УИХ-ын нэгдсэн чуулганы энэ өдөр /2017.11.03/-ийн хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Парламентаар жил бүр ирэх жилийн улсын төсөв, түүний дараагийн хоёр жилийн төсвийн төсөөллийг хэлэлцдэг. Мөн өмнөх ондоо хэлэлцэж баталсан тухайн жилийнхээ төсөвт 2-3 удаа тодотгол хийдэг. Нэгэнт баталсан төсөвт дахин дахин нэмэлт өөрчлөлт оруулдаг, санхүүгийн сахилга батгүй байдлаа зогсоох хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан удаа дараалан шаардаж байсан. Тэрбээр энэ удаагийн хуралдаанаар мөн төсвийн реформ хийх хэрэгтэйг санууллаа. Гишүүд санал хэлэх үеэр Ж.Батзандан гишүүн үг хэлэхдээ “2018-2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг харахад, Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ буухгүй гэж харагдаж байна. 2018 онд 24 их наяд, 2020 онд 26 их наяд болно. Ирэх гурван жилдээ өрийн менежментэд өөдтэй юм харагдахгүй байна. Бид нийгмийн халамжийг бууруулж, халамжийн орноос хөдөлмөр эрхэлдэг улс орон болъё гэж олон жил ярьж байгаа ч Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөллийг харахаар нийгмийн халамжийн зардал өссөөр байна. Нийгмийн халамжийн хуулиар энэ жил 646, 2020 онд 735 тэрбум төгрөг зацуулахаар тусгажээ. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ жил -2 их наяд 420 тэрбум, 2019 онд -2 их наяд 105 тэрбум төгрөг байна. Иймд би шинэ Засгийн газар, шинэ Сангийн сайд төсвийн реформ хийгээч ээ гэж хүсч байна. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ, үргүй зардлыг яаж танах вэ, ирээдүйд үүсэх гээд байгаа зардлуудыг яаж хаах вэ гэдгийг ярьж, шийдэг байх хэрэгтэй байна” гэсэн юм. Тэрбээр цааш нь хэлэхдээ уул уурхай, тэр дундаа газрын тосны салбараас төсөвт оруулж буй орлого үйлдвэрлэлтэйгээ харьцуулахад хангалтгүй байгаад мөн төсвийн хөрөнгө оруулалтаар босгож буй барилга байгууламжуудын төсөвт өртөг нь харилцан адилгүй байгаад шүүмжлэлтэй хандав. Түүнчлэн төр аж ахуйн нэгжүүдэд лиценз олгочихоод дараа нь цуцалдаг, хариуцлагагүй байдлаасаа татгалзаж, аж ахуйн нэгжүүдэд олгох нөхөн төлбөрийн санхүүжилтийг шийдэж өгөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт захилаа.