8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ: Цалин нэмэх асуудлыг шийдэхдээ улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх чиглэл баримтална

2017-10-20 17:09:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Нэмэлт хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ахалж, Сангийн дэд сайд, БСШУСЯ болон Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гишүүнээр оролцоно. 

Нэмэлт хэлэлцээ хийхэд эдийн засгийн нөхцөл байдал, Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй уялдуулан, улсын төсөвт хэт ачаалал үүсгэхгүй байх, хүн амын орлогыг нэмэгдүүлэх дараах байр суурийг баримтлана.

  • Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын ажиллагчдын цалин хөлсийг цалингийн санд нь багтаан одоо мөрдөж байгаа журмуудыг шинэчлэн нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлэн тооцох,
  • Ядуурлын болон инфляцийн түвшний өөрчлөлттэй уялдуулан удирдах албан тушаалтнаас бусад төрийн албан хаагчдын дундаж цалин хөлсний 20 хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөлд тусган шийдвэрлэх,
  • Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх,
  • Нийгмийн даатгал, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2018 онд нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн төсөлд тусган шийдвэрлүүлэх,
  • Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний хүртээмжийн түвшинг хадгалах, халамжийг нэн тэргүүнд зорилтод бүлэгт чиглүүлэх зорилтын хүрээнд нийгмийн хамгийн ядуу, эмзэг хэсэгт үзүүлдэг хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хамрах хүрээ, тэтгэмжийн хэмжээг 2017-2018 онд нэмэгдүүлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл