МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцсэн. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог эцсийн байдлаар хэлэлцэж, УИХ-ын чуулганд өргөн мэдүүлэх ёстой.
МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг албан ёсоор танилцуулжээ. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.
Харин Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна.
Батлан хамгаалахын сайдад нэр дэвшихээр яригдсан Н.Цэрэнбат гишүүнийг цэргийн алба ч хааж үзээгүй тул боломжгүй хэмээн үзэж харин БОАЖЯ-ны сайдаар томилох тухай бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна. Мөн бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарын оронд Ё.Баатарбилэг, Н.Энхболд нарын гишүүнийг сайдаар томилох тухай ярилцжээ.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Архангай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын Ё.Баатарбилэгийг бүлгийн гишүүд нь сайн удирдагч, менежер байх чадах хүн хэмээн үзэж ийнхүү Монгол Улсын Шадар сайдад томилох тухай хэлэлцсэн байна. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд Батлан хамгаалахын сайдад яригдаж эхэлсэн байна. Мөн энэ үеэр өөр нэг сайдын нэр өөрчлөгдсөн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилох тухай хэлэлцжээ.
Ямартай ч өнөөдөр МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж эцсийн байдлаар сайд нарын нэрийг тодорхой болгож Удирдах зөвлөлөө хуралдуулах юм байна. Одоогоор МАН-ын бүлгийн хурлын тов гараагүй байна.