Зуны дэлгэр сарууд ард үлдэж, хүйтний улирал ирэхтэй уралдан Монголчууд өвлийн бэлтгэлээ базааж байна. Хөдөөгийнхөнд хамгийн чухал ажил нь өвс хадлан, тариаланчдад ургац хураалт байдаг энэ үед нийслэлчүүдэд орон байр, гэрээ дулаалах нь мөн утааны асуудлыг хамгийн их ярьдаг.Гэтэл өнөөдөр ямар ч шийдэл алга байна. Учир нь НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл НИТХ-ын тэргүүлэгчид болон ээлжит хуралдаанаа хийж чадахгүй ажил гацчихаад байна. НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан ажлаа авсанаас хойш хоёр удаа хурлаа хийх гэсэн боловч, ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдаж чадахгүй байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны зургадугаар сараас хойш хуралдаагүйгээс Нийслэл хотын ажил, бүтээн байгуулалт бүгд гацчихсан байна. НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга жил болгоны аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр НИТХ 6 сараас хойш хурлаа хийж чадахгүй байна. НИТХ-ын гишүүд даргаа сонгохдоо хоорондоо тохиролцох гэж хоёр удаа санал хураалт явуулж, хоёр удаа завсарлага авч бүтэн 28 хоног хойшлуулж байж, шинэ даргаа сонгосон. Тэсгэм хүйтэн өвлийн улиралаас өмнө Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна. Тодруулбал, өнгөрсөн долоо НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд дараах асуудлууд орсон байсан ч мөн л хойшиллоо.
НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгаас тамгаа гардан авсныхаа дараа “Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага болох НИТХ-ын даргаар нэр дэвшүүлж, сонгосон та бүхэнд баярлалаа. Олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн ажиллах боломжийг бүрдүүллээ.Эх орны нийгэм, эдийн засгийн цөм болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх үүргийг 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон. Би цаашид НИТХ-ын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална.Бид цаашид нэн чухал ач холбогдолтой, нийгмийн захиалга болсон дараах асуудлуудыг цаг алдалгүй хэрэгжүүлнэ” хэмээн хэлсэн байдаг.
Гэтэл тамгаа гардаж аваад 20 гаруй хонож байхад нэг ч удаа хурал хийгээгүй, хэзээ хийх нь тодорхойгүй байна. Нийслэлчүүд МАН-ыг олонх болгож, итгэл хүлээлгэсэн. Гэтэл өдий болтол намын дотоод асуудлаа шийдэж чадахгүй, ирц нь хүрэхгүй, хурлаа хийж чадахгүй гацсан байдалтай байна. МАН-ын төлөөлөгчдөөс бүрддэг Тэргүүлэгчдийн хурал яаралтай дотоод зөрчлөө хойш тавьж, Нийслэл Улаанбаатар хотын асуудлаа хэлэлцэхгүй бол нийслэлийн ажил цалгардлаа.
Хэн гэгч төлөөлөгчид хуралдаа ирэхгүй, ажил гацааж байна вэ.
Тэргүүлэгчдийн хурлын Есөн гишүүнд:
1. С.Амарсайхан НИТХ-ын дарга
2. Ж.Алдаржавхлан Тэргүүлэгч
3. Э.Бат-Амгалан Тэргүүлэгч
4. Ж.Батсайхан Тэргүүлэгч
5. Н.Баярмөнх Тэргүүлэгч
6. Д.Баярсайхан Тэргүүлэгч
7. С.Мөнхчулуун Тэргүүлэгч
8. Б.Сүхбаатар Тэргүүлэгч
9. М.Эрдэнэтуяа Тэргүүлэгч нар багтдаг байна.