НЗДТГ-аас нийслэлийн харьяа агентлагийн дарга нарын дунд “Ёс зүй-Сахилга хариуцлага” сэдэвт сургалт Хангарьд ордонд болж байна. Энэ үеэр Засаг дарга С.Батболд төрийн албан хаагчдад хандаж анхааруулга өглөө. Тэрбээр " Би та бүхэнтэй уулзахдаа шударга бай, төрийн албыг хууль тогтоомжийнх нь дагуу гүйцэтгэ, хувийн ашиг сонирхлыг битгий урьтал болго гэж үргэлж хэлдэг. Мөнгө улаан, нүд цагаан гэгчээр янз бүрийн хууль бус зүйлд орооцолдоод явбал Засаг даргын хувьд би та бүхнийг өмгөөлөхгүй. Төрийн хууль тогтоомжийн дагуу хариуцлагаа хүлээгээд явна шүү гэдгийг хатуу хэлье. Та бүхэн гишгэсэн мөрөө эргэж харж явах учиртай. Аливаа зүйлд гарын үсэг зурж хандах болгондоо би энэ ажлыг яаж хийх ёстой билээ гэдгээ бодож байх хэрэгтэй. Төрийн нэг мөнгө ч араасаа нэхэл хатуутай байдаг юм шүү. 60 жилийн турш та бүхний гаргасан, зарцуулсан мөнгө санхүүг хэзээ ч нээлттэй олны өмнө гаргаж ирэх бололцоотой. “Би энэ ажлыг хэдэн жилийн дараа өгөөд явчихна тэгээд бүх зүйлээ дуусна гэж бодож болохгүй" гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ АТГ-тай ирэх онд хамтран ажиллаж агентлаг тус бүрт сургалт явуулах юм байна. Улаанбаатар хотын дарга С..Батболд цаашид хөндлөнгийн болон дотоод аудит, хяналт шинжилгээний ажлыг сайжруулж, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.