8o
Улаанбаатар хот
mobile menu

Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замыг ашиглалтанд орууллаа

2017-10-25 17:48:05

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, СХД-ийн удирдлагууд болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.

Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй тус замын шинэчлэл, засварын ажил өнөөдөр дуусч 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14 метр, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт хоёр том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн замыг бүрэн ашиглалтанд хүлээлгэн өглөө. Замын ажлыг “Тотал инж” ХХК гэрээт хугацаандаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгинохайрхан дүүргийн хувьд 330 мянга гаруй хүн амтай том дүүрэг болсон. Толгойтын замыг шинэчлэх нь хотын удирдлагуудын хувьд чухал асуудал байсан. Энэ зам хоёр жил дамжин хийгдсэн. Зам хийгдэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байлаа. Өнөөдрийн замын нээлтээр энэ жилийн нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусч байна. Бид тавьсан зорилтоо бүгдийг нь биелүүлж чадсан” хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment