Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг өргөн барихаар болсон. Харин түүний оронд ТЕГ-ын даргаар Т.Гэрэл томилогдохоор болсон байна. ТЕГ-ын дарга Т.Гэрэл гэж хэн бэ?. Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн.
Өмнө нь 2013 онд Н.Алтанхуяг сайдын үед ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад Б.Ариунсанд ажлаа хүлээлгэн өгч байсан. Тухайн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Би ганц агентлагийн дарга томилж болохгүй юу?" гэж толгойгоороо даана гэдгээ мэдэгдэж, ТЕГ-ын даргаар Б.Ариунсанг томилж байсан. Тухайн үед Т.Гэрэл дарга ТЕГ-ын даргаар зургаан жилийн хугацаагаар томилогдсон байсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад түүнийг халж байсан. Гэнэт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Т.Гэрэлийг эмнэлэгт хэвтэж байхад Засгийн газрын хурлаа хийж, халж байсан түүхтэй.
Н.Алтанхуяг ажлаас халсан шалтгаанаа тайлбарлахдаа “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгийн буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэсэн тайлбарыг өгч байлаа.
Түүнээс хойш 4 жилийн дараа дахин ТЕГ-ын даргаар томилогдоод байна. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтанаар ажиллаж байсан. Мөн Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байсан намтартай нэгэн.