Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 30,588 осол, хэрэг бүртгэгдсэнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас шалтгаалсан осол 865 бүртгэгдсэн байна. Үүний 555 нь буюу 64.1 хувь нь Нийслэл хотод гарчээ.
Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23,000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.Энэ нь Монгол Улсад 1 цаг тутам 2-3 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж байна гэсэн үг юм.Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзэлж байна.
Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхтэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.