8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Ганбадрал: Өдөрт 10-15 хүн алга болдог

2017-11-09 09:09:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж байна.  Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан охин сураггүй болоод долоо хоног өнгөрсөн ч тодорхой сэжүүр олдоогүй болохыг ЦЕГ-аас мэдээлж байна. Тус газрын  хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадралтай цөөн хором ярилцлаа.

Өдөр шөнө, өвөл зунгүй эрлийн баг ажилладаг

-Д.Сэржмядаг охины талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Олон нийтийн дунд охиныг хил давуулсан байх магадлалтай гэх таамаг бий. Энэ талаар ямар нэгэн сэжүүр таамаг бий юу?

-БНХАУ-ын Өөртөө засах орны Эрээн хотод Монгол Улсаас охиныг эрэн хайх ажиллагааг явуулах хүсэлт тавьсан. Ингээд тус улсын холбогдох байгууллагууд эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

-Охины талаарх үнэн зөв мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлж байгаа. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Цагдаагийн албаны тухай хууль энэ онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд шинээр нэг бүлэг заалт нэмэгдсэн.Үүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагуудын үүргийг тодорхой зааж өгсөн. Эрэн хайх ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн иргэнийг тодорхой хэмжээний мөнгөөр шагнаж урамшуулах нь бас зүйтэй юм.

-Сүүлийн жилүүдэд хичнээн хүүхэд сураггүй алга болсон бэ. Тэдгээр хүүхдүүд  эсэн мэнд олддог уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 70 орчим хүүхэд сураггүй болсон гэж мэдээлсэн. Тэдний 24 нь олдсон. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдийн тухайд зарим нь олон удаа алга болдог, ар гэртээ таарамжгүй харилцаатай, PC тоглоомонд донтсон зэрэг тэнэмэл амьдралтай байх нь бий.  Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах АСАФ сан гэж байдаг. Энд цаг минут бүр алга болсон хүүхдийн тухай тоо баримт, мэдээлэл ирдэг. Энэ дагуу эрлийн ажиллагааг явуулдаг. Олдсон хүмүүсийн хэргийг нь хаадаг байгаа.

Өчигдөр Сүхбаатар аймагт Сүхбаатар суманд  15 настай охин малд яваад  алга болсон

-Одоогоор 24 хүүхдийг олсон бол үлдсэн хүүхдүүдийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юу?

-Эрэн хайх ажиллагааг үргэлж явуулдаг. Өдөр шөнө, өвөл зунгүй эрлийн баг ажилладаг гэсэн үг.

-Сураггүй болсон охиныг эрэн хайх ажиллагаанд хичнээн хүн оролцож байна вэ?

-Охиныг алга болсон эхний өдөр цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн маршрутын дагуу эргүүлүүд тодорхой хаягийн дагуу хайж үр дүнд хүрээгүй учраас цагдаагийн байгууллагын нэмэлт хүчээр 250 албан хаагч шөнийн 04:30 цаг хүртэл хайсан. Дараагийн өдөр шөнийн эрэл хайгуул үр дүнгүй болсон учраас Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт өргөн хүрээнд  байж болох газраар эрлийг үргэлжлүүлж байна. 

-Манай улсад хүний наймаатай холбоотой гэмт хэрэг хэр их гардаг вэ?

-Энэ чиглэлийн тоо баримт судалгааг холбогдох байгууллагаас авч хэлэх нь зүйтэй байх. Манай улс их өвөрмөц онцлогтой. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам нь сийрэг байдаг. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар аймагт Сүхбаатар суманд  15 настай охин малд яваад  алга болсон. Судалгаагаар авч үзвэл өдөрт дунджаар 10-15 хүн алга боллоо гэсэн мэдээлэл ирдэг.Тэдний 50 хувь нь өдөртөө олддог. Мөн 90 хоногоос дээш хугацаанд алга болсон иргэд олддог. Гэхдээ бүгд биш. Тухайлбал,2015 онд алга болсон гурван хүүхэд одоог хүртэл олдоогүй байна. Өнгөрсөн жил гэхэд Архангай аймгийн Орхон голд сэлэх гэж явсан дөрвөн хүүхэд өнөөдрийг хүртэл олдоогүй. Цагдаагийн байгууллага бүх нутаг дэвсгэрт энэ хүмүүсийг эрэн сурвалжлах ажлыг тасралтгүй явуулж байдаг.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл