Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын хөдөлгөөнд оролцогчдын дунд тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохионы хэрэглээг хуулийн хүрээнд цэгцлэхийг ЦЕГ-т үүрэг болгосон. Энэ дагуу Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинэ хэлбэрээр эрчимжүүлсэн хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Шалгалтаар нийслэлийн хэмжээнд авто замын хөдөлгөөнд оролцохдоо тусгай дуут болон гэрэл дохиог холбогдох журам зөрчин хэрэглэсэн 77 тохиолдлыг илрүүлж, журамласан байна.
Зөрчил гаргасан иргэдээс нэг нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх эрхгүй, тав нь зөвшөөрлийн хуудсыг засварласан байсан бол үлдсэн нь орон нутаг, улсын чанартай шулуун замд хэрэглэх тусгай дуут болон гэрэл дохиог нийслэлд ашигласан, өөр өнгийнхийг байршуулсан зэрэг зөрчил гаргажээ. Иймд тэдний дуут болон гэрэл дохиог хурааж замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн дагуу зөрчлийн хуулиар 100 нэгжээр/ 1нэгж нь -1000 төгрөг/ торгох хуулийн арга хэмжээ авчээ. Мөн журам зөрчигчдийн дунд энгийн иргэд, албан байгууллагуудын жолооч, төрийн байгууллагын өндөр албан тушаалтнууд ч байжээ.
Замын цагдаагийн газраас мэдээлснээр 2017 оны 10 сарын байдлаар улсын хэмжээнд тусгай дуут болон гэрэл дохио ашиглах 900 гаруй зөвшөөрөл 420 байгууллагын эзэмшилд олгожээ.