Найз бүсгүйгээ зодож амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Г.Алтанхүү Өршөөлийн хуульд хамрагдаж эрх чөлөөтэй болсон билээ. Энэ хэрэг хоёр жилийн өмнө мардаж, 21 настай бүсгүй биедээ олон тооны зодуурын шархтайгаар ГССҮТ-д хүргэгдэж нас барсан байдаг. Цагдаа нар хэрэгт талийгаачийн найз залууг сэжиглэн шалгах явцад хохирогчийн аминд хүрсэн байж болзошгүй ноцтой баримтууд олдсоор байсан билээ. Гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй уг хэрэгт Төрийн тэргүүн хүртэл анхаарал хандуулж, хэргийг шударгаар шийдэхийг холбогдох албаныханд сануулж байлаа. Гэвч хэрэг гарснаас хоёр жилийн дараа Г.Алтанхүү эрх чөлөөтэй болсонд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байна. Тэгвэл Г.Алтанхүү найз бүсгүйнхээ үхэлд 5 сая төгрөг өгөөд алга болжээ. Энэ талаар талийгаач бүсгүйн нагац эгч Д.Сүрэнхорлоо “Юугаар ч нөхөж баршгүй сайхан үрээ алдчихаад ямар сайхан байх вэ. Хэргийн үнэн мөнийг шийдвэрлэх гэж багагүй хугацаа өнгөрлөө. Гэсэн бидний бодсоноор болсонгүй. Өршөөлийн хууль батлагдсан, хуульд хамрагдсан л гэх юм билээ. Уг нь арай ч ингээд эрх чөлөөтэй болчихно гэж бодсонгүй. Одоо талийгаачийн хөгшин аав ээж хоёр нь хотод ирчихсэн эмнэлгээр явж байна. Нас өндөр гарсан хүмүүс болохоор байнга эмнэлэг эргүүлж байна. Төр иргэнээ хамгаалдаггүй юм байна. Тааруу амьдралтай хүмүүст гарц байдаггүй юм байна гэдгийг ойлголоо. Үхсэний хохь болж, амьд үлдсэн нь ял завшаад өнгөрдөг болж дээ. Манай улсын хууль тийм зөөлөн юм уу, эсвэл арын хаалгаар эрх чөлөөтэй болчихдог юм уу, ойлгох юм алга даа эгчид нь. Ганц манайх ингэж элэг эмтэрч байгаа биш. Ийм зовлон олон хүнд тохиолдох болжээ. Хэрэг гарсны дараахан Г.Алтанхүү таван сая төгрөг өгсөн. Түүнээс өөр ямар нэгэн хохирлын мөнгө өгөөгүй ээ. Харин хэвлэл мэдээллээр охиныхоо амийг 20 гаруй сая төгрөгөөр солилоо гэсэн мэдээлэл гарсан байсан. Тэр мэдээлэлд маш их эмзэглэсэн” гэсэн байна.