Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ Ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж анхны хэлэлцүүлгээр батлах ажил үргэлжилж байна. Маргааш болох УИХ-ын ээлжит бус чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах байх. Энэ сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар орон сууц барьцаалсан зээлийн журамд өөрчлөлт оруулж, зээлийн хүүг таван хувь болгосон. Тодруулбал 100м.кв хүртэлх хэмжээтэй орон сууцыг таван хувийн хүүтэй зээлээр авах боломж нээгдсэн бөгөөд 100 м.кв-аас дээш хэмжээтэй орон сууцыг найман хувийн хүүтэйгээр авах боломжтой" гэлээ. Мөн "Найман хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэдийн зээлийн хүү таван хувь руу шилжинэ. Үүнийг сэтгэлийн хөөрлөөр ярьж байгаа юм биш. Арилжааны банкууд "Таван хувийн хүүтэй зээлийг гаргах боломжтой, эх үүсвэрийн асуудал, Монголбанктай хамтарч ажиллах тал дээр анхаарч ажиллаач ээ" гэж биднээс хүссэн. Зээлийн хүү буурсантай холбоотойгоор орон сууцны үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол байгаа. Салбарын яамны зүгээс орон сууцны компаниудаа өрийн сүлжээ, өндөр хүүтэй зээлийн дарамтаас гаргах зорилгоор худалдан авалтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж дэмжлээ. Тиймээс үүний хариуд ААН-үүд маань төрөө дэмжиж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үнээ хөөрөгдөхгүй байгаач ээ л гэж хүсч байна" гэсэн байна.
З.Баянсэлэнгэ: Орон сууц барьцаалсан найман хувийн хүүтэй зээлийг тав болголоо
2016-01-18 16:47:00