“Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг Монгол түмний нэг нэгэндээ хайр энэрэл, урам зориг, сэтгэлийн дэм өгч, нийгмийн сайн үйлсийг нэгээр нэмэхээр “ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2010 оны 11 сарын 1-ний өдөр хүнд өвчин туссан Э.Удвал охинд зориулан “Том Болоорой Удвал” нэртэй кампанит ажил өрнүүлэн, монголын ард түмний өглөгч сайхан сэтгэлийн үр дүнд Удвал охины эмчилгээний зардалд 25 сая төгрөгийг цуглуулж байсан.
Энэ жилийн хувьд охидыг хүчирхийллээс хамгаалах, охиддоо хайр, халамж, хамгаалалт өгөөч ээ гэж аавууд, залуучуудаа уриалахаар “Өгөх Өдөр Хөдөлгөөн” ТББ, “Лантуун Дохио” ТББ-тайгаа хамтран "Нүдээ нээ" үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлэн ажиллаж байна.
“ҮНДЭСНИЙ ӨГӨХ ӨДӨР”-ийг анх БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Баярсайхан санаачлан найм дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон сайн үйлсийн аян зохион байгуулсан Б.Баярсайхан өнгөрсөн жил БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдаад байгаа билээ. 2017 оны долоодугаар сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь халах шийдвэр гаргасаныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Б.Баярсайхан хууль бусаар ажлаасаа халагдсан гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандаж шалгуулсан бөгөөд шүүхээс Засгийн газрын шийдвэр нь хууль бус байна гэсэн шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан байдаг.