8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаа нар Б.Батдэлгэрийн нойтон өлсгөлөнг хүчээр зогсоожээ

2017-11-02 09:40:24

Хэлмэгдэгсдийн музейн урд нойтон өлсгөлөн зарлаад байсан “Бүрэн цутгамал” ХХК-ны захирал  Б.Батдэлгэрийн тэмцлийг цагдаа нар өчигдөр 23:00 цагийн үед хүчээр зогсоожээ. Түүний амьдарч байсан майхан, эсэргүүцлийн лоозон уриаг хүчээр хураасан байна. 

Тэрбээр өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлэн хугацаагүй нойтон өлсгөлөн зарласан бөгөөд өөрийгөө орчин цагийн хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Түүнийг "Сант" сургуультай үүсгэсэн маргаанаас болж ийнхүү нойтон өлсгөлөн зарлаж байгааг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн юм. Учир нь тус хоёр байгуллагын маргаан 2013 онд эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа билээ. 

"Сант" сургуулийн өргөтгөлийн ажлыг 2013 онд  "Бүрэн цутгамал" ХХК хариуцахаар талууд гэрээ байгуулсан байдаг. Гэтэл “Бүрэн цутгамал” ХХК нь ажлаа гүйцэтгэж дуусгалгүйгээр гэрээгээ цуцалж, ажлаа орхин явснаас үүдэн  Сант сургууль  барилгаа цаашид өөр компаниар гүйцэтгүүлж дуусгажээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын маргааныг шийдвэрлээд, “Бүрэн цутгамал” ХХК нь “Сант” сургуульд 120 орчим сая төгрөгийн өглөгтэй болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл “Сант” сургууль нь “Бүрэн цутгамал” ХХК-д ямар нэг төлбөр төлөх үүрэггүй, харин ч авлагатай гэсэн үг. Одоогоор анхан шатны шүүхээс ийм байдлаар шийдэгдсэн. Шийдвэрт гомдол гаргах эрх нь аль аль талд нь байгаа аж.

 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл