8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.Энхтүвшин: Уулчдыг ойролцоогоор 700 метрийн өндрөөс унасан гэж дүгнэж байгаа

2017-10-25 09:45:00

Эрлийн ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ослын голомтод ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээ, эмнэлгийн байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Аврах ажиллагааны хээрийн штаб штаб 2811 метрийн өндөрт байрлаж, аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн.
Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна 

Ө.Энхтүвшин: Уулчдыг ойролцоогоор 700 метрийн өндрөөс унасан гэж дүгнэж байгаа


Харин Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр орой 17.35 минутад нисэхэд газардлаа. Буусаныхаа дараа Шадар сайд Ө.Энхтүвшин үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ  “Маш эмэгнэлтэй осол болжээ. Отгонтэнгэр хайрханд очсон хүмүүс маань тав дахь өдрөө хоночихоод маргааш нь авирсан байна. Хайрханыхаа орой дээр үдээс хойш гарсан юм байна. Ойролцоогоор 17.00 цагийн орчимд юм шиг байна. Ингээд буцаад суусан боловч 10 нь бууж ирсэн 17 нь бууж ирээгүй. Нийтдээ 20 эрэгтэй, долоон эмэгтэй байсан байна. Эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн өдрөө 10 хүний цогцосыг олсон. Өчигдөр дөрвийг олсон. Одоо цаана нь гурав үлдэж байна. Эрэн хайх ажиллагаа нэлээд хүнд нөхцөлд явагдаж байгаа. 3200 метрийн өндөрт энэ ажиллагаа явагдаж байгаа. Би нисдэг тэргээр хоёр удаа тойрч харсан. Мэргэжлийн хүмүүс хавтангийн гулгалт болсон байна гэж үзсэн. Удаа дараа орсон цас наранд хайлж хавтан үүсгэдэг юм байна. Тэрхүү хавтан нь нэлээд томоороо уулчдыг авч доошоо гулссан байна. Ойролцоогоор 700 орчим метрийн өндрөөс унасан гэж дүгнээд байгаа” гэсэн мэдээллийг өглөө. 

Осол болсон газар 166 хүн ажиллаж байна 


Уг осол болсон газар өнөөдрийн байдлаар хоёр нисдэг тэрэг, 20 гаруй машин 166 хүн ажиллаж байгаа аж. Эрлийн багийнхан маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгсөн. Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

Осолдсон уулчдын цогцсыг хотод авчирлаа 


Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн амиа алдсан 14 уулчны цогцсыг өчигдөр орой 21.00 цагийн үед нийслэлд авчирлаа. Мөн өчигдөр орой 22.00 цагийн үед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү тээвэрлэж, цогцосыг ар гэрт таниулах үйл ажиллагаа хийлээ. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцосыг авчирхад хөлдөж, хөхөрч, хавдаж хөөсөн харахаас нүд хальтрам царай төрхтэй болсон байсан талаар эх сурвалж мэдээллээ. 

“Хоризон” клубээс эмгэнэл илэрхийллээ

Хэвлэлд мэдээлсэнчлэн уг аялалд “Хоризон”, “Хамтдаа алхацгаая”, “Оргил өөд”, “Хайрхан”, “Ди Си Ай хайкинг”, “Скай райнинг”, “Сонирхогчийн клуб”-ийн гишүүд явсан болох нь нийтэд ил болоод байгаа юм.Тэгвэл уг осолтой холбогдуулж  “Хоризон” клубээс эмгэнэл илэрхийлжээ. Эмгэнэлд, “Амь эрсэдсэн уулчдынхаа гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын ард түмэн, уулын аялал, спорт сонирхогчдод нөхөж баршгүй гарз тохиолоо. Бид сонирхол нэгт найз нөхдөө, хоолоо хамтдаа хувааж иддэг, хамаатнаас илүү долоо хоног бүр уулздаг, богинохон хугацаанд ижилсэн дассан, уулзах бүрдээ хөгжил хөөртэй учран золгодог, зовлон жаргалаа хуваалцдаг байсан дотны хайртай анд нөхдөө байгалийн гамшигт золгүйгээр алдлаа.Тэд маань бусдын сайн сайхны төлөө бүхий л үйл хэрэгт алдхан биеэ хайрлахгүй, хамгийн түрүүнд ханцуй шамлан ордог, хамт олныхоо сор болсон манлайлагчид байсан билээ" гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Тэнэг минь ээ, 700 метрээс унана гэж юу байсан юм??? 3250 метрээс олдсон гээ биз дээ...
2017/10/25 202.5.196.171