8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Сайд асан М.Сономпилийн яллагдагчаар татаж, 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайхан ажилдаа эргэж орсон өдөр

2017-10-06 18:45:00

“Урьдаар зөв хүмүүжлийг ол. Дараа нь мэргэн ухаанд суралц. Эхнийх нь үгүй бол сүүлчийнхэнд хүрэх хэцүү” гэсэн сайхан үгийн хамт эрхэм уншигч таныг энэ өдрийн амрыг эрье. Үдэш бүрийн энэ цаг үед эрхэм уншигч тантай учран золгодог  “Монголын нэг өдөр”  тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүлээн авна уу. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.

ЗТХЯ үр дүнгийн гэрээний урамшуулалд 508 сая төгрөг, “УБЦТС” ТӨХК нэг тэрбум төгрөгийн урамшуулал хууль бусаар олгожээ

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд АТГ-аас ажлын хэсэг гарч, яамдад шалгалт хийж байгаа. Одоогийн байдлаар БХЯ, ЗТХЯ, ЭХЯ-дад шалгалт хийгээд байна. Харин яамдуудын ихэнхи нь АТГ-ын шалгалтанд бүдэрсэн байна. Ингээд шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх мэдээлэл хүргэе. 

БХЯ ТЕНДЕР СОНГОН ШАЛГАРУУЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ 


АТГ Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлсэн байна.  Тус яамны 2015 оноос хойш тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрчээ.

Мөн ЗХЖШ-ын харъяа ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар албан тушаалаа урвуулан ашиглаж тус ангид ажиллаж байгаад гадаад явсан, өөр анги руу шилжэн томилогдсон гэдэг шалтгаанаар 295 иргэний нэр дээр нийт давхардсан тоогоор 2016 онд  нийт 177,000,000 орчим төгрөгийн цалин бодож олгосон зөрчил илэрчээ. 

“УБЦТС” ТӨХК АЖИЛЧИДДАА НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ...

АТГ Эрчим хүчний яамны 2015-2017 оны авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгажээ. Тус яамны 15 албан хаагч хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүй томилогдсон зөрчил илэрсэн байна. Түүнчлэн хуулиас давсан журам баталж үндэслэлгүйгээр нэмэлт төлбөр, хураамж тогтоосон нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг хохироож байна гэж АТГ үзсэн байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 23 дугаар зүйлд Түлш, эрчим хүчний чиглэлээр эрхлэх үйл ажиллагаанд зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг хатуу тогтоож өгсөн байтал Эрчим хүчний сайдын 2012 оны 64 дүгээр тушаалыг үндэслэж Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2012 оны Б/36 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үйлчилгээний үнэ тооцох журам”-ыг батлан тусгай зөвшөөрөл олгох үндсэн нэр төрлийн суурь үнэ 100 мянган төгрөгийг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн дансанд тушаахаар зохицуулсан байна. Мөн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний 6 төрлийн 26 ажилд 100 000-1 600 000 төгрөгийг Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд төвлөрүүлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг байна. Энэ нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг зөрчжээ.


Зарим  “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар нь ажилчдынхаа цалинг тавих боломжгүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй, үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадахгүй, алдагдалтай ажиллаж байхад зарим төрийн өмчит үйлдвэрийн газар, ХК-иудын удирдлага, ажилтнуудын үндсэн цалин өндөр, сар бүр 10-50 хувийн урамшуулал авч байсан нь илэрсэн байна. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК сар бүр албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг дүгнэн сарын үндсэн цалингийн 30-50 хувь хүртэл хэмжээгээр урамшуулал олгосон байна. Нийт албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон байна.
Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн байнгын ажлын байр буюу төсөл хөтөлбөрийн хэлтсийн монтёрын албан тушаалд 2015 оноос хойш нэр бүхий тамирчныг томилон ажиллуулж цалин олгож байгаа нь хууль зөрчсөн байна. 

ЗТХЯ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭНИЙ УРАМШУУЛАЛД 508 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

ЗТХЯ-д төрийн захиргааны албан тушаалд гэрээгээр 9 хүн томилжээ. Тус 9 хүн ХОМ-ээ хуульд заасан хугацаанд, ирүүлэгүй зөрчил илэрсэн байна. Мөн яамны ажилтан, албан хаагчдын үр дүнгийн гэрээний урамшуулалд 2015-2016 онд 508 сая төгрөг зарцуулсан, ИНЕГ-т сүүлийн 3 жилийн хугацаанд удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нийт 469 албан хаагчийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр шууд томилсон илэрсэн байна. Мөн  тус салбарт боловсон хүчний халаа сэлгээ ихтэй, хувь хүний үзэмж болоод улс төр, намын харьяаллыг харгалзан томилох асуудал их гардаг, тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан нь худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн, зарим нэр бүхий тендерт  өөр хоорондоо холбоо хамааралтай хоёр компанийг оролцуулсан байж болзошгүй зөрчил мөн илэрсэн байна. Мөн Хууль бусаар ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн олговорт 155.2 сая төгрөг зарцуулсан зөрчил илэрчээ. АТГ эхний хэдэн яаманд шалгалт хийхэд иймэрхүү зөрчил илэрсэн байна. Зөрчилөөс харахад дээрх яамууд цалин мөнгөө үр дүнгийн урамшуулал нэрээр нэмж авдаг, тендэр зарлахгүйгээр өөрсдийн ойр дотны компаниа сонгон шалгаруулдаг зэрэг зөрчил илэрсэн байна. Ийнхүү сайн ажилласан гэхээсээ илүү төрийн мөнгийг яаж хувааж идсэн байгаа нь харагдаж байна. Тус яамдууд төрийн ажил үйлчилгээг хариуцлагатай хэвийн шуурхай явуулж, үр дүнтэй ажиллах үндсэн үүргээ умартаж, хэрхэн мөнгө хувааж идэхээ боддог бололтой. 

Б.Цээпилдорж: Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү

МАН-ын Бага хурал өнгөрсөн есдүгээр сарын 25-нд болсон. МАН-ын бага хурлаар үндсэн дөрвөн асуудал хэлэлцсэнээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудал  халуухан бас хэрүүл шуугиантай болж өнгөрсөн. Эцэст МАН-ын бага хурал бүтэн 16 цагийн турш тасралтгүй хуралдаж, үүр цайхад шийдвэрээ гаргаж, Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр тогтсон. 
Тус бага хурлын үеэр  УИХ-ын  гишүүн Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир гишүүн нар маргалдсан мэдээллийг өмнө манай сайт хүргэж байсан билээ. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн УИХ-ын Л.Элдэв-Очирыг  “…Ална шүү, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тайлбар хэлэхдээ “эрх хүмүүсийн хоорондох жоохон тоглоом” гэсэн тайлбарыг өгсөн. 
Мөн үүнээс гадна МАН-ын Бага хурлын үеэр Сэлэнгэ аймгийн харъяат нэгэн эрхэм УИХ-ын 33 гишүүнийг “ална” хэмээн заналхийлсэн гэсэн яриа Тусгаар тогтнолын ордон хавиар сонсогдож байсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгаас ирсэн нэгэн төлөөлөгч үг хэлэх үеэрээ “…Засгийн газрыг огцруулсан 33 гишүүн Сэлэнгэд очвол ална шүү. Та нарыг манай Сэлэнгийнхэн заначихсан байгаа шүү” хэмээн гишүүдийг заналхийлсэн байдаг. 
 
УИХ-ын 33 гишүүнийг заналхийлсэн тус эрхэм нь Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооноос Бага хуралд төлөөлж ирсэн залуу гэнэ. Тодруулбал, ТОСК-ын дэд захирал Б.Цээпилдорж гэгч эрхэм МАН-ын 33 гишүүнийг ийнхүү сүрдүүлж заналхийлжээ. Тэрбээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын ойрын хүн бөгөөд Сэлэнгэ аймгийн харъяат нэгэн аж. 

Google шинэ төхөөрөмжөө танилцууллаа

Google Pixel 2 and 2XL

Хоёр шинэ Android 8.1 Oreo ухаалаг гар утсыг 10 сарын 4 нөөс эхлэн худалдаалах боломжтой боллоо. Pixel 2 болон Pixel 2 XL утасны аль аль нь ижил төстэй үзүүлэлттэй. "Том төхөөрөмжид зориулсан онцлог шинж чанарыг оруулаагүй байна" гэж Google-ийн бүтээгдэхүүний ерөнхий захирал Марио Кюрязз мэдэгдлээ. Pixel 2 нь Just Black, Clearly White, Kinda Blue дээр 649 (64GB), 749 (128GB) ам.доллараар худалдаанд гарах юм байна. Pixel 2 XL 11 сарын 15-нд Just Black, Black & White дээр 849 (64GB), 949 (128GB) үнэтэйгээр худалдаалагдах болно. Чихэвчний оролт байхгүй тул тусгай адаптертай хамт зарагдана.

Google Home Mini болон Max

Google Home Mini нь компанийн хамгийн том ухаалаг чанга яригчийн жижиг хувилбар юм. Төхөөрөмжийг 4-нөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой юм байна. Харин энэ сарын 19-нд дэлгүүрт зарагдах болно.  Амазон нь ухаалаг чанга яригч бүхий Echo шугамын зургаан шинэ төхөөрөмжийг зарснаас хойш долоо хоногийн дараа энэхүү төхөөрөмж нь зарлагдаж байгаа юм байна. Гэсэн хэдий ч Google Home Mini нь Echo Dot болон хямд өртөгтэй ухаалаг чанга яригчтай өрсөлдөх бол Google Home Max нь өнөөдөр танилцуулагдсан бөгөөд Sonos, сүүлийн үеийн Echo Plus, Apple HomePod зэрэг өндөр чанартай ухаалаг чанга яригчтай өрсөлдөх аж. The Home Max нь гэр болон Home Mini-тэй ажиллахаар тохируулагдсан ба, дуу хөгжим тоглож байгаа ч гэсэн таны тушаалыг сонсож чадах Google Assistant-тай юм. Ухаалаг спикэр нь ирэх 12-р сард 399 ам.доллараар зарагдах юм байна.

Pixel Buds /чихэвч/

Pixel Buds чихэвч нь уг компаний хамгийн анхны утасгүй чихэвч юм. Google туслагчийг суулгасан Android ухаалаг утастай хослуулах үед Pixel Bud нь мэдэгдэл хүргүүлж, бичвэр зурвас уншиж, хөгжим тоглуулах боломжтой. Pixel эсвэл Pixel 2-тэй ашиглаж байхдаа 40 хэл дээр орчуулга хийн ашиглан яриа хэлэлцээ хийхэд ашиглаж болно. Pixel Buds нь нэг цэнэглэлтээр  5 цаг хүртэл ажиллана. Цэнэглэгч савтайгаа хамт 24 цаг хүртэл цэнэгээ барина. Уг чихэвч нь 11 сард 159 ам.доллараар  Clear White, Blue, and Just Black гэсэн 3-н өөр өнгөөр худалдан авах боломжтой болно.

Google Pixelbook зөөврийн компьютер

Шинэ Chromebook нь 12.3 инчийн дэлгэцтэй.  Intel Core i5 эсвэл i7 процессорыг алийг нь ч сонгож авах боломжтой юм байна. Хэрэглэгчид 128GB, 256GB, эсвэл 512GB багтаамжтай загваруудаас сонгон худалдан авч болно. Энэ нь маш хөнгөхөн ойролцоогоор 1 килограмм (2.2 фунт) жинтэй. Хэрэглэгчид үүнийг нугалан Microsoft-ын Surface Pro болон Surface Book шиг таблетын нэгэн адил хэрэглэж болно. Pixelbook нь 10 сарын 4 нөөс эхлэн урьдчилан захиалах боломжтой.  Харин энэ сарын 31-нээс худалдаанд гарч эхэлнэ. Үндсэн загвар нь 999 $ -оос эхэлж байгаа. Бусад Chromebook-ээс илүү үнэтэй болж байгаа юм Тэдгээр нь ихэвчлэн  600 орчим ам.доллар байдаг. Хэрэглэгчид нь Pixelbook Pen-ийг 99 доллараар нэмж худалдан авах боломжтой.

Chromecast-ын борлуулалт 55 саяыг давсан

Google-ийн тоног төхөөрөмж хариуцсан захирал Рик Остерло компани 55 сая Chromecast-ыг зарж борлуулсан байна. Энэ нь таны утаснаас хөгжим, зураг, видео бичлэгийг телевизор эсвэл чанга яригчид илгээх боломжийг олгодог юм. Өмнө нь Google компани нь 2016 оны 7 сард 30 саяыг зарсан байсан. Эхний үеийн Chromecast 2013 оны 7 сард гарсан.

Шинэ Daydream VR.

Google ухаалаг гар утсыг виртуал бодит толгой дээр суурилуулсан дэлгэц болгон хувиргах  шинэ төхөөрөмжийг зарлалаа. Тус компаний шинэчилсэн Daydream View нь 99 ам.доллараар зарагдана. Энэ бол өнгөрсөн жилийн $ 79 View-ийн шинэчлэлт бөгөөд Pixel смартфоныг Headset болгон хувиргасан юм.

Google Clips: нэмэлт камер

Google Pixel 2 д нэмэлт болох Clips-ийг зарлалаа. Камер нь гаранд эвтэйхэн чөлөөтэй, өндөр үзүүлэлттэй линз, зургийн мэдрэгч, товчлууртай. Линзний ард байдаг машин нь байнга суралцаж байдаг бөгөөд та өмнө нь авах боломжгүй байсан зургуудыг авахад туслах юм байна.

Google + Nest = илүү ухаалаг гэр

Google 2014 оны Nest –ийг  гэр ахуйн автоматжуулсан бүтээгдэхүүнийг виртуал туслагчийг ойртууллаа. Nest нь хамгийн сүүлийн үеийн загвар нь Google Assistant-тэй хослуулсан бөгөөд хэрэглэгчид өөрсдийн гэрийн камер, хаалганы хонх, термостатаас гэх мэт зүйлсээ ухаалаг болгох боломжтой юм.  Бас нэгэн онцлог нь Энэхүү төхөөрөмж нь  танил хүмүүсийг танихын тулд нүүрний таних тэмдгийг хэрэглэдэг Nest Cam IQ-тай хосолсон. Ингэснээр туслах ажилтан таны найз нөхөд, гэр бүлийн гишүүдийг гэрт таны  ирэхэд таньд хэн ирснийг шууд мэдэгдэх боломжтой болно.

Хаппи Веритас төв Элэгний В,С вирусын эхний гурван сарын эмчилгээг үнэгүй хийж байна

Вируст гепатит болон Элэгний өвчлөлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Хаппи Веритас эмчилгээ оношилгооны төв Элэгний С вирусын эмийг бүтэн нэг курс буюу 3 сар, Элэгний В вирусын эмийг эхний 3 сарыг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

Тэд элэгний вирусын өвчлөл ихтэй байгаа энэ үед өвчлөлийг багасгах зорилгоор эхэлж ирсэн 500 хүнд үнэ төлбөргүй хийх аян зарласан олон нийтийн талархалыг хүлээгээд байгаа юм.Мөн элэгний в вирусын вакциныг хийж эхэлсэн байна. Тус вакциныг тариулснаар 15 жилийн дархлаа тогтдог юм байна.

Сайд асан М.Сономпилийн гэрт нэгжлэг хийж, яллагдагчаар татлаа

АТГ-ын ажилтнууд өнөөдөр  Эрчим хүчний сайд асан М.Сономпилийг яллагдагчаар татсан байна. Тодруулбал, өчигдөр Эрчим хүчний сайд асан М.Сономпилийн  ажлын өрөө болон гэрт нь  АТГ нэгжлэг хийсэн байна. Өнгөрсөн 2013 онд М.Сономпилийг “Амгалан” дулааны станцын тендертэй холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Тус хэрэгтэй холбогдуулан шалгаж, яллагдагчаар татсан бололтой. Амгаланд байдаг “УС-15” станцын өргөтгөлийг хийх 75 сая ам.долларын өртөгтэй тендерийг Хятадын компани авахдаа М.Сономпилд их том амлалт өгсөн гэсэн мэдээлэл тухайн үед гарч байсан. 
Тус компани 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулж, нээлтийн үйл ажиллагаа 2015 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж байсан юм.

Оффшорын эсрэг хуулийг хэрэгжүүлэх зөвлөмж хүргүүллээ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсоноор хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь тухайн албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулах буюу оффшор данстай байх, гадаадад өмчтэй байхыг хориглосон эрх зүйн шинэ зохицуулалт үйлчилж эхлээд байна.

Уг хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт заасны дагуу олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газраас оффшор бүсэд хамаарах нийт 49 нутаг дэвсгэрийн жагсаалтыг баталсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг баталгаажуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Авлигатай тэмцэх газарт албан ёсоор ирүүллээ.

Жагсаалтад Барбадос улс, Бахамын арлууд, Британийн Виржинийн арлууд, Кайманы арлууд зэрэг нийт 49 нутаг, дэвсгэр багтсан бөгөөд мэдүүлэг гаргагч тэдгээрийн хамаарал бүхий этгээд нь уг оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрт данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан тохиолдолд 3 сарын дотор нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах,  хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан бол үйл ажиллагаагаа зогсоох, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээг авч, хөрөнгө, орлогын мэдүүлэгт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй байна.

Дээрх жагсаалтад багтсан нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын банкинд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн бол Авлигатай тэмцэх газарт тухай бүрт бичгээр заавал мэдэгдэх бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн талаар тус газраас холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлээд  байна.

Маргаашнаас эхлэн нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнхи нутгаар цаг агаар тогтнуун байх боловч, маргаашнаас  эхлэн нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, цасан  болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

2017 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар секундэд 14-16 метр, 6, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Амиа алдсан хүн орон гэргүй, ядуу байх нь тийм чухал уу, Н.Номтойбаяр сайд аа

Төрийн сайдын “зорчиж” явсан автомашинд мөргүүлж амиа алдсан залуугийн харамсалтай түүх олон нийтийг цочроож байна. Тухайн үед зорчигчийн, эсвэл жолоочийн суудалд сууж явсан эсэх нь тодорхойгүй байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Тэр хүн манай машиныг мөргөсөн.Согтуу байсан. Орон гэргүй, ядуу хүн юм билээ” гэхчилэн сэтгэл сэрдхийлгэм тайлбарыг Төрийн ордноос хийв. Сүүлийн үед Монгол төрийн ариун гал голомтод “Бандаашны хэрүүл”, “Хүний амины үнэтэй авто осол”-ын талаар МАН-ын залуу түшээд ээлжлэн мэдэгдэл хийдэг болов.

Булган аймгийн нутагт болсон тэрхүү ослын талаар Н.Номтойбаяр сайдын хийсэн мэдэгдэлд Хохирогч өөрөө ирж мөргөсөн” гэсэн утгатай зүйл ярьсан байв. Хожим тодорхой болсон мэдээллээр бол хохирогчийн унаж явсан мотоциклийг “Мерседес Бенц” G-500 маркийн автомашин араас нь мөргөсөн болох нь нотлогдох шиг. Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаяр сайдын тайлбартай холбож ойлговол хохирогч ухарч давхисаар автомашиныг нь мөргөсөн бололтой юм. Гэхдээ мотоцикльд ухрах араа байдаггүй л санагдах юм. Ухарлаа гэхэд гэхэд амиа алдах хэмжээний гэмтэл автлаа хурдлах нь юу л бол. Тэгэхээр үхлийн цохилт хаанаас ирсэн нь ойлгомжтой болж байх шиг.

 Үүнээс гадна ослын дараа ирсэн гэх яамны жолооч, Н.Номтойбаярын хувийнх нь жолооч нарын асуудлыг хууль хяналтынхан нарийвчлах шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Ослын шалтгааныг тодруулах ажил ид үргэлжилж байгаа учраас асуудлыг  энд хүрээд орхиё.

Юу юунаас илүүтэй Н.Номтойбаяр сайдын ёс зүйн асуудлыг энд хөндөж ярих ёстой. Ослын талаар мэдэгдэл хийхдээ талийгаачийн хувийн байдлын талаар буюу осолтой хамааралгүй зүйлсийг хэт их ярьсан. Согтуу байсан, орон гэргүй, ядуу, ах, дүүгүй өнчин ядуу гэх мессежийг олон нийтэд түлхүү өгөхийг зорьж байгаа нь түүний ярианаас анзаарагдаж байв.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Хүний хөгжлийн асуудал”, “Иргэдийн нийгмийн хамгааллын асуудал” зэрэг хүнтэй холбоотой олон асуудлыг хариуцаж ажилладаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн архины хамааралтай байна уу, орон гэргүй ядуу байна уу, өнчин ядуу дорой байна уу гэдгийг эрхэлсэн сайд нь Н.Номтойбаяр шүү дээ. Гэтэл ослын талаархи үнэн бодит мэдээллээс иргэдийн анхаарлыг холдуулахын тулд зориуд хохирогчийн хувийн байдлын талаар хөндөж, ёс зүйгүй аашилсан нь төрийн хүний хувьд ч, хувь хүний хувьд ч бүдүүлэг хэрэг юм.

Хүний амь нас хохирсон осолд талийгаачийн орон, гэргүй ядуу хүн байх нь ямар хамаатайг Н.Номтобаяр сайд тайлбарлах хэрэгтэй. Эс бол ёс зүйгүй авирласныхаа төлөө олоний нийтээс төдийгүй талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж хариуцлагаа хүлээх ёстой. Мөн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх явцад зориуд саад учруулж иргэдийн сэтгэл санааг төөрөгдүүлж байгаагаа даруй зогсоох хэрэгтэй юм.

"БЭЛГИЙН ДАРАМТ, БЭЛЭГ ӨГӨХ" хоёрыг ялгадаггүй Х.Батсайхан захирал ажилдаа эргэн оржээ

Ерөнхий боловсролын тусгай 29 дүгээр сургуулийн захирал Х.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ний өдөр Нийслэлийн засаг дарга Су.Батболдын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.Харин өчигдөрөөс эхлэн Х.Батсайхан захирал БСШУЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарын тушаалаар эргэн томилогдсон байна. Өмнө түүнийг ажлаас нь чөлөөлсөн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө” хэмээн мэдэгдэж байсан. Х.Батсайхан захирал ажлаас халагдахынхаа өмнө сургуулийнхаа хүүхдүүдийг “Тэд чинь /дүлий хүүхдүүд/ бэлэг их өгөхийг БЭЛГИЙН ДАРАМТ гэж ойлгоод байгаа юм. Бэлэг өгсөн юмыг БЭЛГИЙН ДАРАМТ гээд байгаа юм" хэмээн хэлсэн олон нийтийн дургүйцэлийг төрүүлээд байсан. Харин эсрэгээрээ тус сургуулийн багш нар дохионы хэлний чадваргүй, мөн сургуулийн анги танхимд архидаж согтуурдаг, ангийнхаа хогийн савнаас архины шил, тэр ч байтугай бэлгэвч олсон тухайгаа сурагчид ярьж байсан юм. Сурагчидын хичээл хийх нөхцөл боломжийг хангаж, чанартай боловсрол эзэмшүүлж чадаагүй Х.Батсайхан захирал хариуцлага хүлээсэнгүй. Харин өөрөө"БЭЛГИЙН ДАРАМТ, БЭЛЭГ ӨГӨХ" хоёрыг ялгадаггүй захирал Х.Батсайхан 29 дүгээр сургуульдаа эргэн ирсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ганбаа
Эрчим хүч үнэ таоиф, төлбөр хураан авалт зэрэгт хяналт тавьдаг арга хэмжээ авдаг байгууллага байна уу.
2017/10/08 59.153.112.229
Ганбаа
Жирийн айл өрхүүд цахилгааны хэт өндөр төлбөрийг арай чүү цахилгаанаа таслуулан байж төлж байна.гэтэл эрчим хүчнийхэн энэ орлргын мөнгөөр хууль бусаар өөрсдийгөө шагнаж , элдвийн шахаа хийдэг байна.
2017/10/08 59.153.112.229
Зочин
Энэ номтойбаяр гэж нэг.даварцан гар бна аа.энэ хүнийг дийлдэг хууль хчналтын аавын хүү бна уу эсвэл.ингээд улс орноороо ард иргэдээ доромжлуулаад гэмгүй царайлаад суугаад бхийм уу энэ хүниыг шалгаж то
2017/10/07 59.153.113.173
эрх зүйт төр
Шүүх,цагдаа прокурор байна уу УИХ-ын гишүүдийг ална гэж заналхийлж байхад тэдгээр байгууллага сонсох чих,харах нүдгүй болсон хэргүү заналхийлэлт биелэхгүй гэсэн баталгаа байна уу???
2017/10/06 83.252.199.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment