8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрлийн багийнхан долоон уулчны цогцсыг олжээ

2017-10-23 11:33:00

 

2017-10-23 13:15
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон талаар мэдээлэл хүргэсэн. Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Эрлийн багийнхан гурван уулчны цогцсыг олжээ. Эх сурвалжийн мэдээллээр эрлийн багийнхан өнөөдөр 11.30 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхнаас гурван уулчны цогцос олсон талаар мэдээлэл хүргэсэн. Үүний дараа  13.07 цагт дахин нэг хүний цогцсыг олсон бол 14.00 цагт дахин хоёр хүний цогцос хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон байна. 

Шуурхай бүлэг нэмж ажиллуулахаар боллоо

2017-10-23 10:40

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой комиссын хуралдаан зарлан Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа. Юуны түрүүнд ажиллагаагаа улам эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгов. Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа. Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн тушаалаар байгууллаа. Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, байгууллага болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хэрэгцээт зүйлээр тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

МИ-171 нисдэг тэргээр нислэг үйлдэж, эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна

2017-10-23 10:19

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсэж 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм. Эрлийн багт Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр ахлагчтай дөрвөн мэргэжлийн уулчин багтсан байна. 

Отгонтэнгэр ууланд 19 уулчин сураггүй алга болжээ

2017-10-23 08:29

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна.Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 30 гаруй алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж эхэлсэн. 
Түүнчлэн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, НОБГ-ын Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч, сувилагч, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Улаанбаатараас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд өчигдөр 18.00 цагт ниссэн.


Мөн Баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байгаа аж. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд авч ажиллаж байна.

Өнгөрсөн шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өнөөдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байсан.Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун байна. Маргааш өдөртөө 7-8 хэмийн дулаан байна. 

Одоогийн байдлаар  иргэдийг эрэн хайх ажиллагаанд Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд өнөө шөнө эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон тухай шөнийн 01.30 минутад мэдээ ирлээ. 
Эрлийн ажиллагаатай холбоотой мэдээллийг өнөөдөр 09.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох бусад албаны хүмүүс хийхээр төлөвлөөд байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
3 uulchinii tsogtsos olloo gesen medee unshlaa,ynen yy?
2017/10/23 27.123.212.130
зочин
уулчдий маан бурхан өршөөж амьд байлгаж хайрлаарай бурхан өршөөх болтугай
2017/10/23 43.242.242.163