8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Төрийн сангийн зээлээр сураад сураггүй болсон иргэдийг зарлаж, Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг хүлээж аваагүй өдөр

2017-11-09 18:40:00

Гэгээн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн шинэхэн өдөр буурал түүхийн хуудаснаа хадгалагдан үлдэж байна. Өнөөдрийн таны ажил амжилт бүтээлээр дүүрэн байсан гэдэгт итгэлтэй байна. Гишгэсэн мөрөө эргэж нэг хар.Гутлын улныхаа хээг биш, хvн болж тереед хийж бvтээснээ, хэрхэн амьдарсанаа эргэж хар. Нигүүлсэнгүй байж чадаагүй хором бүрээ тунгааж бодоорой. Сайн сайхан амжилт бүтээлээ ч тэмдэглэ. Маргааш чамайг илүү сэргэг, илүү нигүүлсэнгүй байхад чинь энэ санамж тус болно. Өглөө босохоос орой унтах хүртэлх байр байцаа нэхэн санахдаа саарт нь гутарч, сайнд нь сагсуурах хэрэггүй. Учир нь маргааш таныг нэгэн шинэ өдөр угтах болно. Өглөө бүрийг шинэ өдөр, шинэ боломж хэмээн талархан угтаарай. Нийгэм улс төрийн амьдралд халуун сэдвүүд өрнөсөн энэ өдрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэх гэж байна. Шинэ сонин содон мэдээллээр дүүрэн тоймоо хүлээн авна уу.

Н.Ганбадрал: Өдөрт 10-15 хүн алга болдог

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа орон даяар үргэлжилж байна.  Хичээлдээ явахаар гэрээсээ гарсан охин сураггүй болоод долоо хоног өнгөрсөн ч тодорхой сэжүүр олдоогүй болохыг ЦЕГ-аас мэдээлж байна. Тус газрын  хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадралтай цөөн хором ярилцлаа. 

-Д.Сэржмядаг охины талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Олон нийтийн дунд охиныг хил давуулсан байх магадлалтай гэх таамаг бий. Энэ талаар ямар нэгэн сэжүүр таамаг бий юу?

-БНХАУ-ын Өөртөө засах орны Эрээн хотод Монгол Улсаас охиныг эрэн хайх ажиллагааг явуулах хүсэлт тавьсан. Ингээд тус улсын холбогдох байгууллагууд эрлийн ажиллагааг зохион байгуулж байна.

-Охины талаарх үнэн зөв мэдээллийг таван сая төгрөгөөр үнэлж байгаа. Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Цагдаагийн албаны тухай хууль энэ онд шинэчлэгдэн батлагдсан бөгөөд шинээр нэг бүлэг заалт нэмэгдсэн.Үүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагуудын үүргийг тодорхой зааж өгсөн. Эрэн хайх ажиллагаанд үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн иргэнийг тодорхой хэмжээний мөнгөөр шагнаж урамшуулах нь бас зүйтэй юм.

-Сүүлийн жилүүдэд хичнээн хүүхэд сураггүй алга болсон бэ. Тэдгээр хүүхдүүд  эсэн мэнд олддог уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 70 орчим хүүхэд сураггүй болсон гэж мэдээлсэн. Тэдний 24 нь олдсон. Эрэн сурвалжлагдаж байгаа хүүхдүүдийн тухайд зарим нь олон удаа алга болдог, ар гэртээ таарамжгүй харилцаатай, PC тоглоомонд донтсон зэрэг тэнэмэл амьдралтай байх нь бий.  Цагдаагийн байгууллагад эрэн сурвалжлах АСАФ сан гэж байдаг. Энд цаг минут бүр алга болсон хүүхдийн тухай тоо баримт, мэдээлэл ирдэг. Энэ дагуу эрлийн ажиллагааг явуулдаг. Олдсон хүмүүсийн хэргийг нь хаадаг байгаа.

Төрийн цагдаа руу салаавч гаргасан Ц.Баярцогтыг шүүх хурал дахин хойшиллоо

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүх байсан шүүх хуралдаан дахин хойшилжээ.Түүний тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэргээр шүүх байсан ч 20 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан байна.

Тэнгэрийн оронд байгаа ээждээ зориулж тэрлэсэн шүлгээ дуу болгон аавтайгаа дуулна

Хүний сэтгэлийн утсыг хөндөж, маш нарийн нугалаа гарган сэтгэл зүрхнээсээ дуулж байж ард түмэнд хүрнэ шүү дээ. Энэ бүх чанарыг агуулсан хүн бол дуучин Дээгий. Уран бүтээлийн тал дээр өөлөх зүйлгүй түүнд амьдрал тийм ч зөөлөн хандаагүй. Тэрээр насныхаа сайхан ханийг өвчний улмаас алдаж, түүний охин хайртай ээжээ аюулт өвчнөөр алдаж, эр ганц биеэрээ 10 нас хүрээгүй балчир охиноо хөтөлж үлдсэнийг монголчууд мэднэ. Дэлгэрмөрөнгийн охин Зөөлөнсийг манайхан андахгүй. Зөөлөнсийгийн хувьд жүжиглэх авьяастайн дээр Морин хийл хөгжмийг чадварлаг гэгч нь тоглодог. Тэгвэл бяцхан охин дахин нэг авьяасаа олон түмэнд нээжээ. Тэрээр тэнгэрт байгаа ээждээ зориулж шүлэг тэрлэсэн ба аавынхаа тоглолтон дээр үүнийгээ дуу болгон амилуулж дуулах гэнэ. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан яагаад ташуур хэрэглэдэг вэ?

Уянгалаг яруу хоолойгоороо олны дунд дуучин С.Жавхлан нэрээрээ танигдсан эл эрхэмийг үндсэрхэг үзэлдээ бат зогсдог гэдгийг нь хүмүүс андахгүй. Төрийг түшилцэх 76 гишүүний нэгээр сонгогдохдоо морь унаж, ташуур барьж, саарал ордоны босгоор давсаныг “Хэнээт” гэж харсан байж мэдэх юм. Тэгвэл гадны хүмүүст  УИХ-ын гишүүн С.Жавхланг Төрийн ордонд яагаад ташуур  барьж яваа нь тун сонин харагджээ. Түүний ташуур ямар учиртай болохыг тус  http://asiarussia.ru сайтад нийтэлсэн байсныг хүргэе. 

Нүүдэлчин монголчуудын 5000 жилийн турш хэрэглэж ирсэн ташуур нь зэвсэг гэхээс илүү хүч чадлын бэлгэдэл төдийгүй аливаа муу бүхнээс хамгаалдаг учиртай. Буриадуудын ташуур хэрэглэдэг энэ ариун уламжлал өнөөдөр ч хэв маягаа алдаагүйг УИХ-ын гишүүн С.Жавхлан харуулж буй.

ТАШУУР- ХҮЧ, АЗЫН БЭЛГЭ ТЭМДЭГ

Монголчууд таван мянган жилийн ємнє морь унахдаа хазаар, ташуур зэргийг ахуй амьдралдаа ашиглаж эхэлсэн түүхтэй. Эрт үеэс морьтон ард түмэн ташуурыг мал, сүргээ хариулахдаа голлон ашиглаж ирсэн. Мөн дайн байлдаар мордохдоо ч морины зохион байгуулалтыг хийхдээ энэ зэвсэгийг ашиглаж байсан гэдэг. Түүнчлэн чадварлаг дайчдыг ташуураар нь эмчилдэг байжээ.

Буриадууд нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь тусдаа ташуур хэрэглэдэг байсан. Айл гэрийн ноён хүн тахир урт бариултай ташуур хэрэглэдэг байсан бол эмэгтэй хүнийх нимгэн богино байжээ.

Морь унадаг хүүхдүүдэд ташуур бол чухал хэрэгсэл нь юм. Үүнийг зэвсэг болгон ашиглаж болно.  Нүүдэлчин монголчууд хүүхдээ бага наснаас нь морь унуулж сургадаг. Эдүгээ уг зэвсэг нь соёлын өвөрмөц ач холбогдол бүхий бэлгэ тэмдэг болжээ. Үүнээс гадна ташуурыг сахиус болгон дээдэлдэг ард түмэн. Хэрвээ хаалганы зүүн талд өлгөөтэй байвал гадны муу хүч орж ирэхээс хамгаалсан гэсэн үг. Малчид хээр тал шөнө хоноглохдоо муу ёрын сүнснээс хамгаалах, хар дарахгуйн тулд ташуураа дэргэдээ байрлуулдаг байжээ.

Дэлхийн түүхэнд  нэрээ үлдээсэн Тэмүжин Чингис хаан цолоор өргөмжлүүлэхээсээ өмнөх нэгэн домогт өгүүлснээр алтан ташуур бэлгэнд авсан байдагТэр ташуурныхаа хүчээр дайн байлдаанд ялалт байгуулж, хязгааргүй эрх мэдлийг олохдоо  дэлхийн талыг цэргүүдтэйгээ эзэлж байв.

Ташуур нь бариултай холбосон савхин бариултай.Сүүл хэсэг нь маш нягт учираас чийг татаж, арьс нь зөөлөрдөггүй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хэлэлцлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи ч Байнгын хороодын саналыг дэмжиж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд бичлэн оролцож 2017 оны төсвийн тодотголд хориг тавих болсон үндэслэлээ тайлбарласан ч ийнхүү дэмжлэг авч чадсангүй. 

Цөөн мөрөөр

  • Боловсролын зээлийн сангаас Төрийн сангийн зээлээр гадаадад суралцаад холбоо бариагүй иргэдийн нэрсийг зарлалаа
  • Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотыг чиглэсэн авто зам мөстөж хөлдсөн байна. 
  • УБТЗ  нэмэгдэл галт тэрэг гарган Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатарын чиглэлд аялуулахаар боллоо
  • Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын амралт орон даяар энэ сарын 3-наас эхэлсэн билээ. Хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт долоо хоног үргэлжилж, баасан гарагт буюу маргааш хичээл орно
  • Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл болон тус тойргоос УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан гишүүний зүгээс охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарлажээ.
  • Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригоос болоод хүүхдийн мөнгийг өгч чадахгүйд хүрээд байсан юм. Хоригийг УИХ хүлээж аваагүй тул хүүхдийн мөнгийг яаралтай олгохоор болж Сангийн яамнаас Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газрын данс руу шилжүүлж эхэллээ. Хоригоос болж хугацаа алдсандаа нийт эхчүүдээс уучлал гуйж байна" хэмээн бичсэн байна. 

 

Цөөн мөрөөр

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ВҮ ДИ ХАО
МИ ОВОГТ ХЯТАДЫН ДҮҮ БОЛОН ДАРВААН ГАЗРЫН НАЙМААЧНЫ ЭГЧ ХОЁР БАЙНА БИЛЭЭ. ХАГАРТЛАА БАЯЖСАН ХУЛГАЙЧУУД БАЙЖ ХЭДХЭН ЦААС БУЦААГААД ТӨЛӨХӨД ЮУНДАА ГОРОЙГООД БАЙГАА ГИЧИЙНҮҮД ВЭ.
2017/11/10 202.55.191.99