УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж, хүлээж авсангүй.
Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгч та одоо "Женко" группын тэргүүн биш бүх ард түмний Ерөнхийлөгч гэдгээ ойлгож ажиллаач. УИХ-ын микрофон ашиглаад УИХ-ын гишүүдийн нэр хүндэд халдаад сууж болохгүй. Яасан их өшөө, хорсол юм бэ? Үндэсний баялаг бүтээгчидтэй сүүлийн 10 жилд хийсэн дайн тулаанаа зогсоо! Одоо боль! Та бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Тулга тойрсон улстөр хийхээ болъё. Хоолондоо хориг тавихаа болъё. Монгол Улс дипломат хоригт орчихлоо, Ерөнхийлөгч өө. Зургаан сараас хойш 2 сая тонн нүүрсийг экспортод гаргах борлуулалтаа танаас болоод алдчихлаа. Хэрэв 2012 онд таны гацаасан төмөр зам ашиглалтад орсон бол өнөөдөр жилд 5 сая тонн нүүрс экспортлоод 20 жилд 100 сая нүүрс экспортлох боломжтоо алдчихсан байна.Энэ бол 10 тэрбум ам.доллартай тэнцэх мөнгө шүү, Ерөнхийлөгч өө.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Би бүрэн эрхийнхээ дагуу хориг тавьж байна. Төрийн мөнгөөр хайгуул хийгээд зарж байна. Улс төрийг худалдаж байгаа хүнтэй эв нэгдэлтэй байж чадахгүй. Энэ хүмүүсийн төлөөллүүд хүчтэй орж ирж байна. Би ажил хийж, бизнес хийж, тэлэх тухай яриад байна. Монгол Улсын үндэсний эрх ашгийн эсрэг ярьж байгаа бол цаашид ч хориг тавина. Шинэ Ерөнхий сайд саяхан томилогдсон. 12 дугаар сарын эхэнд хаалттай хуралдаан хийнэ.