8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Даваазул: Замын цагдаагийн хяналт шалгалтаар өнөөдрийн байдлаар 192 зөрчил илрүүлээд байна

2017-11-08 16:06:58

Цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар  улсын хэмжээнд “Тээврийн хэрэгсэлд  тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 156 иргэнд хуулийн хариуцлага тооцжээ. Энэ асуудлаар Замын цагдаагийн албаны дарга Б.Даваазулаас тодруулав.

-Тээврийн хэрэгслийн тусгай дуут гэрэл дохиог зөрчих тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон. Хуулийн хүрээнд ямар хариуцлага тооцдог вэ?

-Засгийн Газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу аравдугаар сарын 30-ны өдрөөс гудамж талбайд явуулсан замын цагдаагийн хяналт шалгалтаар өнөөдрийн байдлаар 192 зөрчил илрүүлээд байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу хуулийн хариуцлага  тооцож, мөнгөн торгууль ногдуулсан.  Ер нь бол та бүхэн мэдэж байгаа. Авто худалдааны төвүүдэд худалдаалдаг. Үүнийг хэн дуртай нэг нь авч замын хөдөлгөөнд давуу эрх эдлэх байдлаар зөрчил гаргах гэж  оролддог. Цаашид үүнийг мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран хяналтыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Замын цагдаагийн хяналт шалгалтаар тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй төрийн байгууллагууд хамрагддаг уу?

-Бид ЦЕГ-тай хамтран эрх бүхий найман байгууллагад өнгөрсөн сард шалгалт явуулсан. Тухайлбал, Гадаад харилцааны яам, Нийслэлийн төр захиргааны автобааз, Засгийн газрын автобааз, ИНЕГ-ын автобааз, ЦЕГ-ын автобааз зэрэг төрийн байгууллагын 1100  орчим тээврийн хэрэгслийг шалгаж, 102 зөрчил илрүүлэн нийт сая гаруй төгрөгөөр торгож хуулийн дагуу хариуцлага тооцсон.

-Тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөлтэй хичнээн тээврийн хэрэгсэл байна вэ?

-Хууль зүйн дотоод хэргийн сайдын А/62 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”  байдаг.  ЦЕГ-ын бүртгэл ажлын төвөөс өнгөрсөн онд 966 эрх бүхий аж ахуй нэгж байгууллагад зөвшөөрөл хүссэнээс 54-т нь олгоогүй. Үүнээс хойш дахин зөвшөөрөл олгохгүй байх талаар бид анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 1412 тээврийн хэрэгсэл тусгай дуут болон гэрэл дохио ашиглах зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн үүнтэй холбогдуулан олон нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдээс ирсэн гомдолд хяналт тавьж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд төлөвлөгөө боловсруулж байна.

-Тусгай дуут болон гэрэл дохиог дахин дахин ашигладаг зөрчил илэрдэг үү?

-Дахин ашигласан зөрчил байхгүй. Гэхдээ бид Стандарт хэмжилзүйн газар, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран холбогдох санал хүсэлтээ хүргүүлсэн байна. Тусгай дуут болон гэрэл дохиог худалдаалах тал дээр анхаарна.

 

Б.Цэцэг

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл