МАН-ын Бага хурал өнгөрсөн есдүгээр сарын 25-нд болсон. МАН-ын бага хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэнээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудал халуухан бас хэрүүл шуугиантай болж өнгөрсөн. Эцэст МАН-ын бага хурал бүтэн 16 цагийн турш тасралтгүй хуралдаж, үүр цайхад шийдвэрээ гаргаж, Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр тогтсон.
Тус бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир гишүүн нар маргалдсан мэдээллийг өмнө манай сайт хүргэж байсан билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-ын Л.Элдэв-Очирыг “…Ална шүү, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тайлбар хэлэхдээ “эрх хүмүүсийн хоорондох жоохон тоглоом” гэсэн тайлбарыг өгсөн.
Мөн үүнээс гадна МАН-ын Бага хурлын үеэр Сэлэнгэ аймгийн харъяат нэгэн эрхэм УИХ-ын 33 гишүүнийг “ална” хэмээн заналхийлсэн гэсэн яриа Тусгаар тогтнолын ордон хавиар сонсогдож байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн төлөөлөгч үг хэлэх үеэрээ “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү. Та нарыг манай Сэлэнгийнхэн заначихсан байгаа шүү” хэмээн гишүүдийг заналхийлсэн байдаг.
УИХ-ын 33 гишүүнийг заналхийлсэн тус эрхэм нь Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооноос Бага хуралд төлөөлж ирсэн залуу гэнэ. Тодруулбал, ТОСК-ын дэд захирал Б.Цээпилдорж гэгч эрхэм МАН-ын 33 гишүүнийг ийнхүү сүрдүүлж заналхийлжээ. Тэрбээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ойрын хүн бөгөөд Сэлэнгэ аймгийн харъяат нэгэн аж.
Б.Цээпилдорж: Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү
2017-10-06 09:24:50