сайдын яамнаас  "Гэрийн хорионд хоригдож байсан охин монгол охин биш болох нь тогтоогдлоо" гэх утгатай мэдэгдэл хүргүүлсэн байна. 

А.Цэрэнсодном: Цагдаад салаавч “өгсөн” иргэн Б-г 48 цаг саатуулсан

Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, эсэргүүцсэн гэх иргэний талаарх мэдээллүүд олны анхаарлыг татаж байна.Тухайн иргэнд хуулийн хариуцлага оногдуулсан, оногдуулаагүй гэх эргэлзээтэй мэдээллүүд цацагдаж байгаа учраас Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга А.Цэрэнсодномоос зарим асуултанд хариулт авлаа.

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, хэл амаар доромжилсон гэх мэдээлэл, дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа.Тухайн иргэний зөрчилд хуулийн ямар хариуцлага тооцсон бэ?

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-н өдөр Land cruiser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, О автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгасан. Энэ үед тухайн автомашинд зорчиж явсан Б гэгч иргэн "Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна" гээд хэл амаар доромжилж, тавьсан шаардлага эсэргүүцсэн гэх зөрчил гаргасан байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас тухайн зөрчлийг шалган 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан "төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” гэх заалтын дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад иргэн Б-гийнүйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан "Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, танхайрсан үйлдэл байна гэж үзэж” 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлсэн.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн зөрчлийг хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд иргэн Б-г 48 цаг хүртэл хугацаагаар саатуулаад байгаа болно.

-Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасан бол ямар шийтгэл оногдуулах ёстой вэ?.

-Дээрх зүйлд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан байгаа. Үүнийг шүүх шийдвэрлэнэ.

-Тухайн автомашин дуут дохионы тусгай зөвшөөрөл эзэмших эрхгүй байсан гэх мэдээлэл байна. Иргэн Б нь дуут дохио ашиглах эрх бүхий албан тушаалтан мөн байсан уу?.

-Тухайн тээврийн хэрэгсэл нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөлтэй байсан. Тухайн зөвшөөрлийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс тусгай шаардлага хангасан машинд ашиглахыг зөвшөөрдөг юм. Тиймээс энэ асуудлыг Замын цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэх үүрэгтэй юм. Хэрвээ тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн бол хэн ч байсан хуульд заасан хариуцлага хүлээнэ. Прокуророос иргэн Б-д холбогдох Зөрчлийн материалыг хянаж, шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөн, хариуцлага хүлээлгэхээр, шүүхэд дүгнэлт бичиж хүргүүлээд байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment