Нийслэлд анх удаа ой хээрийн төөрсөн ан амьтаныг асран хамгаалах, эмчлэх анхны байр өчигдөр ашиглалтанд орлоо. Энэхүү байгууламж нь зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай бөгөөд нэг удаад дөрвөөс таван буга, хоёроос гурван чоно, 10-20 орчим шувууг байлгах хүчин чадалтай бөгөөд 20 гаруй сая төгрөгийн өртгөөр сар гаруйн хугацаанд барьж дуусгажээ.
Энэ нь суурьшлын бүсэд нэвтэрсэн буга, гөрөөс, галзуу чоно зэрэг амьтдыг асран хамгаалж, эргүүлэн байгальд нь тавих боломж бүрдэж буй. Өмнө нь Нийслэлийн Байгаль орчны газар, холбогдох албаны хүмүүс тухай бүрт нь арга хэмжээ авдаг байсан ч гэмтэж бэртсэн амьтадыг эмчилж, асран хамгаалах байрны хувьд асуудалтай байсаар иржээ. Тус байгууллагад “Амьтны эрх хамгаалах сан”-гаас тэдэнд араатан амьтан зөөвөрлөх тор болон 500 мянган төгрөг хандивласан байна.