-Хувь хүн “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн минь монголд анх удаагийнх-
Дархан-Уул, Сэлэнгийн ахмадууд орон сууцтай болохыг шаардаж өчигдөр Ялалтын талбайд дөнгөтэй суулт хийсэн юм. Дөнгөтэй суулт хийж буй иргэн Т.Энхболдтой ярилцлаа.
-Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу. Яагаад дөнгөтэй суулт хийх болов?
-Намайг Товуудоржийн Энхболд гэдэг. Би Дархан-Уул аймгийн уугуул иргэн. 2012 онд эмнэлэгт хэвтэж байхад гэр хороололд амьдардаг нэг хөгшин “Дулаахан байранд амьдрах чинь яасан сайхан юм бэ. Гуравхан алхаад л ОО өрөө рүү орчихлоо. Хэрвээ би гэртээ байсан бол 20-30 метр жорлон руугаа алхана, өвөл хүйтэнд орж гарах хэцүү байдаг. Зун бороо орохоор шалбааган дээр халтирч унадаг” гэж ярьсан.
Тэр үед би аймагтаа “ахмадын орон сууц” барих хөтөлбөрийг санаачилж эхлүүлсэн. Би хувийн эзэмшлийн газар дээрээ хаус, зочид буудал, үйлчилгээний төв барьж болох л байсан. Гэхдээ яагаад ард түмнийхээ төлөө, ахмадуудаа дэмжиж нэг ч гэсэн юм хийж болохгүй гэж бодож уг хөтөлбөрөө санаачилж хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайн үед Д.Хаянхярваа, С.Ганбаатар хоёрт хандахад “Санхүүжилтийг шийдвэрлэж өгнө” гэж амалсны үндсэн дээр энэ ажил эхэлсэн юм.Хувь хүн “Ахмадын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн минь монголд анх удаагийнх. Манай компаниөөрийн хөрөнгө дээрээ урьдчилгаа төлбөр болгож нэг ахмадаас 3-4 сая төгрөг, нийт 85 хүнээс 360 гаруй сая төгрөг авч, уг санхүүжилтийг барилгын 30 хувийн гүйцэтгэлд зарцуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл ахмадын орон сууц баригдаж дууссангүй, санхүүжилтгүйн улмаас ажил нь гацсан. Тухайн үед энэ хоёр аймгаас гарсан УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга нарт гээд хандаж болох бүх шатны байгуулагад надад санхүүжилт, батлан даалт гаргаж өгөөч гэж хөтөлбөрөө танилцуулж явсан. Тэгэхэд бүгд л дуртай хүлээн авч байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч газар санжүүжүүлэлт өгөөгүй. Үүнээс болоод өөрийн хөрөнгөөр барьж эхэлсэн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийн барилгууд гацчихлаа. Тиймээс л ахмад настанууд маань дулаахан байранд тохь тухтай амьдраасай л гэж хүсэж буй учраас өнөөдөр дөнгөтэй суулт хийж байна. Дөнгө миний хувийн үзэл бодлын илэрхийлэл.
-Нийт хэчнээн метр квадрат газарт орон сууц барьж эхэлсэн бэ. Барилгын ажил хэдэн хувьтай явж байгаад гацсан вэ?
-Миний хувийн эзэмшлийн 3900м2 газарт нэг орон сууц эхлүүлсэн. Хоёр аймагт орон сууцны барилгын ажил эхэлсэн. Сэлэнгэ аймгийн барилга 15 хувьтай, Дархан-Уул нь 30 хувийн гүйцэтгэлтэйгээр гацсан. Өнгөрсөн 2013 оноос хойш барилгын ажил санхүүжилтгүйн улмаас зогссон.
-Барилгын ажлыг эхлүүлэхэд гадаад, дотоод олон байгууллага Засгийн газрын батлан даалт гарсан тохиолдолд санхүүжилт олгоно гэсэн хариу ирсэн гэж та ярилаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Барилгын ажлаа цааш үргэлжлүүлэхийн тулд“Сөгнөгөр хайрхан” компанийн удирдлагууд Бүгд найрамдах Унгар улсын “Экзим” банкинд хандахад 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн хариу ирүүлж, урьдчилсан байдлаар гэрээ байгуулсан. Одоо зөвхөн Засгийн газрын баталгаа хэрэгтэй байгаа юм.
Дотоод ХААН, Голомт, Худалдаа хөгжил зэрэг хэд хэдэн банкинд хүсэлт гаргасан тэд бүгд адил Засгийн газрыг баталгаа хэрэгтэй. Баталгаа гаргуулсан тохиолдолд санхүүжүүлэлт хийх боломжтой гэсэн. Би ахмадын орон сууцанд санхүүжилт авахын тулд төрийн байгууллагын 109 удирдах албан тушаалтанд хандсан байна. Өнөөдөр нэг нь тодорхой хариу өгөөгүй байна.
-Дөнгөтэй суулт нэлээд олон хоног үргэлжилнэ гэж сонссон. Хэдэн хоног үргэлжлэх бэ?
-Ялалтын талбайд суулт хийхийн тулд өнгөрсөн нэг сарын 9-нөөс хойш Чингэлтэй дүүргийн Засаг даргад хүсэлтээ өгч, гурван шатны шүүхээр явсаны эцэст ийнхүү өнөөдөр /өчигдөр/ суулт хийх эрхийг авлаа. Дөнгөтэй суулт 30 хоног үргэлжилнэ. Энэ 30 хоногийн сүүлийн гурван хоногт нойтон өлсгөлөн зарлана.
-Хэрвээ ахмадын орон сууц ашиглалтад орвол хэчнээн ахмад орон сууцтай болох боломжтой вэ?
-Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 600 гаруй ахмад настан дулаан байр орон сууцтай болох боломжтой.
-Засгийн газраас баталгаа гаргаж өгвөл орон сууц хэзээ ашиглалтад орох бэ?
-Засгийн газар баталгаа гаргаж өгвөл нэг жилийн дотор ашиглалтад орох боломжтой.
-Хэчнээн ахмад настан байранд орох хүсэлт гаргасан бэ. Ямар нэгэн шалгуур бий юу?
-Дархан-Уул аймагт орон сууцанд орохоор 3700 гаруй хүн хүсэлт явуулсан.
Эдгээр хүмүүсээс сугалаагаар сугалж 200 ахмад настныг нь авсан. Ямар нэгэн шалгуур байхгүй. Орон сууцанд орох захиалга өгсөн хүмүүсээс зургаан хүн нас барсан. Хоёр хүн цус харвасан байдалтай байна.
-Өнөөдрийн /өчигдөр/ дөнгөтэй суултад та ганцаараа оролцож байгаагийн шалтгаан юу бэ?
-Намайг дэмжсэн маш олон ахмад ирж энэ суултад нэгдэе гэсэн. Би зөвшөөрөөгүй. Хүйтний улирал ирж байхад ахмад хүмүүсийг ийм зүйлд оролцуулах нь эрхийг нь зөрчиж, эрүүл мэндэд нь хортой гэж үзээд оролцуулаагүй. Харин намайг сэтгэл санаагаар дэмжиж дулаан орон сууцтай болгож өгөөсэй гээд гэртээ залбирч суугаа. Намайг 300-500 ахмад настан намайг дэмжиж, итгэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Нэргүй