Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охиныг орон даяар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 3-ны өглөөнөөс эхлэн сумын Засаг даргын 2017 оны 11 сарын 02-ны А/313 тоот захирамжаар Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа, Ц.Сугаржаваар ахлуулсан ажлын хэсэг өндөржүүлсэн бэлэн байдлаар ажиллаж, тус сумын төвд болон сумын төвөөс 20 км-ын зайд самналт хийж эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм. Мөн охины талаарх үнэн зөв мэдээллийг өгсөн хүнд таван сая төгрөг өгнө гэж Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдэгдсэн.
Охиныг Д.Сэржмядаг гэдэг бөгөөд 130-150 см өндөртэй. Хичээлдээ явахаар цүнхээ үүрээд гэрээсээ гарч, сураггүй алга болоод 4 хоног болж байгаа юм. Зарим эх сурвалжийн хэлсэнээр Д.Сэржмядаг охин хичээлээсээ хоцорсон тул багш нь оруулаагүй, түүнээс хойш алга болсон гэсэн мэдээлэл гарсан.
Үүнтэй холбогдуулан Замын үүдийн цагдаагийн хэлтэсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, ахмад М.Жаргалсайханаас тус хэргийн талаар тодрууллаа. Ахмад М.Жаргалсайхан хэлэхдээ “Одоогийн байдлаар алга болсон 8 настай охины талаар ямар ч сураг алга. Иргэдээс мэдээлэл ирээгүй байна. Гэрээсээ гарч явахыг нь харсан гэх нэг л хүн байгаа. Охиныг сургуулийн багш нь оруулаагүй гэсэн мэдээлэл худлаа. Сургууль дээрээ очоогүй. Өнөөдрийн байдлаар эцэг эх, сургуулийн багш, онцгой байдлын албан хаагч, сумын иргэдийн хамтарсан 56 хүн хайж байна. Эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд зарласан байгаа. Өмнөх өдрүүдэд 910 хүн оролцсон. Ямар ч сэжүүр алга” гэсэн юм.
Бид удахгүй охины эцэг эхтэй холбогдон мэдээлэл хүргэх болно.