8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: МУ-ын 30 дахь Ерөнхий сайд тамгаа гардан авч, Эмч нар ажил хаялт зарлахаа сануулж жагссан өдөр

2017-10-04 18:29:00

Үдэш бүрийн энэ цаг мөчид учран золгодог “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө өнөөдөр нийгэм улс төрийн амьдралд болж өнгөрсөн үйл явдлаас онцолъё. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон юм. Ингэснээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орсон юм.

Өнөөдөр хэвлэлийн хуудаснаа

New York times: "Монголын хогийн цэг дээрх амьдрал"

Nytimes.com сайтад ""Монголчуудын амьдралын дүр төрх"  гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан байна. Тус нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

Монгол Улсын нийслэлд Долгорын  Дашням гэх 55 настай эмэгтэй амьдардаг. Тэрбээр Монголын хамгийн том хогийн цэгт амьдардаг. Д.Дашням өдрийг хаягдал лааз, шил болон төмөр хайж өнгөрүүлдэг.  Олсон хаягдал лааз болон төмрөө тушаан ус талх авдаг байна.

55 настай хатагтай Д.Дашням нь их сургуулиа төгсөөд фермер ажиллуулж, баян болохыг хүсдэг байжээ. Гэвч хямд орон сууцны хомсдол нь түүнийг болон олон мянган бага орлоготой оршин суугчдыг  Улаанбаатарын гудамжинд гаргаж байна.

"Хэн ч бидний төлөө санаа тавьдаггүй" гэж хатагтай Д.Дашням хэлсэн бөгөөд өдөрт 3 орчим доллар олдог хэмээн хуучиллаа. Мөн тэрбээр Засгийн газраас олгож буй хөнгөлттэй орон сууцыг авах боломжгүй аж.

Сүүлийн жилүүдэд хэдэн зуун мянган хүн Улаанбаатарт өндөр цалинтай ажлын байр,ба орон сууцанд нь хууртагдан хөдөөнөөс хотыг зорьж суурьшаар л байна. Тэдгээр хүмүүс нь малын гачигдал болон уур амьсгалын огцом өөрчлөлтөөс болж хөдөөнөөс зугтааж байна.

Гэхдээ хотын амьдрал улам бүр дордсоор л байна. Хотын гудамжаар тансаг өндөр барилгууд нь элбэг байдаг ч боломжийн үнэтэй, худалдаад авах орон сууц нь ховор байдаг. Үүнээс болж орон гэргүй хүмүүс нэмэгдэж, ядуу иргэд нэмэгдсээр байна. Хотын утааны бохирдол маш их бөгөөд цахилгаан болон цэвэр ус иргэдэд хүрэх нь хүртэл хэцүү болж байна.

Далайн түвшнээс дээш 4,400 метр өндөрт орших Улаанбаатар нь анх  хэдэн зуун мянган оршин суугчдыг байрлуулах төлөвлөөгүй байсан юм. Одоогийн байдлаар Монголын Засгийн газар хөдөөнөөс хот руу ирж байгаа иргэдийн тоог хянаж чадахгүй байх юм.

Хотын удирдлагууд сургуулын хомсдол, халамжийн систем дутагдалтай байгаа талаар дурдаж байсан бол энэ жил Улаанбаатарт шилжин ирэх оршин суурьшигчдын тоо нэмэгдэхгүй гэж мэдэгджээ. Зарим газар гэр хорооллын барилга байгууламж барьж байгуулахыг эсэргүүцэж байгаа юм байна. Гэсэн хэдий ч Монголчууд нь маш зөрүүд учир хад уулны бэлд ч хамаагүй гэрээ барин амьдардаг байна.

Долгорын  Дашнямаас гадна 50 настай Х.Цэрэндоржийн гэр бүл айлын хашаанд нэг жилийн турш амьдарч байна. Х.Цэрэндорж хатагтай хотын төвөөс хол амьдрахыг хүсээгүй бөгөөд  ямар ч сонголт байгаагүй гэнэ. Монгол Улсын хуулийн дагуу иргэдэд ойролцоогоор 700 квадрат метр талбай газар өгдөг бөгөөд ингэснээр олон хүмүүс нам дор газар  авч чаддаггүй үлддэг байна."Энэ бол шударга бус явдал" гэж тэр хэлэв. "Нам дор, эрүүл тэгш газар бүрийг  хүн авсан байдаг" хэмээн иргэн Х.Цэрэндорж ярьж байна.

Хатагтай Х.Цэрэндоржийн 26 настай хүү сүрьеэгээр өвчилсөн бөгөөд гэр бүлийн тусгаарлалт нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад хэцүү болгожээ. Тэрбээр найдвартай цахилгаан эрчим хүч байхгүй ба газрын хөрсний бохирдол зэрэг байгалийн гамшигт нэрвэгдэж байгаадаа сэтгэл зовниж байгаагаа хэлжээ

38 настай Г.Мандах одоо таксины жолоочоор ажиллаж байна. Эхнэр нь Солонгос хоолны ресторанд тогоочоор ажилладаг. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд сард 500 долларын цалин авдаг. Гурван жилийн өмнө Улаанбаатарт шилжин суурьшсан гэнэ. Г.Мандах хатуу ширүүн өвлийн улиралд хэдэн арван үхэр, тэмээ, ямаа, хонио зуданд үхүүлж, хөдөө амьдрах боломжгүй болсон учраас нийслэлийг зорьж ирсэн аж. 

"Мэдээжийн хэрэг, энд бидэнд олон асуудал байна. "Гэхдээ энэ нь хөдөө орон нутагт амьдрахаас хамаагүй дээр” хэмээн Н.Мандах ярьж байна.

Харин Ю.Сосорбарам гэх 59 настай хувийн бизнес эрхлэгч, унаган хотын иргэн ярихдаа  “Хотын иргэд зун нь аадар борооны улмаас үерт автах, өвөл нь агаарын бохирдол ихсэж аюултай түвшинд хүрч байна" хэмээн хуучиллаа. Хотын амьдрал хэтэрхий хэцүү болж байна. Хөдөө орон нутагт ажил эрхэлдэг оршин суугчдыг дэмжихийн тулд Засгийн газар илүү ихийг хийх хэрэгтэй гэж тэр хэллээ.

Улаанбаатар хотын захиргаа 2030 он гэхэд хямд өртөгтэй орон сууцанд тэрбум тэрбумаар хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Монголын Засгийн газрын төлөвлөсөнөөр 2030 он гэхэд орон сууцанд амьдардаг иргэдийн хувийг  70 хувьтай болгоно гэж байгаа аж.  

Уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай Монгол улсын эдийн засаг нь дэлхийн хэмжээнд хөрөнгө оруулагчдын нэг байсан бөгөөд 2011 онд түүхий эдийн үнэ өссөнөөр эдийн засаг нь  17.3 хувиар өссөн байна. Сүүлийн жилүүдэд 1% -иар өсч, энэ оны эхний хагаст 5.3% -иар өссөн байна.
Хотын хүн ам 2020 он гэхэд 1.6 сая, 2030 он гэхэд 2030 он гэхэд  2.1 сая хүрнэ гэж тооцоолж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхээр болжээ

Монгол улсын 30 дах Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдож,  тамга тэмдэгээ хүлээн авч, төрийн гүйцэтгэх засаглал эзэнтэй боллоо. УИХ-ын  47 гишүүн 100 хувийн саналаар түүнийг Ерөнхий сайдаар томилсон бол өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан тэргүүтэй 29 гишүүн УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсонгүй, түүнийг дэмжсэнгүй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлсэн үг тренд болж, сошиол орчинд постер болон түгэж байна.

Шударга ёс, үнэн мөнөөр цангасан иргэд түүний үгийг ярьж байна. Гэхдээ бид одоо ерөнхий сайдаас амлалт биш ажлыг нэхэх нь зүйтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөгөөдөртөө багтаж Засгийн газрын гишүүд, сайдуудын саналаа  УИХ-ын чуулганаар оруулж ирэх байх. Гэвч өнөөдрийн УИХ-ын чуулганд оролцоогүй 29 гишүүн дунд сайдын суудал дээрээ хэвээр үлдэх гэсэн, эсвэл шинээр сайд болох гэсэн хүсэл эрмэлзлэлтэй гишүүд цөөнгүй байсан нь илт.  Товчхондоо тэд “60 тэрбумын багийнхан”. Урьд урьдын тогтсон жишиг, төрийн албан тушаалыг хуйвалдаан, тохироо, бүлэглэлийн сүлжээ, шантаажаар авч сурсан зан, тэр л жишгээрээ тэд  У.Хүрэлсүхээс сайдын сандал суудал нэхсэнч цаадах нь чуулган дээр хэлсэн “Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно. Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна” гэсэн үгээрээ хариу барьчихав бололтой.

Түүний хэлсэн энэ үг болон УИХ-ын чуулган дээр Д.Тэрбишдагва гишүүний асуусан “Засгийн газрын давхар дээлтэй гишүүдийн тоог нэмэх үү, хасах уу?” гэсэн асуултанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулахдаа “Парламентаас бүрдүүлнэ” гэж хэлсэн үгнээс үзэхэд шинэ Ерөнхий сайд маань УИХ-ын танхимаас Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх нь тодорхой боллоо.

“Давхар дээл, дан дээл” гэх нэрээр УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт  ажлыг хавсран гүйцэтгэхийг хэлдэг болоод удаж байгаа.  Холбогдох хуульд энэ асуудлыг хориглосон, квот тогтоосон зүйл байхгүй.

Улс орны эдийн засаг хямралтай,  бондын өрийн төлөлт хаяа даран нэхэгдсэн энэ цаг үед Засгийн газрын гишүүнээр  УИХ-ын гишүүнийг сонгох нь  магадгүй нэг талаас засаг тогтвортой ажиллах, нөгөө талаас эдийн засгийн хямралыг хурдтай даван туулах нөхцөл гэж шинэ ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцсон бололтой.

Парламент болон Засгийн газрын уялдааг  УИХ-ын чуулган дээр хэлэлцэгдсэн төсөл хөтөлбөрүүд гүйцэтгэх засаглалын хэмжээнд хурдан  шуурхай хэрэгжих боломжтой гэж харж болох юм.

Өмнөх  Засгийн газрын жишээнээс харахад  дан дээлтэй Засгийн газрын сайд нарын хувьд  УИХ-тай харилцах харилцаа нь хүчтэй биш, үлбэгэр  шинжтэй байсан боловуу гэж ажиглагдсан. Тэгвэл  УИХ-ын гишүүдээс  шинэ Засгийн газрыг бүрдүүлснээр  парламентад  хүчтэй  нөлөөлдөг, эргээд парламентаасаа  дэмжлэг  авах боломжтой Засгийн газар байгуулагдах юм байна гэж дүгнэж болохоор.

Нийгэм, цаг үе, олон нийт  У.Хүрэлсүхийн Засгийн газрыг  хүчтэй, хариуцлагатай, тогтвортой ажиллахыг хүсэж байгаа.  Түүнчлэн УИХ-д суудалтай МАН-ын  65-ын бүлэг 2020 оны сонгуульд амжилттай оролцохын тулд шинэ Ерөнхий сайдаа бүлгээрээ дэмжин Засгийн газраа тогтворжуулан хамтран ажиллаж, улс орны хөгжил, ард түмний амьдрал ахуйг дээшлүүлсэн жаахан ч гэсэн шийдлийг олж харах хэрэгтэй байгаа юм.

Ийм нөхцөл шалтгаануудын улмаас “Хүчтэй Ерөнхий сайд” байхаа илэрхийлсэн У.Хүрэлсүх  Засгийн газрын гишүүдээ  УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх ээр төлөвлөсөн болов уу.

Төрийн банк хууль зөрчин байж 20 тэрбумын зээл гаргасан нь ямар учиртай бэ

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан ажлаа авсан даруйдаа тус банкны 267 ажилтныг ажлаас нь халсан талаар мэдээлэл өнгөрсөн өвөл гарч байсан. Мөн өнгөрсөн сард Төрийн банкны захирлуудын цалингийн мэдээлэл олон нийтэд ил болсон юм. Төрийн банк нь монголын хамгийн олон захиралтай банк аж. 

Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг болдог. 

Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг 3-н орлогч захирал бий. Тэдний доор чиглэл бүрээ хариуцсан 7-н захирал ажиллана. 7-н захирлын доор 15 газар ажиллах бөгөөд бүгд захирлуудтай аж. Энэ мэдээлэл цадагдсан даруй олон нийтийн цахим сүлжээнд иргэдийн шүүмжлэлд нэлээд өртсөн. Учир нь дээрх захирлууд бүгд хэн нэгэн эрх мэдэлтний хамаатан садан, ах дүү, ураг төрөл болох нь ил болсон. 

Энэ бол зөвхөн цалин. Гар утас, унаа машин, захирлын тусгай зардал гээд энэ бүгдийг нэмэх юм бол нэлээд их мөнгө болох нь мэдээж. 

Төрийн банк нь Монгол Улсын Засгийн Газрын 2009 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн хурлын тогтоолоор 100 хувь төрийн өмчит банк болон байгуулагдсан арилжааны банк юм. Дампуурсан Зоос банкны суурин дээр байгуулж, Хадгаламж банкыг нийлүүлсэн Төрийн банк үнэндээ төрийн өмчит компани болсон.  Эх сурвалжийн мэдээлснээр Төрийн банк  өнөөдрийн байдлаар 17 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг гэх мэдээлэл өгсөн юм. Тэгвэл өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 2-ны өдрийн С1 телевизийн “Цензургүй” сурвалжлага нэвтрүүлэгээр Төрийн банктай холбоотой нэгэн баримт дэлгэгдсэн юм.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван өдрийн өмнө буюу 2017 оны 6 сарын 23 оны өдөр Хятадын хөрөнгө оруулалттай Шинжиан Шинфа ХХК-д Төрийн банк 20 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай баримт юм. Д.Баярсайхан тэргүүтэй Төрийн банкны удирдлагууд болон Удирдах зөвлөлийн гишүүд Банкны тухай хуулийн 17.3-ийг зөрчиж уг зээлийг олгосон талаар “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт дурдсан юм.

Төрийн банк нь өөрийн хөрөнгийн таван хувиас хэтрэхгүй зээл олгоно гэсэн банкны тухай хуулийг энэ тохиолдолд зөрчсөн аж. Тухайлбал Төрийн банк нэг удаадаа 5 тэрбум хүртэлхээс хэтрэхгүй байх гэсэн зүйл заалттай юм байна. Гэтэл Төрийн банкны удирдлагууд ийнхүү банкны тухай хуулиа зөрчин байж хятадын хөрөнгө оруулалттай Шинжиан шинфа ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээлийг НЭГ ӨДРИЙН дотор гаргаж өгсөн байна.

Нэг өдрийн дотор гэж тодотгосны учир нь Төрийн банкны захирал Д.Баярсайхан 2017 оны 6 сарын 23 өдөр Тухайн үеийн Сангийн Сайд, одоогийн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнд Шинжиан шинфа ХХК-д зээл олгох чиглэл хүссэн албан бичиг хүргүүлсэн байна. Тухайн өдрөө Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн Шинжиан шинфа ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээл өгөхийг зөвшөөрсөн бичиг хариу явуулсан байна. Улмаар Төрийн банк энэ өдрөө Шинжиан шинфа ХХК-д 20 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгчээ.

Энэ үйл явц бүгд нэг өдөр болсон гэдэг нь хачирхалтай бас шуурхай гэхээс өөр юу гэх билээ. Жирийн нэг иргэн цалингийн зээл авах гэхээр 2-3 өдөр хүлээлгэж байж гардаг. Гэтэл 20 тэрбумын зээлийг нэг өдрийн дотор шийдэж өгсөн Төрийн банкны удирдлагууд хэн нэгний тушаалаар хөдөлдөг нь энэ жишээ, баримтаас харагдана. Мөн ямар их лоби, нөлөө байгаа нь илт байна. Төрийн банк хууль зөрчин байж нэг өдрийн дотор хятадын хөрөнгө оруулалттай компанид 20 тэрбумын зээл олгосон нь ямар учиртай бэ.  Төрийн банк нь 60 тэрбумын схемийг “ёсчлон” дагаж, хэрэгжлүүлж байна гэвэл хол зөрөхгүй нь лавтай.

Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр хүн дайрч амь насыг нь хохироосон гэв үү

Ж.Эрдэнэбат өнөөдөр Ерөнхий сайдынхаа үүрэгт ажлыг шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгсөн. Харин үүрэг гүйцэтгэгч сайдуудын хувьд энэ 7 хоногт багтан салбарын шинэ сайдуудад үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Тэгвэл Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр иргэн А-ын хамтаар Булган аймгийн нутаг дэвсгэрт 1971 онд төрсөн, мотоцикл унаж явсан иргэнийг автомашинаараа дайрч амь насыг нь хохироосон гэх мэдээлэл байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ярихдаа "Мотоцикл унасан согтуу иргэн жолоодлого алдаж ирээд өөрийг нь мөргөсөн, хохирогчийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн, маргааш өглөө нь архи нь гараад биеийн байдал сайжирсан өвчтөнийг Эрдэнэтийн эмнэлэг рүү эмчлүүлэхээр авч явахад замдаа нас барсан юм билээ. Би тэр бүрэлдэхүүнд явсан гэрчийн хувьд ярьж байна" гэсэн юм.

Түүнийхээр мотоциклтой иргэн түүнийг ирээд өөрөө мөргөчихсөн юм гэнэ, тэгээд өглөө нь архи нь гарчихсан зүгээр байж байгаад гэнэтхэн бие нь муудаад төвийн том эмнэлэг явахаар болж замдаа нас барсан юм байх, миний хувьд бол гэрч төдий, тоног төхөөрөмж муутайгаас болоод иргэн амь насаа алдлаа, тиймээс эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудалд гишүүний хувьд анхаарлаа хандуулах ёстой юм байна" хэмээн ярьж байна. УИХ-ын гишүүн хэнтэй, ямар зорилгоор Булган аймагт явсан тухай асуусан сэтгүүлчийн асуултанд тэр хариулсангүй. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан автомашин осол гарган хүний амь настай холбогдсон нь үнэн бололтой.Түүний ярьж хэлж байгаа байдлаас харахад мань хүн гэрч төдий биш бөгөөд энэ хэргийн талаар ихэд нууцалж, асуудлыг аль болох дарж, аргалах байдлаар хандаж байж болзошгүй гэж хардахад хүргэж байна. Хэвлэл мэдээлэл хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч  байгаа бөгөөд Н.Номтойбаярын хувьд өөрийгөө гэрч хэмээн хэлж, мэдүүлэг өгсөн тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн.  Харин эх сурвалжийн хэлж буйгаар бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Бенз жи класс” маркийн автомашиныг өөрөө жолоодож явсан гэнэ. Н.Номтойбаяртай хамт иргэн А буюу  /найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий/" хамт явсан аж. Тус хэргийг Булган аймгийн прокурорын байгууллага шалгаж байгаа бөгөөд хэргийг маш нууц байдалтай шалгаж байгаа аж. Авто осол болсон газарт цагдаагийн байгууллагаас шинжилгээ хийгээгүй бөгөөд аймгийн прокурор шууд хяналтдаа авсан талаар эх сурвалж мэдээллээ. 

Лас Вегас : Халдлага болсон зочид буудалд олон тооны камер байрлуулсан байна

Ням гаригт Лас Вегас хотод 59 хүн амиа алж, 500 хүн бэртэж гэмтсэн харгис хэрцгий гэмт хэрэг гарсан. Тус халдлага гарсан  зочид буудлын ойролцоо болон  эргэн тойронд нь  хэд хэдэн камерыг байрлуулжээ. Кларк мужийн захирагч асан Жозеф Ломбардо хэлэхдээ, цагдаа  нарт хяналт тавихын тулд  зочид буудал болон машиндаа камер байршуулсан гэж хэллээ.

Цагдаа нар  сэжигтэн 64 настай Паддок яагаад Мандалай Бэй зочид буудлын концерт дээр гал нээсэн болохыг тогтоохоор ажилсаар л байна. Шерифэр Ломбардо сэтгүүлчдэд: "Энэ хүн анхнаасаа бэлтгэгдсэн байсан тэр өрөөнд байсан зэвсэгийн төрлөөс харж болно” хэмээн хэлсэн байна.

Энэхүү аллага нь АНУ-ын орчин үеийн түүхэнд томоохон хар  толбо үлдээж байгаа бөгөөд Америк улсын бууны хяналтын хуульд томоохон нөлөөлж байгаа хэмээн ажиглагчид үзэж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп "ямар нэгэн зүйл зүйл хийх хэрэгтэй ч одоо цаг нь биш. Паддок галзуу өвчтэй , биеэ тоосон хүн" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Гэвч АНУ-ын ахмадын албаны аюулгүй байдлын албан тушаалтан Ройтерс агентлагт мэдээлэл өгөхдөө "сэтгэцийн өвчин, тархины гэмтэлтэй" гэсэн нотолгоо байхгүй гэж мэдэгджээ.

Цагдаа нар ч гэсэн гадаадын болон дотоодын террорист байгууллагуудтай холбоотой гэх нотолгоог олж илрүүлээгүй байна.

Эмч нар ажил хаялт зарлахыг сануулж, тайван жагсаал хийлээ

Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмүүлэхийг хүсч   буйгаа илэрхийлсэн билээ. Энэхүү шаардлагын хариуг өгөхгүй байгаа учраас өнөөдөр эмч нар Ялалтын талбайд жагсаал хийлээ. Энэ нь тэдний төлөвлөгөөт тэмцлийн нэг хэлбэр бөгөөд шаардлагын хариуг өгөөгүй тул ийнхүү жагсаал хийсэн байна. Засгийн газар шаадлагын хариуг өгөхгүй бол ажил хаялт зарлана гэсэн мэдээллийг өглөө. Эмч нар өмнө нь аймаг аймагтаа жагсаал зохион байгуулж байсан бол өнөөдөр бүх аймгаас төлөөлөл ирж, ийнхүү жагсаал хийлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Тэд сайд болох уу?

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохтой холбогдуулан сайдуудын таамаг хэвлэл мэдээллээр яваад эхэлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж, бичигдэж байгаа дараахь хүмүүс байр сууриа илэрхийлжээ

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ: ӨР ЗЭЭЛИЙГ НИМГЭЛЭЭД ЯВАХ ЧАДВАРЛАГ ХҮН Л ХЭРЭГТЭЙ

 Хэн, хэн сайд болохоос илүүтэй хамгийн гол нь салбараа сайн мэдэх, ямар туршлагатай вэ гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Салбараа мэддэг ард түмний өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэх чадамжтай сайдыг л яам удирдуулах нь зүйтэй. Тэрнээс биш улстөржүүлж болохгүй. Энэ цаг үе ч шаардаж байна.

Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн л хэрэгтэй.

Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотроо шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Ерөнхий сайд өөрөө салбараа мэдэрдэг, хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой.

УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ : Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ

 Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй л дээ. Энэ сошиалаар янзан бүрийн таамаг дунд миний нэр бас яваад байх шиг байгаа юм. Миний хувьд төлөвлөсөн юм байхгүй ээ. Олонхиороо хэнийгээ яаж солихоо шийдэх асуудал учраас би урьдчилж бодсон юм байхгүй.

 УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР: Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ

Тухайн үед юу болох нь уу харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Зөв бодлогоор удирдахад болохгүй юм байхгүй. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой хэмээн хэллээ.

Гэр бүлийн долоон хүний аминд хүрсэн осолтой холбоотой Ланд Круйзерийг олжээ

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн нутагт ноцтой зам тээврийн осол гарч гэр бүлийн долоон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдуулан тус замд зорчиж явсан мөнгөлөг саарал өнгийн “Ланд Круйзер-100” автомашиныг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Өнгөрсөн сарын 29-ний өдөр тус эрэн сурвалжилж байсан “Ланд Круйзер-100” автомашиныг  Улаанбаатар хотоос олсон тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.

Осол гарах үед Тоёота Приус маркын автомашин, Тоёото Ландкруйзер 100 автомашинтай мөргөлдөж, автомашин шатсанаас нэг гэр бүлийн долоон гишүүн амиа алдсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Мэргэжлийн засгийн газар байгуулах хэрэгтэй. Нам бусчуудаас мэргэжлийн хүмүүсийг томилсон цагт энэ улс орон хөгжих нь гарцаагүй
2017/10/05 150.129.143.248