8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгаланг дэвшүүлж, Дэлхийн ур чадварын тэмцээнээс Монголчууд анх удаа шагнал хүртлээ

2017-10-20 18:40:00

Засгийн газрын гишүүд албан ёсоор томилогдож, ажилдаа орлоо. Энэ долоо хоног бүхэлдээ улс төрөөр амьсгалсан завгүй өдрүүд болж өнгөрлөө. Засгийн газрын гишүүд өнөөдөр өглөө тамгаа хүлээн авч, Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдаанаа хийж ажилдаа шуурхайлан орлоо. Улс төрчид ажилдаа шуурхайлан орсон бол нийгмийн үйл явдал ч гэгээлэг сайхан мэдээллээр дүүрэн байлаа. Сайны хажуугаар саар ч мэдээлэл гарлаа. Тодруулбал, Таван настай дагавар охиноо хүчирхийлсэн хэрэгт холбогдоод буй 28 настай В-г прокурорын хяналтаар цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа.  Харин түүний хойд эцэг болох В нь тухайн өдөр согтуу байсан бөгөөд охиныг хүчиндэхийг завдахад охин уйлаад байсан тул больсон гэж анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн гэнэ. Гэхдээ тэрбээр охиныг хүчиндээгүй ч гэсэн уг хэргийг үйлдэхийг завдсан гэдэг утгаараа шалгагдаж байгаа зүйл анги нь хэвээр үлдэх аж. Учир нь, хүчиндэхийг завдсан этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн сэдэлтэй байсан гэдэг утгаараа  ял шийтгэл, зүйл анги  нь хүчингийн хэрэг үйлдсэнтэй ижил тооцогддог юм байна. Харин одоо та бүхэндээ гэгээлэг мөн цаг үеийн мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Монголын энхийг сахиулагчид иргэдийн амь насыг аварлаа

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй хурандаа Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө дотоодын дүрвэгсдийн хуаран руу зэвсэглэсэн дээрэмчид нэвтрэн гурван иргэнийг хүнд гэмтээж, улмаар энгийн иргэдийн амь нас, эд хөрөнгөд халдахаар зэхэж байсныг таслан зогсоожээ.Хүнд гэмтсэн гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлж эрүүл мэнд амь насыг нь аварчээ.
Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй тус дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун үргэлж гарч байдаг бөгөөд Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлж НҮБ-ын мандатаар хүлээсэн энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсээр байна. 

Дэлхийн ур чадвар тэмцээний гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов шагналт байранд шалгарлаа

Дэлхийн ур чадварын 44 дэх удаагийн тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийн тэмцээнээс хэд хэдэн онцлогтой болж өнгөрсөн юм. 44 дэх удаагийн ур чадварын тэмцээнд манай баг тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилготой оролцсон бөгөөд зургаан төрөлд өрсөлдсөн залуус маань зорилгоо амжилттай биелүүллээ.

Тодруулбал, тус тэмцээнд эх орноо төлөөлөн гагнуурын төрөлд оролцсон Техник технологийн коллежийн төгсөгч Ж.Жанлав-Ойдов 700 оноогоор тусгай байрын шагнал хүртлээ. Тэрбээр энэ амжилтаараа тус төрөлд оролцсон 34 орны ооролцогчдоос 18 дугаар байр эзэлсэн юм. Мужааны төрөлд оролцсон Техник технологийн политехник, коллежийн төгсөгч Н.Эрдэнэмөнх 691 оноо авсан байна. Тэрбээр нэмж есөн оноо авсан бол шагналт байрт шалгарах боломжтой байсан. Цахилгааны төрөлд оролцсон Налайх МСҮТ-ийн төгсөгч Л.Төгөлдөрийн хувьд 674 оноо авсан нь 2015 оны оролцогчийн амжилтыг ахиулсан дүн юм.

Тогоочийн төрөлд оролцсон Хүнс, технологийн политехник коллежийн суралцагч Б.Дагвасүрэн 673 оноо авсан нь мөн л өмнөх жилийн амжилтыг ахиулсан явдал байлаа. Тэгвэл Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаа оролцож буй Сантехникийн төрөлд оролцсон Ц.Долгормаа 660 оноо авч чадлаа. Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежийн төгсөгчийн үзүүлсэн уг амжилт нь дараа дараагийн тэмцээнүүдэд Монгол Улс энэ төрлөөр өндөр амжилт үзүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм.  Өрөг угсралтын төрөлд оролцсон Барилгын политехник коллежийн оюутан Ц.Мягмарсүрэн даалгавруудаа амжилттай дуусгаж 659 оноо авчээ. Энэ удаагийн тэмцээний өрөг угсралтын төрөлд Арабын нэгдсэн Эмират улсын сүлд тэмдэг болох Шонхор шувууг бүтээх маш хүнд даалгавар ирсэн гэдгийг оролцогчид, эксперт багш нар онцолж байсан юм. Тодруулбал, зөвхөн шонхорын бүтээлийн тэр хэсэгт зуугаад тоосго зүсэж өрсөн байна. Энэ төрлөөр манай улс 2015 онд 26 орноос 25 дугаарт орж байсан амжилтыг Ц.Мягмарсүрэн огцом ахиулж чадлаа.

У.Хүрэлсүх “ташуурдаж” эхэллээ

Сүүлийн 27 жилийн түүхэнд анх удаа бүтэн 2 өдөр УИХ хуралдаж байж засгийн газрын танхимын гишүүдийг томилж дууслаа. Урд шөнийн 00.20 минут өнгөрч УИХ ын чуулган дууссан бол үргэлжлүүлээд У.Хүрэлсүх Ерөнхий сайд ЗГ ын өргөтгөсөн хуралдааны бэлтгэл ажлыг хангуулах үүднээс шөнийн 01.00 цагаас 04.00 цаг хүртэл сайд нартай хуралджээ. Ингээд өглөө 08 цагаас 10 цаг 40 минут хүртэл сайд нар хариуцсан ажлаа хүлээж авсан бол үд дундын 12.00 цагт Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан яг цагтаа эхэллээ. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд яам агентлагийн дарга нар,  Нийслэлийн удирдлагууд гээд нийт 150 гаруй албан тушаалтан оролцож байна. Онцлоход өмнөх төр засгийн хариуцлагатай ажлууд цагаасаа хоцорч эхэлдэг уламжлал тогтоод байсан. Тэгвэл энэ удаад хуралдаанд дуудагдсан дарга нар 11.40 минут гэхэд хуралдааны танхимын үүдэнд овоорсон байснаас харахад албан тушаалтнуудын хэн нь ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнө хоцорч харагдахыг хүсээгүй бололтой. Засгийн газрын хуралдаан хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй үргэлжилж байна.

Ж.Энхбаяр: 600 офицерийн цалинг хасч, 25 тэрбумыг ашиггүй зээлд төсөвлөжээ

Төсвийн тодотгол хэлэлцэх үед Ж.Энхбаяр гишүүн батлан хамгаалах салбарын нэгэн ноцтой асуудлыг хөндсөн. 2015 онд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж 25 тэрбум төгрөгийн зээлээр авсан "Барилгын хөдөлгөөнт механик" нэртэй тоног төхөөрөмжийг ЗХ-ний 017-р ангид шахсан байна. Ингэхдээ төсвөө хэтрүүлэхгүйн тулд 600 офицерийн цалин хангамжийг хасч оруулж иржээ. Гурав дахь удаагаа төсөвт шигтгэн оруулж ирсэн уг барилгын хийц үйлдвэрлэх машин хэний шахаа болох, цаад эздийг зарлахыг гишүүн шаардсан. "Үнэнийг хэлэхэд БХЯ-аас ийм барилгын тоног төхөөрөмж захиалаагүй. 2016 оны зургадугаар сард Монголын хилээр ороод ирчихсэн тул төлбөрийг төлөхөөс өөр аргагүй байсан" гэж сангийн дэд сайд асан Р.Булгамаа учирлана лээ. "Эх орныхоо төлөө зүтгэх тангараг өргөсөн 600 офицертоо Монголын төр юу гэж хэлэх вэ. Тэд тангараг өргөсөн хүмүүс. Амьжиргаандаа нэмэр болох худалдаа наймаа эрхлэх эрхээ хасуулсан алба хаагчид. Цалингаас өөр орлогогүй офицеруудын хоол хувцсыг хассанаа юу гэж тайлбарлах вэ" гэх мэтээр Ж.Энхбаяр гишүүний нэхэл хатуу асуултад Сангийн яамныхан бүдэрлээ. Харин төсвийг хэрхэн батлахыг офицерууд болон иргэд анхааралтай ажиглаж байна.

Амиа алдсан Монгол иргэн гэр бүлийн хамт АНУ-д амьдардаг байжээ

Энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын иргэн  АНУ-ын Мэрилэнд мужид ажлын байрандаа буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, халдлагын үеэр гэр бүлийн хамт 2005 оноос эхлэн АНУ-д эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан монгол иргэн 53 настай Т.Баярсайхан өртөж нас баржээ.

Амиа алдсан монгол иргэний амьдрал, ар гэрийнхнийх нь талаар NBC телевиз мэдээлсэн байна. Т.Баярсайхан гэр бүлийн хамт Виржиния мужийн Арлингтон хотод амьдардаг байжээ. Охин нь АНУ-д хамт амьдардаг бол хоёр хүү нь эх орондоо аж төрдөг тухай "NBC" мэдээлсэн байна.

18 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэж явжээ

Энэ сарын 19-ний шөнө Лүн сумын нутаг дэвсгэрт Toyota Corolla маркийн автомашинаар 18 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэн явсныг алба хаагчид илрүүлэн холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулж илрүүлсэн байна. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрын Лүн сум дахь байнгын хяналтын пост 24 цагаар үйл ажиллагаагаа явуулж, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байх үеэр илрүүлж холбогддох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

Л.Энх-Амгалан гишүүний нэрийг УИХ-ын Дэд даргад дэвшүүлэхээр боллоо

УИХ дахь МАН-ын Бүлгийн хурлаар УИХ-ын дэд дарга, мөн зарим байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дэд даргад гурван хүн нэр дэвшиж, УИХ-ын гишүүн Ч.Улаан 5, Ж.Энхбаяр 26, Л.Энх-Амгалан 32 гишүүний санал авсан байна. Ингэснээр УИХ дахь МАН-ын бүлгийн олонхийн шийдвэрээр хамгийн олон хүний санал авсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын дэд даргад нэр дэвшиж байна.

Дэлхийн ур чадварын тэмцээнээс Монголчууд анх удаа шагнал хүртлээ

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 14-18-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд  нийт 77 гишүүн орны 1300 оролцогч, 51 төрлөөр өрсөлдөж шилдгээ шалгаруулсан байна. Тус тэмцээнд манай улс мужаан, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, сантехник, тогооч гэсэн зургаан мэргэжлээр өрсөлдсөн аж.  Гагнуурын төрөлд оролцсон Ж.Жанлав-Ойдов дөрөв хоногийн хугацаанд дөрвөн даалгавар гүйцэтгэсэн бөгөөд 700 оноогоор шагналт байрт шалгарчээ.

Инфографик: Менингококкын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Төв, Дундговь, Дорноговийн зааг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж болзошгүй

Малчид, ард иргэдийн анхааралд:

20-ноос 21-нд шилжих шөнө, 21-ний өдөр Төв, Дундговь, Дорноговийн зааг нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж болзошгүйг анхааруулж байна. 

2017 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. 21,22-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

Н.Энхбаатар: Шинэ нисэх буудал 2018 онд ашиглалтад орох боломжгүй

МИАТ компанийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатартай ярилцлаа.

-МИАТ компанийг тийзнийхээ үнийг нэмсэн, мөн олдоц муу гэх мэдээлэл цацагдах болсон. Үнэхээр тийзнийхээ үнийг нэмсэн хэрэг үү?

-Мэдээллийн зарим хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр МИАТ-ийн онгоцоор зорчих суудал олддоггүй, тийзээ дардаг, ховордоод ирэхээр нь үнэд хүргэж зардаг гэсэн ташаа ойлголт төрүүлсэн мэдээлэл гарах боллоо.Манай компани 2011 оноос хойш тийзний үнээ нэг ч ам.доллароор нэмээгүй.

Сүүлийн 4-5 жилд үнэ нэмэгдсэн нь валютын ханшийн өсөлттэй холбоотой. Олон улсын агаарын тээврийн холбооны дүрэм, зохицуулалтаар тийзний үнэ ам.долларт суурилдаг. Ам.долларын ханш өссөн учраас төгрөгөөр тийз худалдаж авах үнэ 70 орчим хувиар нэмэгдсэн дүн харагдаж байгаа. Манайх нислэг үйлдэж байгаа бүх чиглэлийн тийз бусад авиа компанийнхаас 40-50 мянган төгрөгөөр хямд байдаг.

Иргэд тийзний үнийн зохицуулалтын талаар нарийн мэдээлэлгүй учраас буруу ойлгох явдал бий. Онгоцонд бизнес, энгийн гэсэн хоёрхон ангиллын тийзний үнэ байдаг гэж ойлгодог. Тэгвэл онгоцны тийз олон улсын стандартаар үнийн 23-25 ангилалтай. Суудлынхаа дугаар болгоноор өөр үнэтэй. Тийзээ автомат системээр борлуулдаг.

Тэгэхээр хүний хүчин зүйлээс шалтгаалж тийзээ зарахгүй дарах, өндөр үнээр борлуулах бололцоогүй. Хямд үнэтэй тийз хамгийн түрүүнд борлогддог. Хүмүүс аяллаа төлөвлөөд, тийзээ эрт захиалбал хямдхан авах боломжтой. Монголчууд үндэсний компаниа дэмжих зорилгоор, мөн дотно санагддаг учраас МИАТ-ээр үйлчлүүлэх дуртай байдаг болов уу. Манай тийз хурдан зарагддаг.

Гадаад руу явахаасаа хоёр, гурав хоногийн өмнө тийзээ захиалбал үнэтэй нь үлдчихсэн байдаг. Тийз авсан болон гадаадад зорчоод эргэж ирэх өдөр, ажил төрлийн шаардлагаас хугацааг нь өөрчлөх эсэх, хөдөлшгүй хатуу нөхцөлтэй зэргээс хамаараад тийзний үнэ өөр өөр.

-Тийзний үнийг хямдруулах боломж бий юү?

-МИАТ-ийн удирдлагууд монголчууддаа аль болох хямд үнэтэй үйлчилгээ хүргэхийг хичээж ажилладаг. Тийзний үнийг бууруулах судалгааг манай холбогдох хэлтэс, нэгжүүд байнга хийж байгаа. Монголын агаарын тээврийн үнийг бууруулах нь шатахууны зардал, ам.долларын ханшаас ихээхэн хамааралтай. Шатахууны үнэ, ам.долларын ханш буурвал тийзний үнэ хямдрах боломжтой.

Манай компанийн нийт зардлын 30 хувийг шатахууны өртөг эзэлдэг. Нийт зардлын 70 хувь нь валютаар гарч байна. Тиймээс ам.долларын ханш маш их нөлөөтэй. МИАТ дэлхийн дунджаас тонн тутамдаа 200 ам.доллароор илүү үнэтэй шатахуун хэрэглэдэг. Онгоц маш их түлш зарцуулдаг. “Боинг-767” онгоц Токио хүрчихээд эргэж ирэхэд 40 гаруй тонн шатахуун хэрэглэх жишээтэй. Шатахууны зардал өндөр байгаа тохиолдолд тийзний үнийг хямдруулахад хүндрэлтэй.

Манайх руу нислэг хийдэг гадаадын авиа компани хямд үнэтэй шатахуун хэрэглэдэг. Тэд манайхаас хямд шатахуун хэрэглээд, тийзээ үнэтэй борлуулж байгаа биз. Монгол хүн ам цөөтэй, улирлын чанартай учраас агаарын тээврийн зах зээл хязгаарлагдмал. Зуны улиралд онгоцны суудал олдохоо больчихдог. Бид онгоцныхоо хүрэлцээ боломжийг дээд цэгт нь тултал дайчилж, нислэгийнхээ тоог нэмэхийг хичээдэг.

Заримдаа өдөрт 2-3 удаа нислэг үйлддэг чиглэл ч бий. Зун нислэгийнхээ тоог нэмээд байхад л суудал нь цөөддөг. Харин өвөл зорчигчгүй болчихно. Тийзний үнийг хямруулах нь мөн үүнээс хамааралтай. Онгоцнууд маань жилийн дөрвөн улиралд дүүрэн нисдэг бол тийзний үнийг хямдруулах боломжтой. Жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж, 800 ажилтнаа тэжээхийн тулд МИАТ зундаа олсон ашгаараа амьдардаг гэж болно. Өвлийн ихэнх нислэг алдагдалтай байдаг.

Улирлын чанартай нислэгээс хамаараад ажилчдаа нэмээд хамаад байх боломжгүй. Авиа компанийн ажилчид бол нарийн мэргэжлийн, дадлага туршлагаа байнга хадгалж, үүнийгээ дээшлүүлж, заавал суух сургалтад сууж гэрчилгээжсэн байх шаардлага тавигддаг.

Өнөөдөр нисгэгч, эсвэл онгоцны үйлчлэгч ажлаасаа гарахад оронд нь өөр хүн аваад ажиллуулах боломж хомс. Мэргэжил, зөвшөөрөл, гэрчилгээ, заавал сургалтууд гээд нарийн шаардлага тавигддаг учраас өвөл нь хүнээ цөөлөөд зун нь нэмээд байх боломж байдаггүй.

-Зуны их ачааллын үед нислэгээс гадна онгоцны тоогоо нэмж болдоггүй юм уу?

-Онгоц түрээслэхэд, ялангуяа богино хугацаатай гэрээ байгуулахад асар үнэтэй тусдаг. Тиймээс онгоц ч олдохгүй. Манайд богино хугацаанд онгоц түрээслэх ойлголт бараг байхгүй. Онгоцыг 10-20 жилээр түрээслэх шаардлага гардаг. Дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл