“БУЯНТ-УХАА-2” ХОРООЛЛЫГ БҮХЭЛД НЬ БАРЬЦААЛСАН"
Төрийн орон сууцны корпорацийг /ТОСК/ тойрсон элдэв шуугиан тасардаггүй. Үүний нэг нь “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчид өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ (ордер) аваагүй хүлээлтийн байдалд байна. Учир нь тус байгууллага “Хөгжлийн банк”-нд иргэдийн эд хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг барьцаалсан байна. Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн Хөрөнгө оруулалтын газарын мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг тодруулахад “Хөгжлийн банкинд барьцаалсан зүйл байхгүй. Иргэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь банкинд барьцааллаа гэсэн буруу ойлголттой гомдол гаргаад байна. Гэтэл энэ бол иргэдийн мөнгөнөөс барилгыг барих санхүүжилтыг гаргасан. Энэ асуудал Хөгжлийн банктай шийдвэрлэх түвшинд яригдаж байна” гэсэн юм.
ТОСК-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүй өнгөрсөн жил хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Буянт-Ухаа-2” хорооллын оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хөгжлийн банкинд барьцаалсан нь үнэн. Гэхдээ иргэдийн эд хөрөнгө эзэмших гэрчилгээг эхнээс нь барьцаанаас суллаж иргэдэд олгож эхэлсэн гэж байв.
Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутагт байрлах “Буянт-Ухаа-2” хороололд 6500 өрх амьдарна гэж төлөвлөсөн байдаг. Үүнд төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд болон бусад хүмүүс ипотекийн зээлд хамрагдах байдлаар багтаж 39.30м кв, 49.23м кв, 56.08 м кв хоёр өрөө болон 68.59 м кв гурван өрөөнөөс сонголтоо хийжээ. Тухайн үед мкб нь 1.380.000-1.400.000 төгрөгийн ханштай байв.
Тус хорооллын 1020 дугаар байрны оршин суугч ахмад настан н.Лхамсүрэн нь 39.3 мк хоёр өрөө байрыг 2015 онд 53 сая 55 мянган төгрөгөөр худалдан авч өнгөрсөн жилийн гуравдугаар сард түлхүүрээ гардан авсан байна. Түүний хэлсэнээр “Төрийн орон сууцны корпорацид байрныхаа гэрчилгээг лавлаж очоод бие дийлэхээ больсон. Намайг очих тоолонд “удахгүй гарна” гэсэн хариу өгдөг юм. Хамгийн сүүлд энэ байрны оршин суугчдын яриагаар бидний байрны гэрчилгээг барьцаанд тавьсан сураг байна. Үнэхээр барьцаалсан бол байрнаас минь хөөгөөд гаргачихгүй л бол нэг өдөр ордерыг минь өгөх байх аа” гэв.
Д.Цэцгээ: байрныхаа гэрчилгээг авалгүй жил гаруйн хугацаа өнгөрөх нь
Тус хороололд төлбөрөө 100 хувь төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй н.Лхамсүрэн гуайтай адил олон хүн байгаа. Тэдний төлөөлөл болох 1020 дугаар байрны оршин суугч Д.Цэцгээтэй цөөн хором ярилцлаа.
-Сайн байн уу. Та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авалгүй хэр удаж байна вэ?
-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард шинэ байрандаа ороод сэтгэл их хангалуун байсан ч байрныхаа гэрчилгээг авалгүй жил гаруйн хугацаа өнгөрөх нь. Төрийн орон сууцны корпорациас та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гэж гадуур хөөцөлдөх хэрэггүй. Бид нар утсаар дуудна гэсэн хариу өгдөг.
-Та байраа хэдэн төгрөгөөр авч байсан бэ. Төлбөрөө 100 хувь төлсөн үү?
-Манай байр хоёр өрөө 49.23 мкб 66 сая гаруй төгрөг болсон. Төлбөрөө гурав хувааж төлсөн ч бүрэн барагдуулсан. Тухайн үед гэрээ байгуулахдаа “Хөгжлийн банк”-инд 50000 төгрөг тушаасан гэсэн ТОСК-ын нотариатаар батлуулж байсан. Тухайн үед ТӨҮГ-ын Ерөнхий захирал байсан А.Гантулгын үед байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн 160 гаруй хүн байсан юм. Одоо удирдлагууд нь солигдоод манай байрны асуудлыг хариуцаж ажиллаж байгаа хүн байдаг эсэхийг нь мэдэхгүй байна.
-ТОСК оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавьсан гэх мэдээлэл гарч эхэлсэн. Та энэ талаар дуулсан уу?
-Бидний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаанд тавьсан сураг оршин суугчдаас сонссон. Нэгэнт барьцаалсан нь үнэн бол удалгүй гаргаж өгөх байх гэж хүлээж суухаас өөр арга байхгүй шүү дээ. Харин байрнаас минь хөөгөөд гаргачихахгүй л байлгүй.
-Зарим хүмүүсийн байрны ордер нь гарсан гэх юм?
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зарим хүмүүс авсан байна билээ. Яагаад бидний гэрчилгээг гаргахгүй байгааг хэлж мэдэхгүй л юм
Өчигдөр (2017.10.24) тус хорооллын 1015 дугаар байрны 10 гаруй оршин суугчид ТОСК-д үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах шаардлага бүхий өргөдөл өгсөн аж. Гэвч эдгээр хүмүүст үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарахгүй бол байрнаасаа хөөгдөх вий гэсэн битүүхэн айдастай байгаа тухайгаа хэлж байсан юм.
Тус хорооллын барилга угсралтын ажлыг 2014 оны тавдугаар сарын 30-нд “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” эхлүүлсэн байдаг. Энэхүү хорооллын бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлэхдээ ТОСК Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлээ барагдуулаагүй гэдэг.
Тодруулбал, “БуянтУхаа 1” “БуянтУхаа2”, “аймаг бүрт 1,000 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр тус банкнаас нийт 111.9 тэрбум төгрөг, 35.5 сая ам.долларын зээл авчээ. Энэ мөнгөөр “Буянт-Ухаа1” хорооллыг барьсан ч зээлээ төлөлгүй үргэлжлүүлэн хоёрдугаар ээлжийн орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан байна.
н.Билгүүн: “Буянт-Ухаа-2” хорооллыг бүхэлд нь барьцаалсан
“Хөгжлийн банк”-ны ТОСК хариуцсан мэргэжилтэн н. Билгүүнээс тодруулахад “Буянт-Ухаа-2” хорооллыг ТОСК барьцаанд тавьсан учираас зээлээ барагдуулсан тохиолдолд л барьцаанаас суллана. Өөрөөр хэлбэл, “Буянт-Ухаа-2” хорооллыг бүхэлд нь барьцаалсан.Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гараагүй гэсэн асуудалтай маш олон хүн байгаа. Тэд ТОСК-той асуудлаа ярилцах ёстой” хариулт өгсөн юм.
УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци” Төрийн өмчийн үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй танилцаж санал солилцсон. Энэ үеэр ТОСК ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй хэлэхдээ “Засгийн газрын баталсан тогтоолын дагуу 82.3 тэрбум төгрөгний орон сууцыг түрээсийн санд шилжүүлснээр 1512 айл Түрээсийн орон сууцанд ая тухтай амьдарч байна” хэмээн хэлсэн байна.
Гэтэл үнэн хэрэгтээ шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардаж аваад удаагүй, орон гэртээ тохижиж амжаагүй байгаа тэр хүмүүс өнөөдөр эд хөрөнгөө өмчлөх эрхгүй байгаа нь хэзээ ч гудамжинд гарч болзошгүй байна. ТОСК энэ асуудлыг хэзээ шийдэх вэ.