8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгахыг шаардаж, Г.Ариунбаатар УИХ-ын даргад “дэлхийн дуучин” цомоо хадгалуулав

2017-11-07 18:40:00

Намрын сүүл сартай уралдан орсон анхны цас тун удахгүй айлчлах өвлийн бэлтгэлийг эрхгүй сануулж байна.  Олон нийтийн цахим ертөнцөд иргэд нийтийн тээвэр, машин дотроо олон цаг түгжирснээ гайхаж бас уртын харайлтын улирал улирч уран гулгалтын улирал айсуй хэмээн хошигнож эхлэв. Хүн бүр дор бүрнээ хальтирч унахгүйг хичээж, үүрийн таван жингээс үдшийн бүрийн хүртэл нийслэл хотыг цэмцгэр байлгахын төлөө хичээж ажилладаг ТҮК-ийн ажилтанууд, аж ахуй нэгжүүд хүрз жоотуу барьж цас цэвэрлэхтэй та магадгүй таарсан боловуу. Саяхан орсон цаснаар улсын болон хувийн аж ахуй нэгж байгууллагын 1000 гаруй ажилтан, албан хаагчид цас цэвэрлэхэд оролцжээ. Хэрвээ байгууллагынхаа гаднах талбайн цас, мөсийг цэвэрлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцох юм. Нийслэл хот энэ жил 17 тонн тусгай бодис, 3000 тонн давс нөөцөлсөн нь өмнөх жилтэй харьцуулбал өвлийн бэлтгэл ажлыг хангалттай базаасан гэнэ. Гэхдээ энэ эрчээрээ цас үргэлжлэн орвол дахин төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж байсан юм. Хөдөө орон нутагт хаагдсан гэх улсын чанартай автозамын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Ингээд Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Д.Дашдулам: Охиноо олохын тулд Замын-Үүдийг бүхэлд нь самнаж үзлээ

Энэ сарын 2-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болоод тав хонож байна. Охиныг эрэн хайх ажиллагааг орон даяар зохион байгуулж байгаа юм. Одоогоор ямар нэгэн сэжүүр таамаг олдоогүй болохыг хууль хүчний байгууллага мэдээлж буй. Д.Сэржмядаг охины аав Д.Дашдуламтай утсаар холбогдвол Замын үүд сумыг бүхэлд нь самнасан. Баруун хойшоо хөдөө орон нутгаар хайж үзсэн гэж байсан юм.

Баруун таван аймаг руу мялзангийн вакциныг илгээлээ

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь удаагийн вакциныг Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.Бог малын мялзан өвчний вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд үлдээх аж. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол  2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогдсон байна.

БНХАУ-ын иргэн Монгол Улсын иргэнийг “хөнөөлгөх”-өөр есөн сая төгрөг өгчээ

Монголчуудын дунд “Улаан” нэрээрээ алдаршсан БНХАУ-ын иргэн  Ү Жүн Ян нь иргэн Б.Ганхуягийн амь насыг хөнөөлгөх захиалга өгчээ. Түүний хэвлэлд өгсөн мэдээллээр ийнхүү амь насанд нь санаатайгаар халдах болсон шалтгаан нь уул уурхайн лиценз эзэмшлийн маргаанаас болсон аж. 

О.Баасанхүү. Тэр Ц.Нямдорж хаана байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандан "АСЕМ"-ын уулзалт нэрийдлээр улсаас их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгахыг шаардлаа.

Цөөн мөрөөр

  • Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа.
  • МУСТА, дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн бие даасан НАЯН БУЛГИЙН АЯЛГУУ  тоглолтоо 11 сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд тоглох гэж байна
  • Өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 12,5 тонн давс, хоёр тонн бодис цацсан байна.
  • Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух С-ыг гудамжинд явж байхад тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух Б, Ж, Б, А нар бүлэглэн “Samsung note-3” гар утас, хэтэвчтэй цахим үнэмлэх, бэлэн мөнгө дээрэмдэн зугтжээ.
  • Хархорин худалдааны төвийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид цагдаагийн байгууллагаас залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Г-г олж тогтоожээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл