Хүн бүр дотор сэтгэлдээ урмын сайхан үгийг ямагт хүсч явдаг. Хийж бүтээснийхээ төлөө, бусдыг баярлуулсны төлөө хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан үгс нь хүний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авч ирдэг. Бид хэдий болтол даруу төлөв, сэтгэлийн хөдөлгөөн багатайгаа илэрхийлж, талархал урмын сайхан үгсээ өөрөөсөө болон өрөөл бусдаас харамлаж явах билээ. Гэсэн атлаа маргалдаж муудалцахдаа зүрх зүсэж, сэтгэл хиртэн, дотор давчдам муу үгсийг хэлэх хэрэг юун. Хайртай хань, алаг үр, асралт аав ээж, анд нөхөд бүгд л урмын сайхан үгээр дутаж л яваа. Тиймээс эрхэм уншигч яг одоо хэн нэгэнд та урмын сайхан үг хайрлаарай. Өнөөдөр болж өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн болоод байна. Тоймоо хүлээн авна уу.
Ерөнхийлөгч Х.Баттулгад Зөрчлийн хууль үйлчлэх үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын шийдвэрт өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн хориг тавих тухай албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичигт “Өнгөрсөн жилүүдэд гучин гэр бүлийн хяналт дарангуйлалд байсан Монгол төр иргэдийнхээ элбэг хангалуун амьдрах хүсэл тэмүүллийг нэг удаагийн хавтгайруулж аргацаасан энэ мэт халамжийн бодлогоор удаа дараа дарж, өр зээлд ээрэгдсэн өнөөгийн түвшинд нь барьж ирсэн бодлогыг бүрэн халах цаг болсон гэж үзэж байна. Ерөнхийлөгч миний бие цаашид улсын төсөв, эдийн засгийг хямраан туйлдуулах зорилготой энэ мэт бодлогыг гүйцэлдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавих болно.Иймд Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилсон Улсын Их Хурлын тогтоолын зохих хэсэгт тавьсан энэхүү хоригийг хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байсан. Ерөнхийлөгч энэхүү хоригоороо Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг монголын баялагийг сорж буй 30 гэр бүлийн нэг гэдгийг зарлалаа. Ерөнхийлөгчийн хийсэн энэхүү мэдэгдэлээс хэд хэдэн асуулт тодорхойгүй байна. Тодруулбал,
1. Ерөнхийлөгч 30 гэр бүл гэдэг тоог хаанаас гаргаж ирсэн бэ. Ямар үндэслэлээр үүнийг ярьж байна вэ?
2. Ерөнхийлөгч монголын баялагийг сорж буй 30 гэр бүлийг яаж нотлох вэ?
3. Энэхүү 30 гэр бүлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орсон гэдгийг ямар баримтаар нотлох вэ?
4. Үүнийг олон нийтэд зарлахгүй байх ямар нэгэн шалтгаан байна уу?
5. Монголын баялагийг 30-хан гэр бүл сорж байгаа бол 30 гэр бүлийн нэрийг зарлаж, хуулийн байгууллагаар шалгуулах уу?
Ерөнхийлөгч хориг тавихдаа 30 гэр бүлийг дахин дурьдаж, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнд багтдаг хэмээн хэллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ярьсан зүйлээ нотлох хэрэгтэй. Үнэхээр монголын баялагийг 30 гэр бүл хувааж иддэг бол хуулийн байгууллага шалгаж, зохих ёсны шийтгэлийг нь хүлээлгэх ёстой. Энэ гэмт хэрэгт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар орсон бол хуулийн дагуу шалгагдах ёстой. Үүнийг зарлаж чадсан юм чинь нотлох хэрэгтэй. Хэрвээ Ерөнхийлөгч нотлож чадахгүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээж чадах уу.Таньд зөрчлийн хууль үйлчлэх үү. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ДНЭМБН-ын удирдах зөвлөлд анх удаа Монгол хүн сонгогдлоо
Дэлхийн Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нийгэмлэг (ДНЭМБН)-ийн Удирдах зөвлөлд Ази тивийг төлөөлөн НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Б.Цогтбаатар сонгогдлоо. Италийн Ром хотноо энэ сарын 23-27-нд тус нийгэмлэгийн чуулга уулзалт амжилттай болж, удирдах зөвлөлд гурван хүнийг томилсон байна. Этиопын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ebba Abbate, Германы Роберт Кохын нэрэмжит институтын захирал Lothar Wieler нар сонгогджээ.
Тус нийгэмлэгт 90 гаруй орны 120 гаруй нийгмийн эрүүл мэндийн байгууллагууд гишүүнчлэлтэй байдаг аж. Гишүүн орнуудын дунд дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чиг хандлага, хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлд хувь нэмрээ оруулахаар ийнхүү анх удаа Монгол хүн сонгогдож байгаа аж.
Уулзалтаар дэлхийн хүн амын эрүүл мэндийг сайжруулах арга замууд, сүүлийн үед гарч буй халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ирээдүйн чиглэл, хэтийн төлөв, байгууллагын хөгжлийн талаар ярилцсаны дотор агаарын бохирдол, хүүхдийн эрүүл мэнд, нас баралтаас урьдчилан сэргийлэх, хянах чиглэлийг түлхүү хэлэлцсэн байна.
ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ
ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тогтвортой үргэлжилнэ гэдгийг дуулгалаа. Тус сангаас манай улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жоэф Готтлиф болон суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзсан юм. Өнгөрсөн зургадугаар сараас хойш зогсонги байдалд ороод байсан уг хөтөлбөр хэвийн үргэлжилж хөрөнгө оруулагчид санхүүжилтээ олгохоор болов. Тэд Монгол улсын засгийн газрын бонд хэн ч төсөөлөөгүй үр дүн үзүүлж 800 сая доллар босгосоныг тодотгосон байна.
Энэ хүрээнд У.Хүрэлсүхийн Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулж, аль болох давсан орлого, нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгаж бонд гаргахаас зайлсхийх болно гэдгийг дуулгалаа. Мөн шинэ Ерөнхий сайд томилогдсон дариудаа ОУВС-ийн захирал Кристин Лагердад хөтөлбөрийг үргэлжлүүлэхийг хүссэн албан захидал илгээсэн нь цаг үеээ олсон зөв зүйл болсон гэж онцолжээ.
Жорлонд унасан нярайн биеийн байдал сайн байна
Өчигдөр (2017.10.30) Баянхонгор аймагт нэгэн эмэгтэй яаралтай эмнэлгийн тусламж авч амжилгүй нийтийн бие засах газарт төржээ. Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн хоёрдугаар салааныхан жорлонд унасан нярайг гарган авч амь насыг нь аварчээ. Албан хаагчид эх, нярай хоёрыг яаралтай түргэн тусламжийнханд хүлээлгэн өгсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ. Санамсаргүйгээр бие засах газарт төрсөн тохиолдол нийслэл, орон нутагт цөөнгүй гардаг. Өнгөрсөн гуравдугаар мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж жорлонд унасан нярайг цаг алдалгүй гаргаж амь насыг нь аварсан байдаг. Тухайн үед эх нь яаралтай эмнэлгийн тусламж дуудаж амжилгүй жорлонд төрсөн байдаг.
ТҮЦ-үүд хоноод удсан хуушуур, перошкин худалдаалж байна
Ерөнхий боловсролын сургууль болон зам дагуу байрлах ТҮЦ-үүд хадгалах хугацаа нь дуусч 1-3 хоносон гурилан бүтээгдэхүүн, хуушуур, бууз, пирошки, чанасан өндөг, ороомог, кимбаб, зайдас зэргийг борлуулдаг болохыг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоож, устгалд оруулжээ.
Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч нар өчигдөр (2017.10.30) 126 түргэн үйлчилгээний цэгт гэнэтийн шалгалт хийхэд эдгээр зөрчил илэрсэн байна. Шалтгалтад хамрагдсан ТҮЦ-үүдийн долоо нь худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй байжээ. Худалдаа эрхэлж байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь 2-3 иргэн дамжсан түрээсийн үндсэн дээр ажиллалаг байна.
Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо энэ сарын 27-29-ний өдрүүдэд ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгууллаа
Ази тивийн 15 улсын 27 багийн 150 гаруй тамирчид оролцсон уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа түрүүлж, тивийн аварга боллоо. Дасгалжуулагч С.Тулгын удирдлагаар, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нарын бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар илүүрхэж, хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялан финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсон бөгөөд Э.Дөлгөөн тэмцээний MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.
М-Си-Эс Групп нь багийн спорт болох сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэхийн тулд олон жил идэвх чармайлттай ажилласан бөгөөд ялангуяа М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сагсан бөмбөгийг тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх, баг тамирчдын ур чадварыг улам сайжруулах чиглэлд анхаарч ирсэн билээ.
Энэ удаагийн тэмцээнд, группээс М-Си-Эс Кока-Кола, Юнител компаниуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэгчээр оролцжээ. М-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын 3х3 сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд Токио 2020 олимпийн зуны наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрөлд Монголын сагсчид амжилт гаргах боломж нээгдсэнийг сүүлийн жилүүдэд үзүүлсэн ялалтын буухианаас харж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Маргаашнаас эхлэн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
Гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-ээс эхлэн 50-100 хувь хөнгөлөхөөр болсон билээ.Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 21.00 - 06.00 цагийн хооронд 100 хувь хөнгөлөх юм. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал мөрдөнө.
Мөн өвлийн улиралд 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөх юм.
Төрийн албаны зөвлөлөөс "Цээж" гэж бичүүлэхээр шийдвэрлэв
БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр монгол хэлэнд маргаан дагуулдаг эргэлзээтэй үгсийг нэг мөр болгож журамласан 700 үгний жагсаалтыг гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс энэхүү жагсаалтанд багтсан "чээж" гэх үг утгын алдаатай болсон гэж үзсэн тул 2017 оны хичээлийн жилээс эхлэн сурах бичигт хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичихээр шийдвэрлэжээ. Энэ дагуу Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдад "цээж" хэмээн бичнэ гэж зааж эхэлсэн байна.