8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Манай сагсчид Азийн аварга болж, С.Ганбаатараас 50 сая воныг хурааж, 1.4 сая төгрөгөөр торгосон өдөр

2017-10-30 18:40:00

Шинэ эрч хүч, шинэ хүсэл мөрөөдлөөр дүүрэн шинэ долоо хоног эхлэж байна. Та энэ долоо хоногт юу хийж бүтээхээ төлөвлөсөн үү. Төлөвлөгөө гаргаагүй бол яг одоо төлөвлөгөө гаргаарай. Ажилт гаргана гэдэг тухайн өглөөг хэрхэн угтсанаас ихээхэн шалтгаалдаг юм шүү. Тийм учраас та бүхэн өглөө босоод заавал өглөөний цайгаа ууж байгаарай. Гэхдээ юу ч хамаагүй тааралдсан бүхнээ идэж болохгүйг мөн сануулж байна. Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.

Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Тийм учраас та бүхэн маргааш өндөг идэхээ бүү мартаарай. Харин одоо та бүхэндээ Монголын нэг өдөр тойм мэдээллээ хүргэх гэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

С.Хүрэлсүх: Иргэдийн 80 хувь нь хавдарын хүнд шатандаа орсон хойно эмнэлэгт хандаж байна

Манай улс элэгний хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт 80 гаруй хувь нь хавдарын хожуу үе болох гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг нь нас баралтын гол шалтгаан болдог байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар  хорт хавдарын 6999 тохиолдол бүртгэгдсэнээс 4000 хүн хорвоог орхижээ.  Энэ асуудлаар Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээ үйлчилгээ эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүхтэй ярилцлаа.

- Иргэдийн дунд хорт хавдарын тархалт нэмэгдэх болсон. Жилд 5000 гаруй хүн хавдартай гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн салбарын зүгээс хорт хавдарыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс хуваалцахгүй юу?

Хавдарын тулгамдсан асуудал эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Хорт хавдараар нас барах тохиолдол дэлхийн хэмжээнд өндөр байгааҮүний дийлэнх хувийг хөгжиж байгаа орнууд эзэлдэг.Ялангуяа манай улс элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдараар нас барах, өвчлөлийн шалтгаанаар тэргүүлдэг. Солонгост ходоодны хорт хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг боловч нас баралт нь бага. Учир нь эрт оношилдог. Харин манай улс энэ өвчнөөр нас баралтынхаа тоогоор тэргүүлж байгаа нь иргэдийн 80 хувь нь хожуу үе шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг. Тиймээс 2030 он хорт хавдарыг 30 хувиар  гэхэд хавдараар өвчлөгсдийг бууруулна гэсэн том зорилго тавиад байгаа. Энэ хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөртэй ижил ходоодны хорт хавдарыг бууруулах зорилгоор “Хелико бактергүй Монгол” хөтөлбөрийг ирэх оноос хэрэгжүүлнэ. 

Хавдар судлалын үндэсний төвийн хувьд тоног төхөөрөмжийн хангаж хэр зэрэг хүртээмжтэй байдаг вэ?

- Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирж байгаа. Австрийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сая төгрөгийн төхөөрөмж ирсэн. Харамсалтай нь өргөтгөлийн барилга одоогоор ашиглалтанд ороогүй байна. Технологийн хувьд жил бүр буцалтгүй тусламжаар өндөр хөгжилтэй орнуудаас оруулж ирдэг. Хэдийгээр ийм боловч хагалгаа хийлгэх өвчтөнүүдийн тоо буурахгүй байна. Иймд хорт хавдараас урьдчилан сэргийлэх ажлыг дорвитой хийх нь чухал байгаа юм. Энэ хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлээд байгаа. Бид ард иргэд рүүгээ чиглэсэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй л бол хичнээн мундаг тоног төхөөрөмж, хагалгаа хийсэн ч ачааллаа дийлэхгүй. Дэлгэрэнгүй  ярилцлагыг энд дарж үзнэ үү. 

 Г.Баасан: Энэ тендерийг хууль бусаар  авсан хүн бол Ч.Хүрэлбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүдийг томилсон Улсын Их Хурлын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг дэмжээгүй. Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй байгаа. Өнөөдөр гэхэд Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд болон АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудсаараад дамжуулан мэдэгдэл хийлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 


 Г.БААСАН: ЭНЭ ТЕНДЕРИЙГ ХУУЛЬ БУСААР  АВСАН ХҮН БОЛ Ч.ХҮРЭЛБААТАР

2017-10-30 11:02 
Авлигатай Тэмцэх Газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  Энэ үеэр ОНЗ-ийн дарга Г.Баасан  “Шинэ Засгийн газарт Ч.Хүрэлбаатар гэдэг хүн Сангийн сайд болсонНийтийн эрх ашгийг хамгаалах гэж байгаа хүн өөрөө нийтийн эрх ашгийг хохироогоогүй байх хэрэгтэй. Тэр дундаа авлигал газар авч байна гэж байгаа энэ үед төрд хууль бус үйлдэл хийдэггүй байх ёстой гэж харж байна.

Гэтэл Ч.Хүрэлбаатар гэдэг хүн утааны асуудал дээр ямар ч ТЭЗҮ боловсруулаагүй, зураг төслийг нь батлаагүй, эрсдлийг нь тооцоогүй түлшний үйлдвэр нэрийн дор бидний татвараас 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. /2014 он, Түлш, эрчим хүчний сайд байх үед/
Үндэсний Аудитын газраас гаргасан дүгнэлтийг би та бүхэнд хэлж байна. Энэ тендер дотроос 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн данс руу шилжсэн байна. Бидэнд ирж буй мэдээллээр энэ тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатар сайдын ахынх нь ангийн хүүхэд юм байна. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, мөрдөж мөшгих ёстой” гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Дэлхийн банк: Бэлэн мөнгө тараах амлалтаа эргэн харах нь зүйтэй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкнаас олгосон зээл эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний хамтын ажиллагаа хэвээр, бодлого тогтвортой байх болно гэлээ.

Дэлхийн банк цаашид ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй салбарыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.

Монгол Улсын Засгийн газар бага орлоготой болон ядуу иргэдэд чиглэсэн тогтвортой бодлого хэрэгжүүлэхийг хүсч, бэлэн мөнгө тараах, тэтгэвэр  нэмэх амлалтаа эргэн харах нь зүйтэй гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлсэн байна.

С.Ганбаатараас 50 сая воныг хурааж, 1.4 сая төгрөгөөр торголоо

МАХН-ын дэд дарга С.Ганбаатарт холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав. Мөн хандиваар авсан 50 сая вонныг улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. 

Чандмань суманд 4.6 магнитудын газар хөдлөлт болж байшин барилгын хана цуурчээ

Өчигдөр (2017.10.29) орой 20:05 цагийн үед Говь-Алтай аймгийн нутаг Өлзий булаг багийн “Алаг хайрхан” гэх газарт 4.6 магнитудын газар хөдлөлт болжээ.

Энэ үеэр иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэлт хүчтэй мэдрэгдсэн төдийгүй ЗДТГ-ын худгийн барилгын блокон хана, иргэн Х-гийн байшингийн тоосгон хана болон сургууль цэцэрлэгийн 64 см-ийн зузаантай хана тус тус цуурсан байна. Одоогоор аймгийн мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газраас ажлын хэсэг томилогдон тус суманд ажиллаж байгаа аж.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагддаг байна. 

 Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар улсын хэмжээнд нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байна. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байгаа юм. 

Малчид орлогогүй өрхүүдийг өмчтэй болгож байна

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын санаачилгаар сайн малчидтай хамтран тогтмол орлогогүй өрхийг малтай болгож эхэлжээ.  “Баянцогт” хоёрдугаар багийн иргэн С.Батмөнхөд малчин Н.Балдорж өөрийн мал сүргээсээ 25 толгой мал сүргийг таслан өгснөөр сумын нэгэн өрх өөрийн гэсэн өмчтэй болсон байна.

Тус сумын Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тогтмол орлогогүй зарим өрхийг амьжиргааны эх үүсвэртэй буюу малтай болгоно хэмээн тусгажээ.

Манай сагсчид Азийн аварга боллоо

2020 оны Токиогийн Олимпын төрөлд багтаад байгаа 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ баасан гаригаас эхлэн "Crocus event hall"-д явагдаж, өндөрлөлөө. Тодруулбал, Олимпийн эрхийн оноо олгох 3х3 сагсан бөмбөгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.Хоёр дахь удаагийн тус тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг түрүүллээ. Манай шигшээ аваргын төлөө  3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг  Шинэ Зеландтай тоглож, 19:14-харьцаагаар хожжээ
Тэд түрүүлэх замдаа Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13, Австралийг 19:17-ын харьцаагаар хожиж аваргын төлөө тоглохоор шалгарсан юм.

Өнөөдөр дүрэм зөрчсөн 60 машины дуут дохиог хураан торгууль оногдуулжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх сарын 15-ны дотор дуут дохионы замбараагүй хэрэглээг цэгцлэх үүргийг цагдаагийн даргад өгсөн. Уг ажлын хүрээнд замын цагдаагийн албаны дарга нар цагдаагийн алба хаагчидтай хамтран өнөөдрөөс зам дээр гэнэтийн шалгалт хийж эхэлжээ. Өнөөдөр өглөөний шалгалтаар 60 машины дуут дохиог хураан авч, Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгосон байна. “Эрдэнэс Таван толгой” ХК Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамирын спортын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг 60-аад байгууллагын удирдлагууд дүрэм зөрчин, дохио хэрэглэдэг байсныг хурааж авжээ. Хяналт шалгалт үргэлжилж байна. 

Талийгаачдыг өнөөдөр нутаглууллаа

Отгонтэнгэрт хайрханд 17 хүн осолдсон харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Өнгөрсөн долоо хоногт талийгаачдын цогцсыг ОБЕГ-ын эрлийн багийнхан олж, хотод нисдэг тэргээр авчирсан. Мөн талийгаачдын цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд авчирч ар гэрийнхнээр нь таниулах ажиллагаа явуулсан. Харин өнөөдөр тэднийг нутаглууллаа. 

Жил бүр нэг их наядын өр тавиад байх юм бол энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн их наядын өр тавих нь

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.10.30/  хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсөв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, төрийн албан хаагчдыг хууль бусаар халсан, бусад асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийг УИХ-д Засгийн газар өргөн бариад байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллах шийдвэр гаргалаа. 2018 оны төсөвтэй холбоотойгоор анхаарлаа хандуулах ямар асуудал байгаа, орлого, зарлагад бодлогын реформ хийсэн байх ёстой зэрэг шаардлагыг тавина гэдгээ  тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийн үеэр онцоллоо. Онцолж  байгаа хэд хэдэн зүйл заалтад Тухайлбал,  

  • Хүүхдийн мөнгийг цаашид ялгаваргүй олгох
  • Төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх
  • Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг хийхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг илүүд үзэх, хувийн хэвшлийг нийгмийн асуудалд оролцуулах асуудлаар цоо шинэ хандлагыг гаргах
  • Өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд Засгийн газрын шинээр тавьсан өр нэг их наяд төгрөгт хүрсэн байгаа гэдгийг анхааруулах юм байна.

Хэрвээ жил бүр нэг их наядын өр тавиад байх юм бол энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд дөрвөн их наядын өр тавих нь. Тиймээс өрийн асуудал дээр онцгой анхаарах ёстой. Бид 2017 оны төсөв хэлэлцэх үеэр “уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхий дахинд өсөх хандлагатай байна. Тиймээс та бүхний харж байгаа ханшийн болон үнийн төсөөлөл чинь бага байна” гэдэг асуудлыг анхааруулсан. Харамсалтай нь эрх баригчид хүлээж аваагүй. Гэтэл яг бидний төсөөлж байснаар уул уурхайн түүхий эдийн үнэ тогтвортой өсч, төсвийн орлого ч нэмэгдсэн. Тиймээс энэ удаагийн 2018 оны төсөв ч гэсэн орлогыг тооцохдоо валютын ханш болон түүхий эдийн үнийг зөв тооцож үзэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлнэ. Ажлын хэсгийн өнөөдөр орж ирж байгаа 2018 төсвийн төслийн орлого, зарлага, алдагдлын хэмжээг эргэж бүгдийг нь бодитойгоор гаргаж, төсвийн реформтой хамтатгаж, бодлогын чиглэлээр үзэхэд ямар байх эсэх дүгнэлтийг гаргах. Өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 2.7 их наяд, ирэх жилийн буюу 2018 оны төсөөлөл 2.4 их наяд гэж 300 тэрбумаар бууж байгаа. Гэсэн хэдий ч орлогыг зарлагатай нэмж тэнцүүлэн өсгөж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Тиймээс энэ асуудалд  ажлын хэсгийг анхаарч ажиллах даалгаварыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өглөө. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment