МАН-ын бүлгээс өчигдөр У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 15 сайдын нэрийг албан ёсоор зарласан. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетэд ажиллах бүрэлдэхүүний талаарх саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлсэн. Үүнээс гадна сайдад нэр дэвшүүлсэн хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг АТГ-т хянуулахаар хандсан юм. Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшигчдийг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн дүгнэлтийг хүргүүлсэн байна. Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирүүлж, татгалзаагүй тохиолдолд сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барьж, Байнгын хороод, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. Дараах гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахаар боллоо. Тодруулбал,
1. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин
2. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
3. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
4. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж
5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
6. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд
7. БОНХ-ийн сайд Н.Цэрэнбат
8. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа
9. НХХ-ийн сайд С.Чинзориг
10. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
11. Зам тээврийн сайд Ж.Бат-эрдэнэ
12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
13. БХБ-ын сайд Х.Баделхан
14. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
15. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар нэрийг УИХ-д өргөн барихаар болжээ.
У.Хүрэлсүхийн кабинет нь Монгол Улсын түүхэнд байгаагүй хүчирхэг Засгийн газар бүрдэх тодорхой болж байна. Ингээд 15 яамыг удирдах сайд нарын хэн нь хэн бэ гэсэн мэдээллийг багцлан хүргэж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатарыг томилно
Г.Занданшатар 1970 оны 3 сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. Өмнө Гадаад харилцааны сайд хийж байсан УИХ-д гурван удаа сонгогдон ажиллаж байгаа нэгэн. Г.Занданшатар оюутан байхдаа Орос, Монгол, улмаар Украин, Польш хүртэл явж наймаа хийдэг байсан бөгөөд гуравдугаар дамжааны оюутан байхдаа нэлээд хэмжээний барааг Монгол руу нэвтрүүлэхийг оролдоод хил дээр саатуулагдаж байсан гэсэн. Хил гаалийнхан энэ тухай сургууль руу нь мэдэгдэхэд, онц сурлагатай, үлгэр жишээ оюутан учир аврагдаж үлдсэн гэдэг.
Наймаанаас болж сургуулиасаа хөөгдөх дээрээ тулж явсан монгол оюутан энэ явдлаас 15 жилийн дараа тус сургуулийн хүндэт профессор болсон гэдэг. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан түүнийг ямар ч яаманд, аль ч цаг үед ажиллаад явах чадвартай хүн хэмээн дүгнэдэг.
Ажлын туршлага
• МАСЗХ-ны ерөнхийлөгч. (2009-2012 он)
• Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга. (2008-2013 он)
• Монголын шатрын холбооны ерөнхийлөгч. (2011-2013 он)
• “Нэг Монгол” төрийн бус байгууллагын зөвлөлдөх танхимын тэргүүн. (2015 он)
• МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. (2015 он)
• Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч. (2016 он)
Гавьяа шагнал
• Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдэг. (1999 он)
• “Алтан гадас” одон. (2005 он)
• Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цол. (2011 он)
• Украин улсын төрийн дээд шагнал Цэцэн Ярославын одон, III зэрэг. (2011 он)
• Байгалийн улсын их сургуулийн хүндэт профессор цол. (2012 он)
Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
Дипломатч мэргэжилтэй Д.Цогтбаатарыг БОАЖ-ын сайдаар ажиллаж эхэлсэн тэр цагаас эхлээд олон нийт түүнийг мэддэг болсон. Намынхан нь түүнийг өндөр боловсролтой, хэлний мэдлэг сайтай хэмээн үнэлдэг. Тиймдээ ч түүнийг Гадаад харилцааны сайдаар томилох саналтай байгаа аж. Д.Цогтбаатарын Ерөнхий сайд асан Сү.Батболд, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. Төрийн албанд 22 жил ажиллаж буй тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, Австралийн Үндэсний их сургуулийг төгссөн. ХБНГУ, Голланд, Швейцар, АНУ-ын Харвардын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Ардын Намын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар
УИХ-д хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул нэгэн.УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хувьд Сонгинохайран дүүргээс сонгогдсон төдийгүй тойрогтоо нэлээд зүйлийг хийсэн хэмээн тойргийн иргэд ам сайтай байдаг. Газрын наймаа, авилга хээл хахуульд нэр холбогдоогүй нэр цэвэр улс төрч хэмээн намын нөхөд нь түүнийг үнэлдэг.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнийг хувьд 2008 оноос хойш 9 жил УИХ-д ажиллаж байгаа. Өмнө УИХ-ын төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль төгсөж, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуулийг төгссөн. Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн туршлагатай улс төрчдийн нэг.
Ажилласан байдал
Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
2008-2012 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012-2016 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд
Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Ч.Хүрэлбаатар 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгссөн. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдаар томилох хүсэлтэй байгаа. Ч.Хүрэлбаатар гишүүн санхүү эдийн засагч мэргэжилтэй, туршлага улс төрч учраас Гадаад харилцааны сайдаар ажиллаж бүрэн боломжтой хэмээн намынхан үзсэн байна. Өмнө нь Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байснаас гадна 2008 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа нэгэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилоно. Ц.Нямдоржийн хувьд 1981 онд Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон ажлынхаа гараг эхлэж байсан. 1992 оноос хойш 25 жилийн турш УИХ-д төр түмнээ төлөөлөн сууж байгаа хашир туршлагатай улс төрч. 2012 онд Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан учраас энэ салбарыг удирдаад явах бүрэн чадвартай.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг
Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Агаарын Бохирдлыг Бууруулах Дэд Хорооны Дарга Б.Батзориг УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа. Анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүн. Өмнө нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажиллаж байсан учраас энэ салбарыг мэддэг учраас түүнд итгэл хүлээлгэжээ.
Салбарын хүн салбартаа эргээд ирлээ
Зам, тээвэр хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнийг томилохоор болжээ. Салбарын хүн салбартаа эргээд ирлээ. Түүний хувьд өмнө нь Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн Монголын төмөр зам ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан туршлагатай учраас салбараа мэддэг хэмээн түүнийг томилсон байна.
БСШУС-ын сайдад Ц.Цогзолмаа
БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмааг томилохоор болсон байна. Түүний хувьд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын багшийн их сургууль, багш, түүхч мэргэжилтэй. МАН-ын боловсрол өндөртэй эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор ордог. Түүний хувьд МУИС-ийн Ховд дахь салбарт багш, ЗДТГ-т мэргэжилтэн, Ховд аймгийн ИТХ-д мэргэжилтэн, Ховд аймгийн Хүүхдийн төвд мэргэжилтэн, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, Монголын Скаутын холбооны Хөтөлбөрийн дарга, Олон улсын хүүхдийн Найрамдал төвд бүлгийн ахлах удирдагч, Нийслэлийн Ардчилсан социалист залуучуудын холбооны дарга, Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны даргаар ажиллаж байсан арвин намтар, туршлагатай, хүчирхэг удирдагч бүсгүйчүүдийн нэг. Мөн үүнээс гадна түүнийг сайн менежер хэмээн улс төрчид үнэлдэг. Монголын ирээдүй ямар байх, цаашид ямар хүн болж төлөвших нь боловсролын салбарын бодлогоос шууд хамаарна. Энэ чухал салбарт шинэчлэлт өөрчлөлтийг зоригтой хийж, сайн менежер байж чадна хэмээн Ц.Цогзолмаад намын нөхөд итгэл хүлээлгэхээр болжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг томилно
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг томилхоор болжээ. Түүний хувьд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан. Өмнө нь тус яамны сайдаар ажиллаж байсан туршлагатай. Салбараа мэддэг хүн хэмээн намынхан тодорхойлсон байна.
Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилхоор болжээ. Түүний хувьд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн. Сэтгүүлчээр олон жил ажиллаж байсан хүн учраас хөрвөх чадвартай. ЭМЯ-д сайн менежер сайн менежмэнт хэрэгтэй учраас Д.Сарангэрэл гишүүнийг ажиллах бүрэн боломжой хэмээн үзсэн байна. Ард түмэн ЭМЯ-д салбарын хүн томилох ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэсэн ч өмнөх Засгийн газар ЭМЯ-ыг салбарын хүн удирдсан ч тийм ч сайн ажиллаагүй. Харин ч Эрүүл мэндийн сайдад эмч хүн томилогдсоноороо ашиг сонирхолын зөрчил үүссэн хэмээн олон нийтийн шүүмжлэлийн бай болсон. Шулуун шударга үгтэй, эрс шийдэмгий түүнийг Эрүүл мэндийн салбарт сайн менежер байж, сайн менежмэнт хийж чадна гэдэг дүгнэлтийг ард түмэн хийж байна.
БОНХ-ийн сайдад Н.Цэрэнбат
УИХ-ын гишүүн Н.Цэрэнбатын хувьд Увс аймгийн Улаангом сумын харъяат. Монгол Улсын Техникийн Их Сургуулийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийг Санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн. “Увс хүнс” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа гишүүн. Хэдийгээр УИХ-д анх удаа сонгогдон ажиллаж байгаа ч гэсэн үзэл бодолдоо тууштай, сайн менежер хүн хэмээн түүнийг олон нийт үнэлдэг. Өмнө нь Монгол Улсын Сангийн Яаманд Төсвийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан.
Ажилласан байдал
2000-2001 онд Мобиком корпораци
2003-2004 онд “Таван богд” групп
2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд
Нямаагийн Энхболдын хувьд Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн.Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон туршлагатай улс төрч. Түүний хувьд 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн. Түүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшиж байсан туршлагатай, тулхтай улс төрч. Эх орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал эрэлхэг аавын хөвгүүдийн тангараг өргөсөн хамгийн хариуцлагатай Батлан хамгаалах яамыг Н.Энхболдод хариуцуулахаар болжээ.
Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин
Өлзийсайханы Энхтүвшин нь Монгол Улсын парламентад 2000 оноос тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. 2012 онд МАН-ын даргын албан томилогдон ажиллаж байсан МАН-ын урдаа барих улс төрчидийн нэг. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсөж дараа нь 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.1996 оноос хойш Монголын улс төртэй ажил амьдралаа холбосон. Өмнө нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
• 2000 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2000 - 2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
• 2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2008 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
• 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2012 оноос Монгол Ардын Намын дарга