8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Б.Хурц, Ц.Нямдорж нар дайн "зарлаж", П.Орхонд ГАВЬЯАТ тамирчин цол хүртээхээр болсон өдөр

2017-10-26 18:40:00

Өнөөдөр ТЕГ-ын дарга Б.Хурц талийгаач С.Зоригийн хэрэг болон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн талаар нэлээд ширүүхэн хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний араас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мөн л хариулт өгсөн мэдээлэл хийлээ. Өнөөдрийн гол сэдэв ТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн нарын хийсэн мэдээлэл байлаа. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ “ЦЕГ-ын даргыг цагийн дотор солино” хэмээн хэлсэн. Тэгвэл мэдээлэл хийсэнийхээ дараа 1 цагийн дараа Зсгийн газрын хуралдаанаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж Хууль сахиулахын их сургуулийн захирал, хурандаа С.Баатаржавыг томиллоо.  Ийнхүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн амандаа хүрч, ЦЕГ-ын удирдлагыг 1 цагийн дотор ажлаас нь халж,өөр хүн томиллоо. Мөн тэрбээр цаашид хууль бус үйлдэл хийсэн хэнийг ч өршөөхгүй хэмээн хэлсэн. Энэ бүх мэдээллийг багтаасан Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

ОНЦЛОХ ИШЛЭЛ: Б.Хурц нар үхтлээ айж байна. Ингэх тусам илүү эрчимтэй цэвэрлэнэ

Өнөөдрийн гол сэдэв ТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн нарын хийсэн мэдээлэл байлаа. Олны анхаарлыг татаж байгаа эдгээр хоёр эрхэмийн хийсэн мэдээллээс ОНЦЛОХ ИШЛЭЛ-ийг бэлтгэн хүргэж байна.

Ц.НЯМДОРЖ: ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛЖ ИРСЭН ХҮН ЧИНЬ Б.ХУРЦ ШҮҮ ДЭЭ

  1. Миний хүү Анхбаярын тухай нэг юм гараад, учир нь олдоод олон нийт ойлгосон.
  2. 42 саяын Анхбаяртай холбоотой мэдээллийг би мэдэхгүй.
  3. Ажлын хэсгийг би огт сольж байгаагүй. Харин одоо бол солино.
  4. Захиалагчийг нь олоогүй байж хүн захиалгаар алсан гэж шийтгэнэ гэж юу байсан юм бэ.
  5. Тагнуул биш гэдгийг нь нотолчихсон шүүхийн шийдвэр надад байна. Нэгдүгээрт Нямдоржийг гадаадын тагнуул гэж гүтгэсэн байна. хоёрдугаарт, гүтгэсэн байна гэж шийдсэн шүүхийн шийдвэр надад байна
  6. Хуулийнхан толгой дээр гарч, Элбэгдорж улсыг түйвээсний илрэл л энэ.
  7.  Далдуур дээрэм хийдэг, төрийн толгой дээр гарсан.
  8.  Өнөөдөр Хурц хурал хийснээрээ өөрийгөө юу хийж байсныгаа илчиллээ. Би энийг цэвэрлэнэ.
  9. Энхбатыг хулгайлж ирсэн хүн чинь Б.Хурц шүү дээ.
  10. ТЕГ-ын үйл ажиллагаа надад мэдэгдэхгүй л дээ. Тэр байшин дотроо бүх зүйл нь нууц явагддаг юм
  11. Европоор дамжуулж хулгайлах, тариа хийсэн зэргийг зохион байгуулсан хүн шүү дээ.
  12. Би ямар ч хамгаалалт авахгүй. Тавилангаараа болог.
  13. Өөрийнхөө мэддэг хүрээнд энэ муухай хуйвалдааны сүлжээнд орсон хүмүүсээс цагдаагийн байгууллагыг маш хурдан цэвэрлэнэ.
  14. Зул бөхөхийнхөө өмнө жаахан бамбарлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу гэж бодож байна.
  15.  Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж.
  16. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа.
  17. Солигдохоо мэдчихээд тэгж байна.
  18. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудал шийдэгдэнэ.
  19. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон. Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Ийм оролцоотой юм.
  20. Эрдэнэтийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж ийм мэдээлэл хийж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг дэмжив

54.9 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдад нэг удаа нөхөн олговор өгөх саналыг Засгийн газар боловсруулсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарлахдаа “Өмнөх Засгийн газар Нийгмийн гурван талт хэлэлцээр байгуулж, цалинг үе шаттай нэмэхээр амласан. Гэвч энэ амлалтыг хэрэгжүүлбэл ОУВС-гийн өмнө хүлээсэн үүргээ зөрчихөд хүрэх юм. Тиймээс нэг удаагийн нөхөн олговор олгохоос өөр арга одоогоор алга. Тэгээд ч сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй, инфляц эргээд өсөх хандлагатай байна” гэв. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 55 гишүүний дийлэнх дэмжив. Гэхдээ шүүгч, прокуроруудад энэхүү нөхөн олговрыг олгохгүй юм байна. Дээрх нөхөн олговрыг олгосноор нийгмийн даатгалын сангаас 450 сая төгрөгийн нэмэлт зардал гарна.

Анхаар: Хур тунадас орж, хүйтэрнэ

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ аймгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгэ аймгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, өдөртөө Өмнөговь, Дундговь, Говь-Сүмбэр, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Түүнчлэн 27-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 27-ны өдөр ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Дэлхийн ур чадвараас үлдэх даалгавар

Дэлхийн ур чадварын 44 дэх тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод зургаан хоног үргэлжилж өндөрлөлөө. Монгол улс энэ жил зургаан мэргэжлээр оролцож, 2015 оны амжилтаа ахиулж, зорилтоо биелүүллээ. Та бүхэн гагнуурын оролцогч Ж.Жанлав-Ойдов хос медаль хүртсэн, оролцсон зургаан мэргэжлээр өмнөх тэмцээний амжилтаа ахиулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзэж, мэдсэн байх. Харин энэ удаад Дэлхийн ур чадвар гэж ямар утга учиртай тэмцээн болох оролцогчдын бэлтгэл хэрхэн явагдсан, зургаан оролцогчийн ард хичнээн хүн ажилласан талаар болон 2019 оны тэмцээнд хэрхэн амжилттай оролцох талаар өгүүлэхээр энэхүү нийтлэлийг тэрлэж байна. Хүлээн авна уу.

ДЭЛХИЙН УР ЧАДВАРЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ТОВЧООР 

          Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946 онд Испанид чадварлаг ажилчид ус, агаар шиг хэрэгтэй болжээ. Испанийн залуучуудын холбооны дарга Жосе Антонио Элола Оласод энэ хэрэгцээг олж харан, чадварлаг залуу үеийн шат дараатай бэлтгэн гаргах, тэдэнд урам зориг өгөх ямар нэгэн томоохон ажил, арга хэмжээг зохиохоор шийдсэн байна. Энэхүү алсыг харсан зорилтын дагуу анхны сургалтын төвүүд нээгдэн залуучуудыг эх орондоо хэрэгтэй мэргэжлээр бэлтгэж эхэлсэнд Европын бусад орнууд туршлага судлан, үйл ажиллагаа нь жилээс жилд хурдацтай өргөжиж эхэлжээ. 1947 онд Дэлхийн ур чадвар олон улсын анхны тэмцээн Испани улсад зохион байгуулагдсан байна. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү нэр хүндтэй дэлхийн тэмцээнд 22 хүртэл насны /25 хүртэл насны дөрвөн мэргэжлээс бусад/ мэргэжил, сургалтын төв болон политехник, коллежийн суралцагч болон төгсөгч нэг удаа оролцох эрхтэй байдаг. Дэлхийн ур чадварын байгууллага одоо 77 орныг эгнээндээ нэгтгээд байна.

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ХНХЯ 

         Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож буй нь Монгол улсын Засгийн газрын мэргэжлийн боловсролын салбарыг хөгжүүлэх бодлогын дагуу явагдаж байгаа гэж ойлгож болно. Тодорхой хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолын дагуу 2014 онд Монгол Улс “Дэлхийн ур чадвар”-ын Олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн.

         Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 208 тоот тогтоолоор 24 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын баг тамирчид Бразил Улсын Сан Пауло хотноо 2015 оны 08 дугаар сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар”-ын 43 дэх удаагийн Олон улсын тэмцээнд анх удаа оролцож байсан түүхтэй. Дэлхийн ур чадварын тэмцээний Монгол дахь зохион байгуулалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцдаг. Дэмжигчээр Австрали, Герман, Швейцарийн санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэгч Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюутолгой ХХК зэрэг олон байгууллага ажилладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Б.Чойжилсүрэн гишүүдэд хувиарласан гэх 72,5 тэрбум төгрөгийн талаар тайлбар өглөө

Б.Чойжилсүрэн Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа 2017 оны төсвийн тодотголыг өргөн барихдаа "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна" хэмээн 72,5 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүдэд зориулахаар оруулж ирсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар  Сангийн сайд  Ч.Хүрэлбаатар  тус 72,5 тэрбум төгрөгийг хасаад УИХ-д оруулаад ирсэн байна. Хассан мөнгөөрөө 300 мянган төгрөгийг цагш нарт, төрийн албан хаагчдад олгоно гэж төлөвлөсөн” гэсэн мэдээлэл өгсөн.Тодруулбал, 192 мянган төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг олгохоор хувиарласан байна.


Энэ талаар Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “Гишүүдэд 72,5 тэрбум төгрөгийг өгнө гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг  нотлох хэрэгтэй.498,5 тэрбум төгрөгийг төсвийн зарлагыг нэмэгдүүлж байх үедээ үлдсэн 72,6 тэрбум төгрөгийг ЖДҮ-ээ тавъя гэсэн санал дэмжигдсэн. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд юуг анхаарах вэ гэдэг дээр ярилцаж байгаад ийм санал гарсан. Хардаж байгаа бол МАН-ын бүлэг 65 гишүүн байгаа. Харин УИХ 76  гишүүнд өгнө гэвэл 76 тэрбум болно. Ор үндэсгүй мэдээлэл” гэсэн хариултыг өглөө. 

 

МУГЖ Цэндийн Цэнд- Аюуш таалал төгсжээ

Ард түмний хайртай жүжигчин, Ягаан Гажид буюу  Ц.Цэнд-Аюуш таалал төгсчээ. Тэрээр 1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. Монголын ард түмэн түүнийг “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид”-ын дүрээр нь хүндэтгэн нэрлэдэг байсан юм. Ц.Цэнд-Аюушийн бүтээсэн "Сэтгэлийн дуудлагаар" киноны Дэжид, "Нийслэл хүү" киноны Ягаан Гажид,"Өглөө" киноны Лхам,"Тамирын охин" киноны Норов,"Газрын жигүүр" киноны жижүүр,"Өнөр бүл" киноны Гүндэгмаа зэрэг олон сайхан дүр, эелдэг нөхөрсөг зан төрх урлагт хайртай монголын үзэгч түмний сэтгэлд дурсагдсаар байх болно.

Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

П.Орхонд ГАВЬЯАТ тамирчин цол хүртээхээр болжээ

“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Монгол Улсын хошой аварга, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон  ГАВЬЯАТ тамирчин цол хүртээхээр болжээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар отгон дэлхийн аваргыг Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор шагнах нь тодорхой болсон байна. Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга П.Орхон энэ төрлөөс төрсөн 58 дахь Гавьяат тамирчин болж, төрийн одон медаль хүртэх болж байна. Шинэ гавьяатын цол, тэмдгийг маргааш 11:00 цагаас Төрийн ордонд гардуулахаар зарлажээ.

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн гурван сарын хугацаанд Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг ажиллуулахаар болсон. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр уг төвийн үйл ажиллагаатай танилцаж, “Ирэх сарын 1-нээс гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэнэ" хэмээн хэлсэн байна. 

Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийн үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна” гэв.

Зөвшөөрөгдөөгүй санхүүгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахгүй байхыг анхаарууллаа

Санхүүгийн зохицуулах хорооноос цахим мөнгө, криптовалют нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа болохыг мэдэгдлээ.Мөн криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж мэдэгдэл гаргасныг хүргэж байна. Мэдэгдэлд "Санхүүгийн зах зээлийн хөгжил, тогтвортой байдлыг хангах чиг үүргийнхээ хүрээнд Хороо холбогдох хууль, тогтоомжийн дагуу үнэт цаасны, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа, санхүүгийн хэрэгслүүдийг бүртгэн баталгаажуулж, бодлогоор зохицуулдаг.

Олон улсын зах зээл дээр сүүлийн үед олноор бий болж байгаа БитКойн, Итериум зэрэг криптовалютуудаар төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа юм. Японоос гаралтай БитКойн цахим орчинд гарч ирснээс хойш олон зуун криптовалют бий болоод байгаа ч дэлхийн улс орнууд бодлого, зохицуулалтын нэгдсэн шийдэлд хараахан хүрээгүй байгаа юм. Санхүүгийн зохицуулах хороо энэ чиглэлээрх дэлхий нийтийн хандлагыг ажиглан, эрх зүйн орчны судалгаа, тооцооллыг хийж байна.

Үүний хажуугаар криптовалют нэрээр олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох үйл ажиллагаа хийгдэж байгааг анхааруулж, ийм зүйлд хууртахаас сэрэмжлэхийг зөвлөж байна. Тухайлбал, Уанкойн /Onecoin/ үүний нэг жишээ юм. Тайланд, Герман, Унгар, Мальт, Хятад, Бельги, Энэтхэг зэрэг орнуудад Уанкойнтой холбоотой үйл ажиллагааг сэрэмжлүүлэх, хориглох, таслан зогсоохоо мэдэгдээд байна.

Эдгээрийн зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэл, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх үйл ажиллагааг интернет, нийгмийн сүлжээ ашиглан хууль бусаар хийх явдал цөөнгүй гарч байна. Төрийн зохицуулалтад хамаараагүй, хамаарахаас зайлсхийсэн хуулийн этгээдээс гаргаж байгаа болон зуучилж байгаа бонд, даатгагдсан бонд, хувьцаа, олон нийтийн зээл, эргэлтийн хөрөнгийн санхүүжилт зэрэг зөвшөөрөлгүй хэрэгсэлд хөрөнгө оруулж, хохирол амсахаас сэргийлэхийг нийт ард иргэддээ анхааруулж байна.

Хэрэв Та өөрийн итгэл үнэмшлээр төрийн зохицуулалтгүй, зөвшөөрөгдөөгүй санхүүгийн аливаа үйл ажиллагаанд хөрөнгө, мөнгөө оруулбал энэ нь Иргэний хуулиар зохицуулагдах харилцаа тул ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг өөрөө бүрэн хариуцахыг анхааруулсан байна. 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
амжилт хүсье
ОРХОНД баяр хүргье. ОЛИМПИЙН аварга болоорой
2017/10/27 122.201.31.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment