8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: 500 саяын азтан тодорч, Отгонтэнгэр ууланд авирсан уулчдаас 10-ын цогцосыг олсон өдөр

2017-10-23 18:31:31

Нийгэм улс төрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Тоймоо хүргэхийн өмнө нэгэн харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон талаар мэдээлэл хүргэсэн. Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Эрлийн багийнхан гурван уулчны цогцсыг олжээ. Эх сурвалжийн мэдээллээр эрлийн багийнхан өнөөдөр 11.30 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхнаас гурван уулчны цогцос олсон талаар мэдээлэл хүргэсэн. Үүний дараа  13.07 цагт дахин нэг хүний цогцсыг олсон бол 14.00 цагт дахин хоёр хүний цогцос хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон байна. Мөн 18:00 цагийн байдлаар 10 уулчны цогцсыг олоод байгаа аж. Мөн эрэн хайх ажиллагаа явуулж байгаа албан хаагчдыг уулнаас буулгаж маргааш үргэлжлүүлэн эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ. Ами алдсан 10 уулчны ард гэрийнхэн гүн эмгэнэл илэрхийлье. 

Эрлийн багийнхан долоон уулчны цогцсыг олжээ

2017-10-23 13:15
Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон талаар мэдээлэл хүргэсэн. Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Эрлийн багийнхан гурван уулчны цогцсыг олжээ. Эх сурвалжийн мэдээллээр эрлийн багийнхан өнөөдөр 11.30 цагийн орчимд Отгонтэнгэр хайрхнаас гурван уулчны цогцос олсон талаар мэдээлэл хүргэсэн. Үүний дараа  13.07 цагт дахин нэг хүний цогцсыг олсон бол 14.00 цагт дахин хоёр хүний цогцос хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон байна. 

ШУУРХАЙ БҮЛЭГ НЭМЖ АЖИЛЛУУЛАХААР БОЛЛОО

2017-10-23 10:40

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой комиссын хуралдаан зарлан Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд авиралт хийж байгаад цасан нурангид дарагдсан 17 хүнийг эрэн хайх, аврах ажиллагааны талаар мэдээлэл сонсож шийдвэр гаргалаа. Юуны түрүүнд ажиллагаагаа улам эрчимжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган, нэрвэгдсэн хүмүүст тусламж үзүүлэхийг Онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд үүрэг болгов. Эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангаж, осол эндэгдэл гаргахгүй байх, тэднийг түр байр, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техник, эмнэлгийн тусламжийн багийг автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэрэгцээт зүйлээр бүрэн хангахыг даалгалаа. Шаардлагатай бол эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний анги, салбар, техник, хэрэгслийг дайчлан оролцуулах бэлэн байдлыг хангах нь зүйтэй гэж Онцгой комиссын хурлаас шийдвэрлэлээ. Мөн эрэн хайх, аврах ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг Шадар сайд Ө.Энхтүвшингийн тушаалаар байгууллаа. Энэ бүлэгт уулчин, шүхэрчин, аврах тусгай анги, Зэвсэгт хүчин, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллагын төлөөлөл багтжээ. Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, байгууллага болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хэрэгцээт зүйлээр тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

МИ-171 НИСДЭГ ТЭРГЭЭР НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

2017-10-23 10:19

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааны явц болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Улсын Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо.

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 30 хүн (27 уулчин, 3 жолооч)-ний бүрэлдэхүүнтэй баг авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсэж 17 хүн сураггүй болсон (3 жолооч уулын бэлд үлдсэн, 10 иргэн уулнаас буусан) тухай дуудлага 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 14:33 цагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ирсэн.

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын 5 алба хаагч, 3 уулчны хамт нөхцөл байдлыг тандан судлах зорилгоор 10 дугаар сарын 23-ны өглөөний 06:05 цагт Отгонтэнгэр уул руу авиралт хийсэн бол 9 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар баг 08:30 цагаас Отгонтэнгэр уул руу авиралт хийж эхлээд байна.

Уулнаас бууж ирсэн иргэд “10 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагийн орчим 27 хүн ууланд авиралт хийж 16:30 цагт оргил дээр гарчихаад уулын зүүн бэлээр бууж байх үед цасан нуранги үүсч 17 хүн сураггүй болсон. Эсэн мэнд бууж ирсэн уулчдаас 3 уулчин буцаж авиралт хийж үзэхэд ууланд их хэмжээний цас овоорсон, ямар нэгэн ул мөр олдоогүй” гэж мэдэгдээд байгаа юм. Эрлийн багт Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр ахлагчтай дөрвөн мэргэжлийн уулчин багтсан байна. 

ОТГОНТЭНГЭР УУЛАНД 19 УУЛЧИН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

2017-10-23 08:29

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 30 гаруй алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлэн ажиллаж байна.

Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж эхэлсэн. 
Түүнчлэн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, НОБГ-ын Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч, сувилагч, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Улаанбаатараас Завхан аймгийн Отгон сумын чиглэлд өчигдөр 18.00 цагт ниссэн.


Мөн Баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүн, хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангаж байгаа аж. Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг гурван цаг тутамд авч ажиллаж байна.

Өнгөрсөн шөнийн хувьд -6 хэмийн хүйтэн байсан бол өнөөдөр өдөртөө +9 хэмийн дулаантай байсан.Харин өнөө шөнийн хувьд Отгон сумын орчим шөнөдөө -13 хэмийн хүйтэн, цаг агаар тогтуун байна. Маргааш өдөртөө 7-8 хэмийн дулаан байна. 

Одоогийн байдлаар  иргэдийг эрэн хайх ажиллагаанд Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний газрын баг бүрэлдэхүүн, Говь-Алтай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн нийт 70 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд өнөө шөнө эрлийн баг бүрэлдэхүүн шөнө болж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өглөө эрт эрлийн ажиллагааг үргэлжлүүлэхээр болсон тухай шөнийн 01.30 минутад мэдээ ирлээ. 
Эрлийн ажиллагаатай холбоотой мэдээллийг өнөөдөр 09.00 цагт Шадар сайдын өрөөнд Онцгой байдлын ерөнхий газар болон холбогдох бусад албаны хүмүүс хийхээр төлөвлөөд байна. 

Ц.Нямдорж: Хэрвээ би худлаа ярьж байвал энэ чинь худлаа гээд босож ирээд хэл

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, хэд хэдэн асуудлаар үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал,
1.Эрүү, Зөрчлийн хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс цагдаагийн албан хаагчид байгаа. Энэ хуулийн давуу тал, сөрөг тал юу байна вэ. Энэ чиглэлээр нарийн сайн судалгаа гаргаж, засч залруулах санал байвал яаралтай өгөх шаардлагатай байна. Ажлын хэсэг байгуулж, судалгааны ажил хийж танилцуул.​​​​​​​ 2.Намайг явснаас хойш 5 жилд янз бүрийн л юм боллоо. Төвөгтэй нөхцөлд ажиллах шиг боллоо. Шинэ хуулийн хэрэгжилтийг сайн зохион байгуулж, мөн чанараар хэрэгжүүлэх хэрэгтэй.

3.Удирдлагуудын харьцаанаас шалтгаалж, яам, цагдаагийн байгууллагын харилцаа төвөгтэй байдалд орсон гэж дуулдсан. Өнөөдрөөс эхлээд ийм асуудал огт байж болохгүй шүү. Сайд нь сайдаараа, яам нь яамаараа, цагдаа нь цагдаагаараа байна. Хуулийн хүрээнд яамнаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж ажиллана аа. Эс тэгвээс хариуцлага байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Та бүгд сайдын өмнө, сайд Засгийн газрын өмнө, Засгийн газар, УИХ-д ажлаа хариуцаж, хамгаална. Энэ бол хүний харилцаа. Таалагддаг, таалагддаггүйгээс шалтгаалахгүй.

4.Монголын ард түмний анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн шийдвэрлэлттэй холбоотой хэрэг байна. Даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаа гол шалтгаан энэ. Тагнуулын байгууллага шалгасан, цагдаагаас хол байсан гэдэг асуудал ярихгүй. Цаашдаа цагдаагийн мэргэжлийн албад энэ асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Нарийндаа бол энэ тагнуулын биш цагдаагийн харьяаны л хэрэг шүү дээ. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг биз дээ. Захиалагчийг илрүүлэх ажлын хэсэг байгууллаа гээд хэвлэл мэдээллээр яриад байсан. Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ.
Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй ханддагаа таслан зогсоо. Шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч болоод байгаа Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж, худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. 2007 онд Эрдэнэтэд хүний амь нас хохирсон хэргийг ч мөн хүлээсэн байдаг. Энэ бас л худлаа байсан. 2007 онд Эрдэнэтэд нэг айлын 4 хүн гэртээ шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг шалгаад цахилгаанаас үүдэлтэй хэрэг гэж цагдаагийнхан үзсэн. Гэтэл сүүлд нь Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Энэ юмныхаа талаар танилцуулга өг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хуулийн мэргэжилтэй байтугай, жирийн хүн яриад сууж байна. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртлөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг.
Хэрвээ би худлаа ярьж байвал энэ чинь худлаа гээд босож ирээд хэл. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Бид эцэг эхтэй, ах дүүтэй монгол хүмүүс. Цагдаагийн хуулийнхны хатуу сэтгэлээс гадна хүний нинжин сэтгэл байх ёстой шүү дээ.

 Хилс шийтгүүлчихсэн юм бол ар, гэрт нь өчнөөн хүн дээлтэйгээ хатаж байна шүү дээ. Өрөвдөх сэтгэл гэж зүйл байх ёстой биз дээ. 75 настай хоёр чавганц нэг нь Эрдэнэтэд нөгөөх нь Дундговьд байна. Хоёр гэр бүлийн амьдрал бүтэн сүйрлээ. Цагдаа, хуулийнхан ийм хэрцгий байж болох уу. Захиалагч гэж үнэхээр байдаг юм бол нийтэд зарлацгаа. Байхгүй юм бол гаргасан алдаагаа зас. Одоо энэ хүн амины хэргийг улсаас нуух шалтгаан байхгүй. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд энэ хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна. Сүүлийн таван жилд Эрүүгийн хэрэгт холбогдуулж хориод сүүлд нь гэм зэмгүй байсан нь тогтоогдсон хүмүүсийн жагсаалтыг улсын хэмжээгээр надад гаргаж өг. 
5. Улс төрийн тэмцэл дагасан аливаа үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага огт оролцож болохгүй. Нэг хүнийг огцруулах асуудал яригдахад өглөө нь нөгөө хоёр хүний нэгэнтэй нь холбоотой хэвлэлийнн хурал хийж байдаг. Ингэж огт болохгүй. Улс төр, улстөрчдийн даалгавар та нар падлийгүй. Гүйцэтгэх ажлыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй. Эрүүгийн хэрэг дээрээ л гүйцэтгэх ажлаа хуулийн дагуу хийцгээ. 
6.Наанадаж 60 тэрбумын эцсийн үнэнийг Монголын ард түмэнд хэлэх хэрэгтэй. Сүүлд нь хэлэхэд цагдаагийн байгууллагын сахилга хариуцлага ямар байна вэ. Дүүрэг, нийслэл, аймгийн хэмжээнд удирдлагын түвшний томилгооны асуудлыг түр зогсоо. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагын боловсон хүчний томилгоо хэтэрхий их хийгдсэн. Улстөрчдийн захиалгаар томилгоо хийдэг байдлаа одоо болио. УИХ-ын гишүүн нь гишүүний, сайд нь сайдынхаа, цагдаа нь цагдаагийнхаа ажлыг хийдэг бай гэсэн үүрэг даалгаврыг өглөө. 

Манай улсын хөгжөөн дэмжигчдийн баг Азийн аварга боллоо

2017 оны 10-р сарын 21-22-ны өдрүүдэд Японы Токио хотноо Комазава Олимпийн Паркад 2017 оны Азийн Хөгжөөн Дэмжигчдийн Аварга Шалгаруулах Тэмцээн болон Японы нээлттэй тэмцээнүүд болж байна. Тус тэмцээнд манай монгол улсын баг анх удаа оролцож байгаа бөгөөд   Hip Hop төрөлд Алтан медаль, Free Style Pom төрөлд Мөнгөн медаль хүртлээ.

Мөн хөгжөөн дэмжигчдийн дэмжигчдийн баг Азийн аварга болсон байна. 

ГАЛТ ШУВУУ бүжгийн студийн тухайд тэд Маршал Таун, Bella Vista хотхонуудад бүжгийн сургалтыг бүх насны ангилалд тасралтгүй явуулдаг ба Монголын Хөгжөөн Дэмжигчдийн Холбооны дэргэдэх Галт Шувуу бүжгийн хамтлаг нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монгол Улсад зохион байгуулагдсан олон улсын болон дотоодын 300 гаруй спортын арга хэмжээнд хөгжөөн дэмжигчээр оролцжээ.

ОБЕГ: 15 цагийн байдлаар 7 иргэнийг нас барсан байдалтайгаар олоод байна

Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр өглөө 6:20 минутад эхэлсэн. Эрлийн нөхцөл байдлын талаар дөнгөж сая Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ

Тэд “Эрэн хайх ажиллагааг өнөө өглөө 06,20 цагт эхлүүлсэн. Дараагийн баг 08.20 цагт ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 3200 метрийн өндөрт эхний цогцос олдсон. Тодруулбал  11 цаг 15 минутад Отгонтэнгэр хайрхан уулын зүүн зүгт эхний иргэнийг нас барсан байдалтай олсон бол дараагийн хүмүүсийг  11.30, 11.40, 13.07, 14,28 цагуудад олжээ. Хамгийн сүүлд 15.15 цагт хоёр хүний цогцосыг олсон" гэсэн мэдээллийг өглөө. 

Тэтгэвэр авагчид 601.0 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгджээ

Тэтгэврийн зээлийн хүү буурснаар тэтгэвэр авагчид 601.0 сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдлөө. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгминй хамгаалллын сайдаас өгсөн чиглэлинй дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар ХААН болон Төрийн банктай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан билээ.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар дээрх банкуудаас тэтгэвэр авч буй 338.8 мянган тэтгэвэр авагчдад тэтгэврийн зээл хөнгөлттэй нөхцлөөр олгох ажлыг энэ оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлүүлэн хэрэгжүүлж буй. Тэтгэвэр авагчид зургаа хүртэл сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээний зээлийн шимтгэл, хураамжгүйгээр жилийэ 15 хувийн хүүтэйгээр авах боломж бүрдэж, дээрх хэмжээнээс их зээл хүссэн тохиолдолд банкны эх үүсвэрээр олгож буй нөхцлөөр авах боломж нь нээлттэй болжээ.

Тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 хувиар бууруулснаар 2017 оны 08 дугаар сарын 20 ны байдлаар ХААН банкнаас 44217 тэтгэвэр авагч 35133.0 сая төгрөгийн, Төрийн банкнаас 18667 тэтгэвэр авагч 16321.5 сая төгрөгийн, нийт 62884 тэтгэвэр авагч 51454.5 сая төгрөгийн зээлийг сарын 1.25 хувь, жилийн 15.0хувийн хүүтэйгээр авсан байна. Энэ арга хэмжээ хэрэгжсэнээр дээрх тэтгэвэр авагчдын 601.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн дарамтнаас чөлөөлжээ. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэвэр авагч иргэдэд бага хүүтэй богино хугацаатай зээлийг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн олгохыг дэмжин арилжааны банкуудтай хамтран ажиллаж байгаа аж.

Я.Содбаатар: Төрөөс баримтлах 2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг шийднэ

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр гараад сураггүй болсон 17 иргэний мэдээлэл сонсч, мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал болон зарим дэд хороо, байнгын хорооны дарга нарыг томилох асуудлаар бүлгийн гишүүд санал солилцож хуралдсан байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд 2017 оны аравдугаар сарын 22-ны өдөр 30 иргэн авирч байх үед цасан нуранги үүсч ноцтой осол гарсан мэдээллийг сонслоо. “Гурван жолооч уулын бэлд үлдсэн. Нийт 27 хүн ууланд авирснаас 10 хүн буцаж ирсэн. Харин 17 хүн тодорхойгүй байна” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Энэ асуудлаар Улсын байнгын онцгой комисс хуралдаж, тодорхой шийдвэр гарган ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг тухайн асуудлаар газар дээр нь ажиллахаар явлаа. Нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж байна. Дараагийн асуудал нь төсвийн тодотгол юм. Энэ долоо хоногт 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж дуусгах зорилготой байна. Мөн төрөөс баримтлах 2018 оны мөнгөний бодлогыг хэлэлцэх эсэхийг шийднэ. Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийхээр хэлэлцлээ. Мөн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөллийг энэ долоо хоногт хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Түүнчлэн зарим байнгын хороо, дэд хорооны дарга нарыг Монгол Улсын сайд, УИХ-ын албан тушаалд томилсон учраас байнгын хорооны дарга нарыг томилох асуудлыг бүлгийн хуралд оруулж ирсэн. Энэ асуудлаар бүлэг түр завсарлаад байна” гэлээ.

 500 сая төгрөгийн супер азтан тодорлоо

НӨАТ-ын сугалааны өчигдрийн тохиролд 500 сая төгрөгийн супер азтан тодорлоо. Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл супер сугалаанд азтан тодроогүй байсан билээ.

Мөн тус сугалаанд 20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо.

Тохиролд  18761051 дугаар тодорсон бөгөөд

500 мянган төгрөгийн 122
100 мянган төгрөгийн 1184
20 мянган төгрөгийн 11745 баримт тохирлоо.

21 аймгийн эмч эмнэлгийн ажилчид бүгд ажил хаялтад нэгджээ

Өнөөдөр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороодууд хурал зохион байгууллаа. Хурлын эхэнд “Эмч нар цалин нэмэх тухай асуудлыг 2017 оны хоёрдугаар сараас эхлэн, Эрүүл мэндийн яам, Засгийн газарт хүргүүлсэн. Бидний цалинг нэмэхгүй байгаа шалтгаан нь Засгийн газар ОУВС-тай цалин нэмэхгүй байх гэрээ байгуулсантай холбоотой юм байна” гэлээ. Монгол орон даяар бүх эмнэлгийн ажилчид хурлын танхимдаа ажил хаялтыг дэмжсэн эсэргүүцлийн цуглааныг хийж байна. Бид цалин нэмээд өг гэж гуйгаагүй. Төрийн удирдлагууд амлалтаа биелүүлэхгүй байна. Яг одоо 21 аймгийн эмч эмнэлгийн ажилчид бүгд ажил хаялтад нэгдэж байна гэсэн энгэрийн тэмдэг зүүжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
хүүр чинь
ямар муухай даапаалсан аясаар бичсэн сэтгүүлч хүүр вэ?
2017/10/24 182.160.34.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment