Он гарсанаас хойш нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч зарим аймгийн зам даваа боогдож, иргэд цасанд суух нь их байгаа аж.
Тухайлбал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Баянхайрхан багийн “Хадаасан” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 8 км-т/ том, жижиг нийт 10 гаруй автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны 22:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт 7 автомашин, 90 хүнийг цаснаас татан гаргаж, гаргах боломжгүй 8 машинийг үлдээж, 25 хүнийг тээвэрлэн аймгийн төвд хүргэж ирсэн байна.
Мөн Увс аймгийн Тариалан, Наранбулаг сумын зааг “Зостын хөтөл” гэдэг газар /Улаангом сумаас баруун урд зүгт 80 км-т/, микроавтобус цасанд боогдсон тухай дуудлага энэсарын 16-ны өдрийн 11:20 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, жолооч М, Ц /48 настай, эмэгтэй/, Т /53 настай, эрэгтэй/ нарыг цасанд боогдсон байсныг татан гаргажээ.
Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Хатуугийн даваа” гэдэг газар “Ланд крузер-100” загварын автомашин цасанд боогдсон тухай дуудлага мөн өдрийн 20:35 цагт иржээ. Дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Д /37 настай, эрэгтэй/, Б /40 настай, эрэгтэй/, Б /36 настай, эмэгтэй/, И /1 нас 5 сартай, охин/ нарыг цаснаас татан гаргаж, аймгийн төвд авчирсан байна.
Иймээс ОБЕГ-аас жолооч, ард иргэдийг холын замд гарахдаа автомашины бүрэн бүтэн байдлыш хангах, хувийн бэлтгэлээ сайтар бажаах, цаг агаарын мэдээг харж холын замд гарахыг анхааруулж байна.