8o
Улаанбаатар хот
mobile menu

"Forbes Mongolia" сэтгүүлийн 1-р сарын дугаарын тойм

2016-01-18 14:01:00

Бидэнд хатуухан шалгуур бэлдсэн 2016 оныг амжилттай угтсан  хүн бүрт өвлийн сарын мэнд дэвшүүлье!

Хагас сарын өмнөхөн үдсэн 2015 он монголчуудын хувьд маш хариуцлагатай, аливаад төлөвлөлттэй амьдрахыг хатуу анхааруулсан жил байлаа. Тийм ч учраас бид 2016 оны анхны дугаарын сэдвээр ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг сонгосон юм. Өнөөдрийн нөхцөлд амь тариа шиг сонсогдох энэ салбарт орж ирсэн бүхнийг ухаалаг удирдсаны хүчинд л өгөөжөө хүртэнэ. Нийгэм, эдийн засгийн орчинг амьд бодгалтай зүйрлэвэл цус сэлбэх арга нь бартерын харилцаа болж байх жишээтэй. Үр дүнтэй гарц шийдлийг дэлхий даяараа эрэлхийлж буй энэ үед Зөвлөх хэмээх шинэ мэргэжил /Ментор/ ч бас моодонд орж байна гэх мэтчилэн өнгөрсөн жилийн онцлог дуусашгүй.

Ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хөрөнгийн зах зээл туулах ёстой зам, амсах учиртай эрсдэлээ давсаар хүний нүүр улайхааргүй хэмжээнд хөгжиж ирлээ. Энэ талаар бодит мэдээлэл өгөх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороотой хамтран нийтлэлүүд бэлтгэн хүргэж байна. Тус салбар 15 жилийн дараа ямар байхыг судалж, хөгжлийн хөтөлбөр боловсруулан УИХ-д өргөн барихад бэлэн болсныг, Зүүн Хойт Азийн бүс нутагтаа нийслэл Улаанбаатар маань олон улсын санхүүгийн төв байх боломжтойг та энэ дугаараас унших болно.

Сэтгүүлийн тэргүүн нүүрүүдэд уригдсан хүндтэй зочдын амжилтын түүх бидэнд маш үнэ цэнэтэй байдаг. Монголдоо төмөр, ган үйлдвэрлэх боломжийг эхлүүлж, түүнийхээ төлөө уйгагүй хөдөлмөрлөж яваа, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Дэлгэрсайханы туулсан бүхэн танд сургамж, ухаарал, итгэл, хүч болно. Жендерийг ялгааг огтхон ч хэрэгсдэггүй хүчирхэг эмэгтэй, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяагийн хөрөг уншигчдад маань амьдралын цоо шинэ хуудсыг эхлүүлэх ч магадлалтай. 


Ирэх онд дэлхийн улс төрийн эдийн засаг ямар байх, Санхүүжилт шаардлагатай компаниуд юу хийх, Санхүүгийн зохицуулалтын шинэчлэл, Татварын шинэчлэл, Даатгалын салбарын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн талаар танд чиг баримжаа болох даацтай агуулгууд шинэ дугаарт маань багтсан. Сэтгүүл доторх ертөнц Forbes Life буланд монголчуудын тансаг хэрэглээний сонголтонд өвөрмөц хэв маягийг авчирсан дарсны талаарх нийтлэл бий. Нас насны хүмүүсийн сэтгэл зүрхэнд үргэлж ойр байдаг “Цөмөөхэй”-тэй хэсэг хором саатаарай.

Бүхий л төрлийн хөрөнгө оруулалтууд эцсийн дүндээ хүний хөгжилд чиглэсэн байдаг. Хүсэл тэмүүлэл тань гэгээн, зорилго үйлс тань эерэг бол та хэнтэй ч нэг баг болж хаанаас ч олз омгийг татаж чадна. Сонгосон салбар бүртээ хамгийн сайн Хамтрагч байхыг хүсье!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл