8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Осолдсон иргэдийн цогцсыг МИ-171 нисдэг тэргээр авчрахаар болж, энэ сарын шилдэг тамирчин тодорсон байна

2017-10-24 18:40:00

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон.

Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 мталбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс мэдээлэл өгч байна. ОБЕГ үлдсэн гурван хүний эрлийг үргэлжлүүлэн хийж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

ОБЕГ: Осолдсон иргэдийн цогцсыг МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн.Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3,200-3,400 метрийн өндрөөс буулгаж байна. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байгаа юм байна.

Эрэн хайх ажиллагааны бүлгүүд одоогоор 2,775 метр өндөрт хээрийн штаб байгуулан байрлаж байна.Ослын голомтод Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан шуурхай бүлэг өчигдөр 18:38 цагт Отгонтэнгэр уулын бэлд нисдэг тэргээр буусан. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ослын голомтод ажиллаж байгаа шуурхай бүлгийн өргөтгөсөн хурлыг хийж, үүрэг чиглэл өгсөн байна.

Аймгийн Засаг даргын А/373 дугаар захирамжаар шуурхай штабыг байгуулан ажиллаж байна.Өчигдөр голомтын бүсэд гэр, майхан, шатахуун, хоол хүнс, цахилгаан үүсгүүр, дагалдах хэрэгсэл, шаардлагатай эмийн нөөцийг хүргүүлэхээр гаргасан.

Улсын онцгой комиссын шуурхай штабын ирүүлсэн мэдээллээр Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн, 27 автомашин, 2 нисдэг тэрэгтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Амьд үлдсэн 10 иргэн болон осолдсон иргэдийн цогцсыг ЗХЖШ-ын МИ-171 нисдэг тэргээр авчрахаар төлөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ТОСК-ыг тойрсон дуулиан “Буянт-Ухаа-2” хорооллоор үргэлжилж байна

“БУЯНТ-УХАА-2” ХОРООЛЛЫГ БҮХЭЛД НЬ БАРЬЦААЛСАН"

Төрийн орон сууцны корпорацийг /ТОСК/ тойрсон элдэв шуугиан тасардаггүй. Үүний нэг нь “Буянт-Ухаа 2” хорооллын оршин суугчид өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ (ордер) аваагүй хүлээлтийн байдалд байна.  Учир нь тус байгууллага “Хөгжлийн банк”-нд иргэдийн эд хөрөнгө өмчлөх эрхийн бичгийг барьцаалсан байна.  Энэ талаар Төрийн орон сууцны корпорацийн Хөрөнгө оруулалтын газарын мэргэжилтэн Г.Эрдэнэцэцэг тодруулахад “Хөгжлийн банкинд барьцаалсан зүйл байхгүй. Иргэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь банкинд барьцааллаа гэсэн буруу ойлголттой гомдол гаргаад байна. Гэтэл энэ бол иргэдийн мөнгөнөөс барилгыг барих санхүүжилтыг гаргасан. Энэ асуудал Хөгжлийн банктай шийдвэрлэх түвшинд яригдаж байна” гэсэн юм.

ТОСК-ын Ерөнхий захирал  Ж.Хичээнгүй өнгөрсөн жил хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Буянт-Ухаа-2” хорооллын оршин суугчдын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хөгжлийн банкинд барьцаалсан нь үнэнГэхдээ иргэдийн эд хөрөнгө эзэмших гэрчилгээг эхнээс нь барьцаанаас суллаж иргэдэд олгож эхэлсэн  гэж байв.

Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутагт байрлах “Буянт-Ухаа-2” хороололд 6500 өрх амьдарна гэж төлөвлөсөн байдаг. Үүнд төрийн албан хаагчид, зорилтот бүлгийн иргэд болон бусад хүмүүс ипотекийн зээлд хамрагдах байдлаар багтаж 39.30м кв, 49.23м кв, 56.08 м кв хоёр өрөө болон 68.59 м кв гурван өрөөнөөс сонголтоо хийжээ. Тухайн үед мкб нь 1.380.000-1.400.000 төгрөгийн ханштай байв.

 Тус хорооллын 1020 дугаар байрны оршин суугч ахмад настан н.Лхамсүрэн нь 39.3 мк хоёр өрөө байрыг 2015 онд 53 сая 55 мянган төгрөгөөр худалдан авч өнгөрсөн жилийн гуравдугаар сард түлхүүрээ гардан авсан байна. Түүний хэлсэнээр Төрийн орон сууцны корпорацид байрныхаа гэрчилгээг лавлаж очоод бие  дийлэхээ больсон. Намайг очих тоолонд “удахгүй гарна” гэсэн хариу өгдөг юмХамгийн сүүлд энэ байрны оршин суугчдын яриагаар бидний байрны гэрчилгээг барьцаанд тавьсан сураг байна. Үнэхээр барьцаалсан бол байрнаас минь хөөгөөд гаргачихгүй л бол нэг өдөр ордерыг минь өгөх байх аа” гэв.

Д.ЦЭЦГЭЭ: БАЙРНЫХАА ГЭРЧИЛГЭЭГ АВАЛГҮЙ ЖИЛ ГАРУЙН ХУГАЦАА ӨНГӨРӨХ НЬ

Тус хороололд төлбөрөө 100 хувь төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваагүй н.Лхамсүрэн гуайтай адил олон хүн байгаа. Тэдний төлөөлөл болох 1020 дугаар байрны оршин суугч Д.Цэцгээтэй цөөн хором ярилцлаа.

-Сайн байн уу. Та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авалгүй хэр удаж байна вэ?

-Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард шинэ  байрандаа ороод сэтгэл их хангалуун байсан ч байрныхаа гэрчилгээг авалгүй жил гаруйн хугацаа өнгөрөх ньТөрийн орон сууцны корпорациас та үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах гэж гадуур хөөцөлдөх хэрэггүй. Бид нар утсаар дуудна гэсэн хариу өгдөг.

-Та байраа хэдэн төгрөгөөр авч байсан бэ. Төлбөрөө 100 хувь төлсөн үү?

-Манай байр хоёр өрөө 49.23 мкб 66 сая гаруй төгрөг болсонТөлбөрөө гурав хувааж төлсөн ч бүрэн барагдуулсан.  Тухайн үед гэрээ байгуулахдаа “Хөгжлийн банк”-инд 50000 төгрөг тушаасан гэсэн ТОСК-ын нотариатаар батлуулж байсан. Тухайн үед ТӨҮГ-ын Ерөнхий захирал байсан А.Гантулгын үед байрныхаа төлбөрийг 100 хувь төлсөн 160 гаруй хүн байсан юм. Одоо удирдлагууд нь солигдоод манай байрны асуудлыг хариуцаж ажиллаж байгаа хүн байдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

НИТХ-ын тэргүүлэгчдэд нийслэлийн ажлаас илүүтэй эрх ашиг чухал

Зуны дэлгэр сарууд ард үлдэж, хүйтний улирал ирэхтэй уралдан Монголчууд өвлийн бэлтгэлээ базааж байна. Хөдөөгийнхөнд хамгийн чухал ажил нь өвс хадлан, тариаланчдад ургац хураалт байдаг энэ үед нийслэлчүүдэд орон байр, гэрээ дулаалах нь мөн утааны асуудлыг хамгийн их ярьдаг.Гэтэл өнөөдөр ямар ч шийдэл алга байна. Учир нь НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан ажлаа хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл НИТХ-ын тэргүүлэгчид болон ээлжит хуралдаанаа хийж чадахгүй ажил гацчихаад байна. НИТХ-ын шинэ дарга С.Амарсайхан ажлаа авсанаас хойш хоёр удаа хурлаа хийх гэсэн боловч, ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хуралдаж чадахгүй байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2017 оны зургадугаар сараас хойш хуралдаагүйгээс Нийслэл хотын ажил, бүтээн байгуулалт бүгд гацчихсан байна. НИТХ бол нийслэл хотыг бодлогоор ханган ажилладаг байгууллага.  Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга жил болгоны аравдугаар сарын 5-ны дотор өргөн барьдаг Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлээ Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, НИТХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр НИТХ 6 сараас хойш хурлаа хийж чадахгүй байна. НИТХ-ын гишүүд даргаа сонгохдоо хоорондоо тохиролцох гэж хоёр удаа санал хураалт явуулж, хоёр удаа завсарлага авч бүтэн 28 хоног хойшлуулж байж, шинэ даргаа сонгосон. Тэсгэм хүйтэн өвлийн улиралаас өмнө  Тэргүүлэгчдийн хурлаар шийдэгдэх маш олон асуудал зогсоод байна. Тодруулбал, өнгөрсөн долоо НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд дараах асуудлууд орсон байсан ч мөн л хойшиллоо.  Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ сарын шилдэг тамирчин тодорлоо

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг "Сарын шилдэг тамирчин" шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо.Уругвай улсын Монтевидео хотноо болсон шатрын Дэлхийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 14 хүртэлх насны эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дамбасүрэнгийн Батсүрэн санал асуулгын дүнгээр олонхийн санал авч шилдэг тамирчин боллоо. Тэрбээр нийт 53 орны 400 гаруй тамирчин оролцсон ДӨАШТ-д түрүүлсэн Монгол Улсын түүхэн дэх анхны эрэгтэй шатарчин болж байна. 1974 оноос эхтэй тус тэмцээнд домогт шатарчид болох Г.Каспаров, В.Крамник, Ю.Полгар нар түрүүлж, агуу карьерынхаа эхлэлийг тавьж байжээ.

Г.Дэнзэнгийн ялыг хүндрүүлжээ

Улсын дээд шүүх Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан, дунд шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож анхан шатруу буцаасан. Энэхүү шийдвэрээс хойш хууль хүчний байгууллагынхантай холбоотой но-той асуудлууд гарч эхэлсэн юм.

Тухайн шүүгч шүүх хуралдааны дараа хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар итгэл үнэмшлээ олж авах ёстой атал шүүгч Г.Буяннэмэх  Г.Дэнзэн нь эрүүгийн хуулийн 263 дүгээр ангид хамаарах гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн захирамж гаргаж мөрдөн байцаалтад буцаажээ. Энэ нь Шүүгчийн ёсзүйн дүрэм болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл аж. Өнөөдөр шүүгчид хараат бусаар, хуульд захирагдаж ажилласныхаа төлөө татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг. Гэтэл үнэн, худлыг дэнслэх ёстой шүүх засаглалынхан энэ мэт үйлдэл гаргаад байвал ард түмэн хэнд итгэх вэ.

Шинжээчид цогцос таниулж, дүгнэлт гаргасны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгнө

Отгонтэнгэр ууланд сураггүй болсон 17 иргэний ар гэрийнхэнтэй ОБЕГ-ын удирдлагууд өнөөдөр уулзаж мэдээлэл өгсөн байна.   Уулчдыг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд үлдсэн гурван иргэнийг хайж байна. Тэд цасны таван метрээс доош гүнд эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн аж.  Албаныхан амиа алдагсдыг Улаанбаатар хотод тээвэрлэж ирээд шууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгөх юм байна. Ингээд мэргэжлийн шинжээчид цогцос таниулж, дүгнэлт гаргасны дараа ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх ажээ. 

Айл өрхүүд ирэх 7 хоногоос цахилгааны хөнгөлөлтөд хамрагдана

Цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхүүд 21:00-06:00 цагийн хооронд хөнгөлөлттэй үнээр цахилгаан хэрэглэх юм.

"Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 3 дугаар зүйлийн 3.5-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан байдаг. Тиймээс цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд ирэх сарын нэгнээс өмнө өр төлбөрөө барагдуулах ёстой.

Улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган айл өрх халаалтын улиралд шөнө хэрэглэсэн цахилгааны төлбөрөө 100-50 хувь хүртэл хөнгөлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.

Б.Чойжилсүрэнгийн гишүүдэд хувиарласан 72,5 тэрбумыг Ч.ХҮРЭЛБААТАР хасчээ

Б.Чойжилсүрэн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа 2017 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна" хэмээн 72,5 тэрбум төгрөгийг УИХ-ын 72 гишүүнд хуваарилахаар оруулж ирсэн байна. Харин Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар  тус 72,5 тэрбум төгрөгийг хасаад УИХ-д оруулаад ирсэн байна. Хассан мөнгөөрөө 300 мянган төгрөгийг цагш нарт, төрийн албан хаагчдад олгоно гэж төлөвлөжээ.Тодруулбал, 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор хувиарласан байна.

 Харин Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “2017 төсвийн тодотголд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр мөнгө суулгасан” хэмээн өөрийгөө хамгаалж байгаа аж.

Зүрхний эмгэгтэй 12 хүүхдийн хагалгаа амжилттай болжээ

НХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэг, Улаан загалмайн сангаас Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг өвчний эмчилгээний чиглэлээр хэрэгжүүлэх төслийг МУЗН-тэй хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү төслийн үр дүнгээр зүрхний гажигтай 100 хүүхдийг үнэ төлбөргүйгээр эмчлэхээр болсон юм. Тэгвэл хөтөлбөрт хамрагдсан эхний 12 хүүхдийн хагалгаа амжилттай болжээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөх хотод хагалгаанд орсон хүүхдүүд эхнээсээ нутаг буцсан талаар “South China morning post” сонинд мэдээллээ.

Төсөлд хамрагдсан эхний 14 хүүхэд энэ сарын эхээр Хөх хотыг зорьсны түрүүч нь ийнхүү өвчнөөсөө салаад эх нутгаа зорьсон нь энэ юм байна. Төсөлд хамрагдсан дараагийн ээлжийн 41 хүүхэд мөн өнгөрсөн долооо хоногт асран хамгаалагчдын хамт Бээжинг зорьсон бөгөөд хүүхдийн эмчилгээ, замын зардал болон Бээжин хотод  байх  эцэг, эхийн аль нэгний зардлыг БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, улаан загалмай сан бүрэн дааж байгаа юм.

Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг Шастины гуравдугаар эмнэлгийн хяналтад эмчлүүлдэг зүрхний гажигтай хүүхдүүдээс сонгож авсан бөгөөд Монгол Улсад эмчлэх боломжгүй эсвэл амьжиргааны төвшин тааруу үзүүлэлтийг чухалчилжээ.  

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл