НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын хүрээнд зохион байгуулагдаж буй сугалааны эхний тохирлыг Гааль Татварын Ерөнхий газраас энэ сарын 17-нд буюу өнөөдөр оройн 19 цаг 30 минутанд орон даяар МҮОНРТелевиз үндэсний хэмжээнд явуулна.
Сугалааны тохирлыг олон нийтийн байгууллагын оролцоотойгоор тусгай комисс хянах юм байна. Төвлөрөх нийт баримтын тооноос хамаараад нийт 22 тэрбум төгрөгний сан бүрдэх аж.
Таны авсан баримт бүр үнийн дүнгээсээ үл хамааран сугалаанд оролцох боломжтой. Танд сануулахад, баримт дээр байгаа хоёр үсэгтэй, ардаа найман оронтой тоо бол сугалааны дугаар. Найман тоо бүгдээрээ таарсан нэг хүн супер азтанаар шалгарч, 100 сая төгрөгийн эзэн болно. Хэрэв супер азтан тухайн үед шалгараагүй бол дараагийн сард 150 сая төгрөг болж өсөх ажээ. Ямар нэгэн супер азтан тодроогүй бол жилийн эцэст 950 орчим сая төгрөгийн шагналын сантай супер азтан тодорно.
Харин иргэд гар дээр буй баримтаа заавал ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлнэ гэж ойлгоод байгаа нь буруу аж. Сугалааны тохирол явснаас хойш гурван сарын хугацаанд тус сайтад өөрийн баримтын мэдээллээ нөхөн оруулах боломжтой гэлээ.
Энэ оны эхний хагас жилд уг сугалааг сард хоёр удаа явуулна. НӨАТ-ын хуулийн хэрэгжилт жигдрэн, баримт бүрдүүлэлт сайжрахаар сард нэг удаа байнга зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дашрамд дурдахад "Албан татварыг буцаан олгохдоо хонжворт сугалаа явуулж болно” хэмээн НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын 15 дугаар зүйлийн 2.2-т заасан байдаг.