Ирээдүйн залгамж халаа болсон хүүхдийн ирээдүй томчуудын гарт “сүйтгэгдэж” байна. Хайртай дотны хүмүүсийнхээ гарт хохирсон, харамсалтайгаар амиа алдсан бяцхан иргэд нэмэгдэж байгаад эцэг эхчүүдийн зүрх шимширч, цаазын ялыг сэргээх түвшинд яригдаж эхэллээ. Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Лантуун дохио” ТББ-аас охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” аяныг орон даяар эхлүүлээд байгаа. Энэ талаар тус төвийн тэргүүн Ч.Ганхжавхлантай ярилцлаа.
Монголчууд сүүлийн нэг сард гэнэт ийм аймшигтай хэрцгий болсон юм биш.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Нүдээ нээ” аян зөвхөн охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна уу. Хүчирхийлэлд өртсөн хөвгүүдийн тухай юу хэлэх вэ?
-Энэ аян нь зөвхөн охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалаагүй. Бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудал өнөөдөр аюулын харанга дэлдээд байна. Хүчирхийлэлд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн аль нь өртөж болно. Үүнд зөвхөн бэлгийн асуудал яригдахгүй. Бие мах бодид нь шууд халдах, сэтгэл санааны зэрэг өргөн цар хүрээнд яригдна. Манай байгууллагад гэхэд л хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүд тоолохын аргагүй хэдэн зуугаараа ханддаг. Хүчирхийллийн эсрэг тэмцэл гэдгийг хүмүүс зөвхөн ТББ-аар хардаг. Гэтэл энэ бол хүн болгонд хамаатай. Энэ нь аль нэг хууль зүйн яам, цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил биш юм.
- Нийгмийн хэсэг бүлэг иргэдийн хувьд хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийг мэдээлснээр өөрөө асуудалд орно гэж үзэх нь бий. Таны хувьд энэ талаар юу гэж боддог вэ?
- Хүмүүс надад хамаагүй мэтээр хандаж явсаар байгаад энэ асуудал даамжирч аюултай түвшинд хүрлээ. Энэ асуудал гэнэт өнөөдөр л яригдаж байгаа хэрэг биш.Чимээгүй байгаад бид хүчирхийлэгчдийг давраасан байна.Одоо бол “нүдээ нээх ” цаг нь болсон. Иргэн бүр ухамсартай хандах шаардлага гарч байна. Тухайлбал, 10200 хүнтэй хороонд нэг цагдаа ажилладаг. Тэгвэл иргэн бүр ухамсартай, үүрэг хариуцлагатай хандаж чадвал тухайн хороонд 10 мянган цагдаа байж болно. Ямар нэгэн байдлаар олон нийтийн газар, хөрш айлд нь хүчирхийлэл гарлаа гэхэд мэдэгдэх л үүрэгтэй. Ингэснээр нийгэмд далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа ахуйн шинжтэй үйлдэгддэг хүчирхийллийн гэмт хэрэг буурна. Үүний зэрэгцээ хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн байгууллага ажлаа хийх ёстой. Иргэний оролцоо, эцэг эхийн хамтын ажиллагаагүйгээр хүчирхийллийг бууруулна гэвэл хэзээ ч бүтэхгүй.
- “Нүдээ нээ” аяны хүрээнд найман долоон хоногийн жагсаалыг хийж, албан байгууллагуудад уриалга гаргасан. Олон нийтийн зүгээс хүчирхийллийн эсрэг хүүхдийг хамгаалахад дорвитой арга хэмжээ авч ажиллахыг хүсч байгаа. Танай байгууллагын зүгээс цаашид ямар ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бэ?
- Энэ тэмцлийг олон жигүүртэй хийж байгаа. Тэмцэл заавал гудамжинд жагсаж орилохын нэр байдаггүй. Миний хэлсэн хувь хүний оролцоо бол тэмцлийн маш хурц хэлбэр юм. Үүнтэй адил манай байгууллага төв талбай, аймаг орон нутагт жагсаал хийж, албан байгууллагуудад уриалга гаргаж, холбогдох шаардлага хуулийн төслүүд дээр ажиллах хуульчдийн баг гарган ажиллаж байна. Шаардлагын тодорхой бүх нөхцөлүүдийг бүрдүүлсэн. “Нүдээ нээ” аянд маш олон ТББ, гарын үсэг зурах иргэдийн тоо нэмэгдэж байна. БШСУЯ, бусад яам, тамгын газар, Их дээд сургууль, фэйсбүүк, твиттерт хүмүүс нэгдэж байна. Аяны гол зорилго бол бодитой тогтолцооны асуудал юм. Үүнд хууль журмыг сайжруулах, зочид буудлуудын дотоод журам, стандартын асуудлыг ярьж байгаа.
Бид зөвхөн нэг, хоёр зочид буудлыг хааснаар гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэж хэлж чадахгүй. Энэ бол бодлогын түвшинд анхаарах ёстой ажил болж байна. Нэг хэрэг гарахад шуугиад өнгөрөх биш урт хугацааны тэмцлийг явуулж байгаа юм. Бид тэмцэж байна гэж хэлж болох юм. Мөн гэмт хэрэг хамгийн их үйлдэгддэг Баянхошуу, Жанцан, 21 дүгээр хороо, Баянзүрх, гэх мэт бүсэд хүүхэд хамгааллын “Ид шидийн орон” цогцолборыг барьж байгуулсан. Нүдэнд харагдах зүйл гэвэл үүнээс илүү бодит зүйл гэж байхгүй. Засгийн газар хэдэн 10 жил ярьсан боловч хэрэгжүүлээгүй. Улсын нэг л төв 16 хүүхэд хүлээн авах чадалтай бол ТББ-ын барьсан хамгаалах байр гэхэд 40 хүүхэд хүлээн авч байх жишээтэй. Өнөөдөр хүүхэд аймшигтай байдалд ороход хэн ч гэртээ авчирдаггүй. Хичнээн фэйсбүүк дээр лайк шэйр хийсэн ч шийдэл нь байдаггүй. Хүчирхийлэл зөвхөн сая дурьдсан нийслэлийн хэдэн дүүрэгт болоод байгаа хэрэг биш юм. Алс бөглүү газар, уулын энгэрт, хөдөө малчин айлд, Хөвсгөл, Баянхонгорт болж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс бид цаашид үйл ажиллагаагаа улам өргөжин тэлэх бодлого баримталж хүүхэд хамгааллын байр барихад анхаарч ажиллах нь бидний гол зорилго.
Тэмцэл гэдгийг зөвхөн цаазал гэж орилох биш.
- Танай байгууллагад хүчирхийлэлд өртсөн бага насны болон өсвөр насны хичнээн хүүхэд өнгөрсөн хугацаанд хандаж байсан тоо баримт дурдвал. Сэтгэл санаагаараа хохирсон хүүхдүүдэд ямар туслалцаа үзүүлдэг юм бол?
- “Лантуун дохио” ТББ нь аливаа хэрэг гархаас өмнө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулдаг. Хэдэн жилийн өмнө “хөршийн хариуцлага” гэсэн номыг гаргаж айлуудаар тарааж байсан. Нийт 45 зочид буудлын эзэдтэй уулзаж бага насны хүүхдийг анхаарах шаардлага тавьж, хуудас тарааж байсан. Энэ асуудлыг бид анх удаа яриад, хэрэгжүүлж байгаа зүйл огт биш юм. Таван жилийн хугацаанд ярьж, хэрэгжүүлж байгаа хэрэг. Манай байгууллагад л гэхэд хэдэн зуун хүүхэд холбогдож хандсан байдаг. Ямар ч төрлийн хүчирхийллийг сэтгэл санааны хохирол дагаж явдаг. Манай улсад сэтгэл санааны хохиролыг тогтоох, эмчлэх тал дээр боловсон хүчний болоод бодлогын талаасаа маш дутагдалтай. Энэ тал дээр бид илүү анхаарч ажиллана. Тэмцэл гэдгийг зөвхөн цаазал гэж орилох биш.
- Дэлхийн улс орнуудад аливаа хүчирхийллийн эсрэг иргэд нь хүчтэй дуу хоолойгоо нэгтгэж, тэмцдэг олон жишээг бид харж, сонсч байсан. Хэдийгээр манай улсад жагсаал цуглааныг зохион байгуулдаг боловч бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг буурахгүй нэмэгдэх хандлагатай байна. Бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхөд улс орны тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал нөлөөлж байна уу. Эсвэл өөр хүчин зүйлтэй холбоотой юу?
- Ер нь бол хүчирхийллийн гол шалтгаан хайр байхгүйгээс болж байгаа. Ядуурал, эдийн засгийн хямралтай хамаатуулж огт болохгүй. Өнөөдөр нэн ядуу, өлсгөлөнд нэрвэгдсэн Энэтхэгийн муж тосгон, Бангладеш, ямар ч байгалийн баялаггүй аймшигтай ядуу орнуудад өнөөдөр манай улсад гарч байгаа шиг гаж хүчирхийлэл гардаггүй.Энэтхэгт ганц ийм хэрэг гарахад муж болгоноос хэдэн сая залуус нэгдэн жагсаж, хуулинд өөрчлөлт хийж байсан. Гуравхан сая иргэдтэй манай улсад дайн байлдаантай улс оронд хүүхдүүд нь амиа алдах хэмжээнд хүчирхийлэлд өртөж хорвоог орхиж байна. Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу гэдэг шиг ямар ч ядуу хүнд хүүхдээ хайрлах сэтгэл байх л хэрэгтэй. Энэ бол хүн байх л асуудал, хүн чанар юм. Харин дэд шалтгаанд архидалт, ядуурал, ажилгүйдлыг хамааруулж болно. Суурь шалтгаан нь хайр байхгүй болсон.
- Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх тоон мэдээлэл байгаа. Энэ нь ахуйн хүрээнд л үйлдэгдсэн хэрэг үү,эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо юу?
- Хамгийн бага тоогоороо мэдээлэгдсэн байгаа нь 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Гэтэл хүчирхийлэлд өртсөн таван иргэн тутмын нэг нь өртдөг гэсэн судалгаа бий. Үүнийг таваар үржүүлбэл ямар тоо гарах нь ойлгомжтой. Алс бөглүү газарт үйлдэгдсэн гэмт хэрэг илрэхгүй байгаа. Саяханаас л Төв аймаг, Орхон, Ховд аймагт гурав, таван настай охиныг хүчирхийлсэн хэрэг илэрч эхэллээ. Энэ бол гэнэт мэдэгдсэн хэрэг биш. Асуудал хөндөгдөөд ирэхээр бусад хүмүүс зориг орж байгаатай холбоотой. Өмнө нь гарч байсан, үйлдэгдэж байгаа байнгын процесс л юм. Энэ талаар хууль хүчний байгууллага маш сайн мэднэ. Сошиал сайн муу талаараа хөгжсөний үр дүнд ийм хэргүүд мэдээлэгдээд байгаа. Тиймээс биш монголчууд сүүлийн нэг сард гэнэт ийм аймшигтай хэрцгий болсон юм биш.
- Олон нийтийн мэдээллийн цахим сүлжээнд хүчирхийлэл гэмт хэргийн холбогдолтой мэдээллийг түгээх хэт их “дэвэргэх” нь эргээд гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан гарч болох юм. Үүнтэй холбоотой цахим хүчирхийлэлд өртсөн хүүхэд танай байгууллагад ханддаг уу?
- Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг олон хувааж ярих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд мэдээлж байгаа хэргийн тунг нь тааруулах нь чухал. Тиймээс биш огт битгий мэдээл гэвэл болохгүй. Хэт их мэдээлнэ гэдэг нэг асуудал. Сэтгэцийн эмгэгтэй маш олон хүн өнөөдөр байна. Гэмт хэргийн талаарх мэдээллийг хэт их тавих нь гэмт этгээдүүдэд хүчирхийлэл үйлдэх сэдэлийг нь төрүүлж байдаг гэсэн судалгаа байдаг. Ийм асуудал бас гардаг. Үүнийг тас нуух хэт мэдээлэх хоёрын дунд л барих ёстой.
Цахим орчны хүчирхийлэл гэдэг бол хувийн мэдээллийг нь тухайн хүүхдийн талаарх хувийн мэдээллийг нь олж авсныхаа дараа сүрдүүлдэг. Үүний цаад шалтгааныг нь манайхан ойлгоогүй, мэдээлэлгүй байж дунд нь яс хаяад өгсөн нохой шиг цахим орчинд тэр хүн рүү дайрч давшилдаг. Хоорондоо алалцдаг. Цахим орчинд хүмүүс маш харгис болж байна. Энэ хүүхдэд юу тохиолдсон, яагаад наймхан настай охинд ийм асуудал үүсэх болсныг анхаарахгүйгээр шууд л биеэ үнэлэгч зэргээр дайрч давшилдаг. Үүнийг нь бага насны хүүхдийн сэтгэлзүй хүлээн авах чадваргүй байдаг учраас амиа хорлох гэх мэт эрсдэлүүд гарч байгаа юм. Манай байгууллага хүүхдүүдэд зориулан ховч хүүхэд сайт ажиллуулдаг. Хүүхэд өөртөө тохиолдсон асуудлыг сайтад нэр усаа нууцлан мэдээлдэг. Тэдний хувьд өөрийг нь дарамтлах, аюулыг ирсэнийг мэдээлэх хэлбэрээр ахуйн шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хайхрахгүй орхисон, эдийн засгаар дарамталсан асуудлаар ханддаг. Гэхдээ хүчирхийлэлд өртөөд байгаа хүүхэд бүр ухаалаг утастай, интернэт орчинд амьдраад байна уу гэвэл үгүй. Энэ бол нэг л хэлбэр юм. Бид паартай байшинд шилэн хоргонд суучихаад хүчирхийлэл яриад байгаа хэрэг биш.
- “Нүдээ нээ” аяны хүрээнд зочид буудлуудыг хаах шаардлага тавьсан уу?
- Зочид буудлуудын эзэдтэй дөрөв хоногийн өмнө уулзсан. Тэдний 60 хувь нь дэмжсэн бол 40 хувь цааргалж хүлээн авсан.
- Төр засгаас хүчирхийллийн эсрэг ямар бодлого баримтах хэрэгтэй гэж үзэж байна?
- Эрх баригчдаас ганц л зүйлийг хүснэ. Ажилдаа сэтгэлтэй хандаасай гэж хэлмээр байна. Хууль журам зохиуцуулалт нь муу биш. Хүүхэд хамгааллын бие даасан хууль байна. Эмч, цагдаа нар байгаа боловч ажлаа хийхгүй, цаасан дээр буусан тунхаг нь амьдрал дээр хэрэгжихгүй л асуудал яригдаж байгаа. Ажилаа хийхдээ сэтгэл гаргахгүй л байгаа юм.
- Хүчирхийлэлд бага насны хүүхэд, охид эмэгтэйчүүд, ахмад настанууд хамгийн түгээмэл өртдөг. Настай иргэдийг хамгаалах ямар арга хэмжээ авч ажилладаг, тэдэнд ямар асуудал тулгардаг вэ?
- Ахмад настануудын хувьд эдийн засгийн хүчирхийлэлд хамгийн их өртдөг. Тэдний тэтгэвэрийг барьцаалах буюу шууд хурааж авах асуудал их байна. Мөн шууд бие мах бодид халдаж зодох, гэмтээх зэрэг хэрэг гардаг. “Ид шидийн орны” хүрээнд ахмадуудыг бүртгэж аваад хувцас бэлэглэхээс авхуулан үзлэгт хамруулдаг. Гэхдээ бид төр засаг биш учраас чадлаараа л зүтгэж тодорхой хэмжээнд туслаж ажиллаж байна. Манай байгууллад жилд 10 орчим хүн ханддаг.
- Ярилцлагынхаа төгсгөлд өнөөдөр найм дахь жилдээ тохиож буй “Үндэсний өгөх” өдрөөр танай байгууллагаас ямар ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар хуваалцна уу?
- Өнгөрсөн долоо хоногт маш хар бараан өнгөрлөө. Тиймээс бид энэ өдрийг гэрэл гэгээтэй эерэг өнгөрүүлэх зорилгоор хүмүүст бие биенээ хайрлаач хэмээн уриалж байна.
Б.Цэцэг