Бага залуу харагдах тул тоглож наадахад цаг гарга
Ариун хишиг бурхных тул хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул найз нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуулал тул инээж баясахад цаг гарга
Амжихгүй завгүй гэж хэлэх нь нэг мэдэхэд л дадал зуршил болчихсон байдаг. Өөртөө цэнгэж наргих, дуртай зүйлээ хийх, хайртай хүмүүс дээрээ очих зөвшөөрөл олгож, өөртөө зохиомлоор бий болгосон дарамтаа таягдаж хая. 4 хананаас гадуурх амьдрал ямар зугаатай бас “жинхэнэ” байдгийг та мэдрэх болно.
Хэдий та үнэхээр завгүй байсан ч долоо хоногийн ядаж нэг өдрийн хийх зүйлсийн тань төлөвлөгөөнд үнэн сэтгэлээсээ аз жаргалтайгаар хийж болох ямарваа нэг “ажил” байвал сайхан. Хэрэв дуртай зүйлдээ зарцуулах хугацаа бага байгаа мэт санагдвал эртнээс ажлаа төлөвлөж, бүгдийг нь нэг тийш болгочихоод зориуд цаг гаргаж, зүрхээ баясгаж, оюун санаагаа эмчилж болно. Тийм учраас та өөртөө цаг гаргаарай. Харин одоо та бүхэндээ үдэш болгоны энэ цаг мөчид хүргэдэг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа
"АFР" Монгол Улсын шинэ Засгийн газрын талаар мэдээлэл гарсан байна. Тус мэдээлэлд, Улаанбаатар (AFP)–Өчигдөр буюу лхагва гаригт Монгол Улс шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг томиллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат авлигын хэргээр суудлаасаа огцорсон. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар сайд нартаа 800 тэрбумын концесс (328 сая $) хувааж өгсөн хэргээр буруутгагдаж ийнхүү огцроод байна. Ж.Эрдэнэбат болон түүний Засгийн газрыг мөнгөн тусламж сонгогчдод өгч, сайд нартаа концесс хувааж өгсөн хэргээр буруутгаж байгаа ч гэсэн Ж.Эрдэнэбат үүнийг үгүйсгэж байгаа юм.
Ухнаагын Хүрэлсүх нь өнгөрсөн жил Монгол Улсын УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан МАН-аас нэр дэвшсэн. Түүнийг олон нийт “Путин стийл”-ийн хүн хэмээн дүгнэж байна. В.Путин стилийн нүцгэн цээжин дээрээ ангын буу үүрсэн эрс шийдэмгий имижээрээ танигддаг Шадар сайд У.Хүрэлсүхийг тус албан тушаалд томилсон юм. У.Хүрэлсүх өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шиг цээж нүцгэн хар шил зүүчихсэн ангийн буу барин зургаа татуулж байсан мөн түүний зөн төрх ижилхэн гэж хүмүүс дүгнэж байна. 49 настай У.Хүрэлсүх өмнө армид ажилладаг байсан ба 2000 онд Парламентын гишүүн болсон.
Монгол улс сүүлийн 25 жилийн хугацаанд дунджаар 15 удаа Засгийн газраа огцруулж байгаа. Нэг Засгийн газрын насжилтын хувьд дунджаар 1,5 жил Засгийн газраа удирдсан байна.
Эрх баригч МАН 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, парламентын 76 суудлын 65-ыг аваад байсан ч өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан билээ.
XINHUА: “ХҮЧТЭЙ, АМБИЙЦТАЙ УДИРДАГЧ” У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛОО
Харин Xinhuа-д Өнгөрсөн сарын сүүлээр эрх баригч нам Шадар сайд У.Хүрэлсүхийг шинэ Ерөнхий сайдаар сонгосон. Тэрбээр ёс зүйн өндөр хэм хэмжээг сахиулж, хууль дүрмийг чанга сахихыг шаардахаас гадна улс төрийн зохисгүй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. “Алтан бумба” санхүүгийн группын шинжээч Дэйл Чой түүнийг “хүчтэй, амбийцтай удирдагч” гэж тодорхойлсон байна. У.Хүрэлсүхийн карьер МАН-ын хорооны улс төрийн мэргэжилтнээс эхэлсэн байна. Улмаар 2004-2006 онд Онцгой байдлын сайд, 2008-2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ.
Нэг гэр бүлийн долоон хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Энэ хэрэгт хийгдэж байгаа мөрдөн байцаалтын ажиллагааны талаар Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор С.Алимаагаас дараах асуултанд хариулт авлаа.
- Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг”-ын замд ноцтой зам тээврийн осол болж 7 хүн амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт одоо ямар ажиллагаа хийгдэж байна?.
-Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг "Хүй долоон худаг”-ийн замд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед Тоёота приус-20 маркийн машин Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдсоны улмаас уг автомашин дотор нь сууж явсан насанд хүрсэн 4, насанд хүрээгүй 3, нийт 7 хүний амь нас хохирсон хэрэг гарсан. Тухайн хэргийг "гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллаар” 2016 оны 09 дүгээр сарын 07 өдөр Төв аймгийн прокурорын газарт харьяаллын дагуу шилжүүлж ирүүлсний дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, манайх хяналт тавьж ажилласан. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар эсрэг урсгалд зорчиж явсан 01-16 УНА улсын дугаартай "Toyota Land Cruizer-200” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолоочийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг хянаж мөрдөн байцаалтаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж нотолж, тогтоогоогүй байна гэж дүгнэн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн. Одоо уг хэрэгт Цагдаагийн Ерөнхий Газрын тэргүүн дэд даргын тушаалаар баталсан "Ажлын хэсэг" томилогдон мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсан гэх Ланд криузер маркийн машиныг олж тогтоох ажиллагаа хийгдэхгүй байна гэж хохирогч талаас удаа дараа мэдэгдээд байгаа?
Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсан гэх цагаан шаргал өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслийг олж илрүүлэх зорилгоор зам тээврийн осол болохыг харсан гэх гэрчийг байцаах, зам дагуу байрладаг Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постын хяналтын видео камерт үзлэг хийх, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн "22-ын товчооноос Улаанбаатар хот руу орох чиглэлийн камерын бичлэгүүдийг хуулбарлан авах, Автотээврийн үндэсний төвийн Төв аймаг дахь салбараас Ландкруйзер 100, 105, 77, Прадо маркийн цагаан болон шаргал өнгийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагааны дагуу 21 аймаг, 9 дүүргийн нутаг дэвсгэрт уг цагаан өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг гарснаас хойш засвар үйлчилгээ хийлгэсэн цагаан шаргал өнгийн жийп маркийн тээврийн хэрэгслүүдийг шалгах зэрэг олон ажиллагаануудыг хийсэн. Ажлын хэсэг шуурхай ажиллаж, Тоёота приус-20 маркийн 72-40 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг замын хажуу руу шахсан гэх цагаан шаргал өнгийн Ланд круйзер маркийн тээврийн хэрэгслийг олж тогтоон, жолоочийг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
-Ер нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
Тус Аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. 2015, 2016 он болон 2017 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөл, цаг хугацаа, нутаг дэвсгэр зэргээр нь судаллаа.Судалгааны дүнгээс үзэхэд Зам тээврийн ослын гаралт өсөх хандлагатай байна. Зам тээврийн осол үйлдэж байгаа тээврийн хэрэгслүүдийг ангилан маркаар нь авч үзвэл нийт 284 тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн буруутай үйлдлээс осол гаргасан байна. Үүнээс Приус 58 буюу 20.4 , Ачааны машин /Портер, Бонго/ 18 буюу 6.3, Марк 2, чейзер 22 буюу 7.7, Жийп төрлийн тээврийн хэрэгсэл 41 буюу 14.4, Суудлын бага оврын автобус 8 буюу 2.8, Мотоцикл 20 буюу 7, Хүнд даацын ачааны машин 22 буюу 5.6, бусад тээврийн хэрэгсэл 76 буюу 26.7 хувийг тус тус эзэлж байна. Нийт тээврийн хэрэгслийн 58 буюу 20,4 хувийг Тоёото Приус тээврийн хэрэгсэл эзэлж байгаа өндөр үзүүлэлттэй байна. Осол гарч байгаа сараар нь судалж үзэхэд 6-10 дугаар саруудад нийт зам тээврийн ослын 75 хувь нь үйлдэгдсэн нь хамгийн өндөр хувьтай байна. Зам тээврийн осол хавар, зуны улиралд эрс ихсэж байгаа цаг агаар дулаарч, цас мөс хайлсантай холбоотойгоор иргэд аялал зугаалгаар явах, хот хооронд явахдаа хурд хэтрүүлдэг техникийн бүрэн байдлыг хангадаггүй, хамгаалалтын бүс зүүдэггүй зэрэг нөхцөл байдлууд түгээмэл байна. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд байгууллага, хүн бүрийн оролцоо чухал. Иргэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, тээврийн хэрэгсэл жолоодох үед хурд хэтрүүлэхгүй байх, гар утас ашиглахгүй байх зэргийг мөрдөх хэрэгтэй байна.
Улс төрийн уур амьсгал халуухан байна. Шинэ ерөнхий сайд дөнгөж томилогдоод байгаа энэ үед УИХ-ын 65-ын бүлэг 33, 32 –оороо хуваагдаад байгаа. Засаг унагах бичигт гарын үзэг зурсан 33 гишүүнээс сайдын сэнтийд санаархаж байна гэсэн элдэв цуурхал нийгэмд тархаад байгаа. Тэдгээр гишүүд дотор УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг БОАЖ-ын сайдаар томилогдох магадлал өндөртэй байна гэж шуугих боллоо. Энэ талаар гишүүнээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Цаг үе маань хэн сайд болохоос илүүтэй хэн хамгийн туршлагатай, чадварлаг, ноён нуруутай, ард түмний өмнө тулгамдсан асуудлыг мэддэг тэр хүн сайд байх хэрэгтэйг сануулж байна.Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн сайд хийх хэрэгтэй байна. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотор сайд хийх чадвартай хүн олон бий. Бид одоо дотроо ярьж байгаа. Шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй шүү гэж их захиж байгаа. Бүх гишүүдтэйгээ нээлттэй байх ёстой. Өөрөө ч хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой. Миний хувьд гэвэл сайд болохгүй, ямар ч сайдад өрсөлдөхгүй гэдгээ эрт хэлсэн. Одооны сошиалаар яваад байгаа намайг сайдад өрсөлдөж байна, горилж байна гэсэн мэдээллүүд бүгд үндэслэлгүй хий хоосон яриа гэдгийг давхар хэлмээр байна” гэсэн хариулт өглөө
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэлтийн ажлын хүрээнд энэ сарын 02-05-нд 144 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэсэн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.
Мөн тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад нутаг буцаж буй иргэдэд ажил олгогчдоос 27 сая 588 мянга 590 вон олгожээ. Тухайлбал, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Г болон О нар ажил олгогч нь өнгөрсөн сарын цалинг олгоогүй гэсэн шалтгаанаар тус байгууллагад нэхэмжлэл ирүүлсэн байна. Үүний дагуу ажил олгогчтой нь холбогдож 1 сая 800 мянган воны цалинг нөхөн олгуулах болжээ.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 7-ны өдрийн ээлжит бус чуулганаар огцорч, үүрэг гүйцэтгэгч болсон билээ. Гэтэл /2017-09-28/ Засгийн газрын хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Болормааг томилсон . Үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар тамга тэмдэгээ хүлээлгэн өгөхөөсөө өмнө БСШУЯ-д чухал хариуцлагатай албан тушаал болох Төрийн нарийн бичгийн даргыг томилсон нь олны анхаарлыг татаж байсан. Тэгвэл өчигдөрөөс эхлэн үүрэг гүйцэтгэгч Засгийн газрын сүүлчийн томилгоо нь хууль зөрчсөн албан ёсны дүгнэлт гарчээ.Төрийн албаны зөвлөлөөс өчигдөр ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбатад хуулийн хэрэгжилтийг хангах тухай албан бичиг илгээсэн байна.
Уг албан бичигт “…Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 35’. 1, 35’ 4-т заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/1357 тоот албан бичиг захиалгыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтны нээлттэй сонгон шалгаруулалтыг 2016 оны наймдугаар сарын 25- ны өдөр зарлаж, 2016 оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан.
Уг нээлттэй сонгон шалгаруулалтын дүнгээр иргэн С.Батбаатар, Ж.Болормаа, Б.Баярсайхан, Ж.Даваадулам нарыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүрттэж, хамгийн өндөр оноо авсан иргэн Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бич¬гийн даргын албан тушаалд томилуулахаар Төрийн албаны эөвлөлийн 2016 оны 113 дугаар тоггоо¬лоор нэр дэвшүүлсэн болно.
Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг үндэслэж иргэн Б.Баярсайханыг Засгийн газрын 2016 оны 115 дугаар тогтоолоор БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон.
Засгийн газрын 2017 оны 217 дугаар тогтоолоор Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд Б.Баярсайхан уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Баярсайханы гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд тус шүүхийн шүүгчийн 2017 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 128/Ш332017/5193 дугаар захирамжаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Б Баярсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 16-ны өдрийн 217 дугаар тогтоолын биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарим эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захирлаар ажиллаж байсан А.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг, Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Оюундэлгэр нарт холбогдох эрүүгийн хэргийг, Зам тээврийн яамны газрын даргаар ажиллаж байсан Р.Онон нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар харьяа прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт М.Тулга нарын нэр бүхий 7 хүнийг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, яллагдагчаар татлаа. Түүнчлэн Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг хүргүүлсэн байна.